Latest Entries »

1990-ээд оны эхээр ардчиллын үнэт зүйлсийг зөвхөн либерал үзэл, философийн үүднээс туйлын өрөөсгөлөөр тайлбарлаж байсан зарим улс төрч Зэвсэгт хүчнийг татан буулгаж, хил хамгаалах алба, цагдаа төдийхөнтэй үлдэхийг уриалж байв. Аз түшихэд эрх чөлөөт нийгмийн үзэл санааг төрт ёс, уламжлал, үндэсний үнэт зүйлсээс зориудаар салган сөргөлдүүлэх сонирхолтой тийм хүмүүсийн дуу хоолой тэгтлээ чанга сонсогдоогүй тэгсгээд дарагдсан юм. Өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчин чухам Монголын шинэ тутам ардчиллын даяаршсан бэлгэдэл болж чадсан ба хориод жилийн өмнө тийнхүү үгүйсгэгчдэд харин юу бодогдож байдаг бол?

Монголын ардчилал олон бэрхшээлийг туулсан. Улс төр, иргэний эрх чөлөөг нийгэм, эдийн засгийн эрх чөлөөгөөр бататгаж чадаагүйн улмаас иргэд төрд итгэх итгэл буурсаар байна. УИХ, Орон нутгийн сонгуулийн ирц давшингуй буурч байгаа нь үүний бэлэн нотолгоо. Ардчиллыг хамгийн муухайгаар харагдуулдаг авлигад Монголын төр, нийгэм бууж өгөх дээрээ хүрээд байна. Хэдий тийм боловч Монголын ардчилал үндэсний зөвшилцлийн хэлбэрийг олж, туйлшрал, мугуйдлалаас харьцангуй ангид байж чадсан ганц том амжилттай. Тэгвэл тэртээ хориод жилийн өмнө өндийх төдий байсан большевик маягийн либерализм өнөөдөр сэхээ авч, өрнөдийн ардчилал дахь хамгийн маргинал хэсгийн лоозон болсон “либертари” гэх мэт нэр томъёог өөртөө наах болов. Энэ удаад харин аливаа улсын оршин тогтнохын амин сүнсийг тээгч тусгай албаар шууд оролдох санаархлаа илтээр, гэхдээ мэхт аргаар гарган тавьж байна.

Аливаа тогтолцооны нэгэн адилаар тусгай алба бол өөрчлөгдөшгүй, шинэчилж болдоггүй зүйл биш. Харин ч түүхэн цаг үеийнхээ бүхий л өрнөлт, аюул эрсдэлийг хамгийн түрүүнд соргогоор мэдэрч байдгийн хувьд өөрөө тасралтгүй шинэчлэгдэж байх учиртай. Гэвч тусгай алба бол халдаж болохгүй, бусармагаар гар дүрж болдоггүй цор ганц зүйл мөн. Тусгай албанд тухайн үндэстэн-улсын чанад ой санамж, цочир мэдрэмж агуулагдаж байдаг. Тиймээс ч өөрийгөө хамгаалах анхдагч цочроог энд хүлээн авч, цааш улбаалан тэсч үлдэх, ялан дийлэхэд шаардагдах хүч, хэрэгслийг энд чандлан хадгалж байдаг учиртай.

Тэгвэл өнөөдөр “Эрх зүйн тогтолцооны шинэчлэлийг гүнзгийрүүлэх” нэрийн дор Монгол Улсын тагнуулын байгууллагыг хэсэгчлэн тасдаж, мөчлөн хуваах санаархлаа хуулийн төсөл боловсруулах гэсэн “соёлжсон” хэлбэрээр түлхэн урагшлуулж байна. Тагнуулын байгууллагыг “төрөл арилжуулах” зорилго бүхий эл төсөлд сөрөх тагнуулыг цагдаагийн гол гол чиг үүрэгтэй (эрүүгийн болон мөрдөн байцаах) нийлүүлэх, гадаад тагнуулыг жижиглэн үлдээхийг зорьж байгаа аж. Хамгийн ноцтой нь хууль санаачлагчид, түүнийг хөхиүлэн дэмжигч хэсгийнхнийг тусгай албаны талаар ямар ч практик мэдлэг, туршлагагүй хүмүүс бүрдүүлж байна. Ихэвчлэн эрх зүйн талын мэргэжилтэй, тэгэхдээ өөрийн бус гадаад улс, орны тусгай албадын талаар онолын төдий нимгэн мэдээлэлтэй тэдгээр хүмүүс тун хязгаарлагдмал хүрээнд өрнөж буй зарим яриа, хэлэлцүүлгийн үеэр үүнийгээ гадаад улсын туршлага, “ардчиллын загвар” мэтээр тайлбарлах болов.

Монгол Улс дэлхий нийтийн хөгжлөөс хоцорч, ганцаардан зожигорч бус хөл нийлүүлэн алхах учиртай. Тэгээд ч монголчууд аливаа шинэлэг зүйлсэд нээлттэй ханддаг, тусган авч өөриймшүүлэхдээ бусад үндэстнээс илүү зоримог байдаг. Хэдий тийм боловч гадны туршлага болгон манай хөрсөнд яв цав сууна, суугаад зогсохгүй нахиалж ургана гэж ойлгож огт болохгүй юм. Нийгмийн аливаа үзэгдэл бол тухайн үндэстний улс төрийн түүхэн замнал, ололт, сургамж, хүн ам зүйн болон нийгмийн соёл, сэтгэлгээний онцлогийн тусгал ба бүтээгдэхүүн байдаг. Тиймээс гадны туршлагыг өөриймшүүлэх гэж байгаа бол тухайн загвар, хэлбэр үүсэн бүрэлдэх болсон түүхэн цаг үеийн нөхцөл, шаардлага, хожмын хувьсал, өөрчлөлт, өнөөгийн ололттой талыг нь төдийгүй доголдол, дутагдлыг нь сайтар ухаж судалсан байх шаардлагатай. Үүн дээр мэдээж улс бүрийн нутаг дэвсгэр, хүн ам, сэтгэлгээний онцлог зэрэг үл хувирах (констант) хүчин зүйлийг заавал харгалзах ёстой юм.

Мөнөөх “их мэдэгчид” маань “АНУ, Германд ийм байдаг. Тийм учир ардчилсан нийгэмд нийцнэ” гэсэн үндсэн гаргалгааг дэвшүүлж байгаа аж. АНУ-ын Тагнуулын төв газар (ТТГ), Холбооны мөрдөх товчоо (ХМТ) бие даасан статустай, өөр өөр чиг үүрэгтэй, өөр өөр харъяалалтай нь үнэн. Дэлхийн олон оронд ч ийм жишиг бий. Гагцхүү ийм тогтолцоо нь ямар нэгэн зайлшгүй хэрэгцээ, шаардлагаас бий болгосон уу, аль эсхүл түүхэн үйл явдлын өрнөлтийн эрхээр өөрөө бүрэлдэн тогтсон уу гэдгийг зааглаж ялгах хэрэгтэй. Мөн өнөөдөр энэ жишгийн давуу талыг олж харахын хажуугаар сул талыг нь ч мөн адил харгалзан үзэх ёстой юм.

АНУ үүссэн цагаасаа хойш тивийнхээ үйл явдлаас бусдыг тэгтлээ сонирхдоггүй, “бусдын хэрэгт хошуугаа үл дүрэх” төрийн бодлоготой улс байсаар ХХ зуунтай золгосон ба энэ нь тус улсын өнөөгийн дүр төрхөөс эрс тэс ялгаатай. Үнэндээ XIX, ХХ зууны заагт л эхлээд Номхон далайн бүс нутагт, удаад нь Европт өөрийн стратегийн сонирхлыг бий болгож түүнийгээ хамгаалах болсон. Тиймдээ ч Дэлхийн нэг, хоёрдугаар дайны үед идэвхжсэн Стратегийн үйлчилгээний албыг эс тооцвол 1947 оныг хүртэл гадаад тагнуулын хүчирхэг байгууллагыг зохион байгуулсангүй. Харин улс орныхоо дотоодод гадаадын тагнан турших, хорлон сүйтгэх үйл ажиллагаатай зохион байгуулалттай тэмцэх шаардлага 1917 онд Орост гарсан хувьсгалтай холбоотойгоор тулгамдсан асуудал болж тавигджээ. Коммунист хувьсгалыг АНУ-д импортлох зорилго бүхий этгээдүүд зохион байгуулалтад орсон тул Ж.Эдгар Хүвэрийн удирдлага дор ХМТ-г байгуулж, Хууль зүйн департаментдаа харъяалуулсан байна. Чингэхдээ нэг талаас төрийн тогтвортой байдал, Үндсэн хуульт байгууллаа ил, далд бүхий л аргаар хамгаалах, нөгөө талаас ардчилсан улсын хувьд коммунист нам, түүнийг дэмжигч, талархагчдыг үзэл бодлоор нь хувьд ялгаварлан хавчихгүй байх гэсэн ацан шалаанд орохоор байсан тул ХМТ-ны эрхлэх ажлын хүрээнд зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийг оруулснаар сөрөх тагнуулын ба хууль сахиулах гэсэн хоёрдмол агуулга бүхий бүтцийг байгуулжээ.

“Хүйтэн дайн”-ы жилүүдэд ТТГ, ХМТ түүнчлэн техникийн тагнуулын үйл ажиллагаа явуулдаг Үндэсний аюулгүй байдлын агентлагийн бие даасан байдал ямар нэг хэмжээгээр зөвтгөгдөж байв. Дэлхийн бүс нутаг бүрт ашиг сонирхолтой, түүнийгээ “эрээ цээргүй” хамгаалдаг их гүрний хувьд байж болох төдийгүй зайлшгүй зүйл гэж ойлгогдож байлаа. Мөн улс төрийн тодорхой хүчин зүйл ч нөлөөлжээ. 1972-1974 онд Ерөнхийлөгч Р.Никсон өрсөлдөгчөө хууль бусаар тагнах зорилгоор тагнуул, сөрөх тагнуулын байгууллагыг улс төрийн зорилгоор ашиглахыг оролдсон “Уотэргейтийн хэрэг” гэгчийн дараа ТТГ, ХМТ-нд бүтцийн болон боловсон хүчний томоохон өөрчлөлтийг хийж, бие даасан байдлыг нь бэхжүүлэх талаар арга хэмжээ авсан байдаг.

Харин 2001 оны есдүгээр сарын 11-ний террорист халдлагыг урьдчилан илрүүлж, таслан зогсоож чадаагүй нь АНУ-ын тусгай албадын хувьд нэр төрийн томоохон цохилт болсон билээ. Энэ хэргийг мөрдөн шалгах комисс тагнуулын хамтын нийгэмлэгт багтах гадаад, сөрөх, техникийн болон цэргийн тагнуулын байгууллагуудын ажлын уялдаа холбоо сул, мэдээлэл цуглуулах, олзворлох, тэдгээрт дүн шинжилгээ хийх нэгжүүд хоорондын мэдээллийн урсгал удаашралтай, байгууллага, нэгжүүд хэт биеэ даасан, харилцан ажиллаж чаддаггүйгээс үүдсэн гэсэн үндсэн дүгнэлтэд хүрчээ. Үр дүнд нь 2004 онд Үндэсний тагнуулын захирал гэсэн шинэ албан тушаалыг ажлын албаны хамт байгуулж, гадаад, сөрөх, техникийн тагнуулын зохиомол зааг ялгааг арилгах, нэгтгэн удирдах чиг үүргийг түүнд өгөв. Мөн Дотоод аюулгүй байдлын департаментыг шинээр байгуулж, хууль сахиулах чиг үүрэг бүхий ихэнх байгууллагуудыг харьяалуулан сөрөх тагнуулын ажлаас заагласан байна.

Дэлхийн хүчирхэг тусгай алба гэгддэг Израилийн Моссад ч бие даасан таван тагнуулын байгууллагыг 1952 онд нэгтгэх замаар үүсэн бүрэлдсэн билээ. Өмнөх тогтолцоо нь хөрш араб орнуудын зүгээс шинэ тутам улсынх нь тусгаар тогтнолд заналхийлсэн дайнаас сэрэмжилж чадаагүй учир ийн нэгтгэн бэхжүүлэх арга хэмжээг Засгийн газар нь авчээ. Өнөөдөр Моссадыг нэн чадварлаг боловсон хүчин, төр, засгийн бүх талын эргэлзээгүй дэмжлэг, нэгдсэн удирдлага, оновчтой зохион байгуулалт нь дэлхийн тусгай албадын дотор онцгойлон ялгаруулж байна.

Энэ мэт дурдвал зохих жишээ олон байгаа ч үүгээр хязгаарлая. Энэ бүгдийг нуршсан нь бусдын туршлагыг хуулбарлахдаа хэлбэр төдийг анхаарч болдоггүйг жишээлэн харуулах зорилго агуулав. Манай орны хувьд ч нийгэм, улс төрийн давтагдашгүй өвөрмөц замналтай, туршлага, сургамжийн аль аль нь арвин тул аливаа шинэчлэлийг гүйцэлдүүлэхдээ өөрийн туулсан зам руу эн тэргүүнд өнгийж харах ёстой билээ.

1922 онд Дотоодыг хамгаалах газар (ДХГ) нэртэйгээр үүсэн байгуулагдсанаасаа хойш Монголын орчин цагийн тагнуулын байгууллага туйлын ээдрээ, нугачаатай зам туулсан. Ард түмнийхээ өмнө байгуулсан гавъяа, үйлдсэн нүглийн аль нь жин дарахыг дэнслэхэд хэцүү энэ байгууллагыг шинэчлэх түүхэн зайлшгүй алхмуудыг 1990-ээд оны эхэнд хийснээр тухайн үеийн Нийгмийг аюулаас хамгаалах яам (НАХЯ)-ыг татан буулгаж тагнуул, цагдаа, хил хамгаалах алба, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг бие даалган зохион байгуулсан юм. Ингэснээр Монголын тусгай алба нь тусгай албаныхаа чиг үүргийг л гүйцэтгэх, харин хууль сахиулах, түүгээр зогсохгүй хэв журам сахиулах болон цэргийн шинжтэй зарим чиг үүргээс салгаж, үзэл сурталгүйжүүлж, улс төрөөс салгаж чадсан түүхэн ач холбогдолтой зайлшгүй шинэчлэл байв. “Тагнуул бол цагдаа ч биш, мэргэжлийн хяналт ч биш, өөр том зорилго бүхий байгууллага” гэх ойлголт нийгэмд хэвшиж эхлэв. Үүнээс ч илүүтэйгээр авторитар дэглэмийн үзэл суртлын, хавчилгын хэрэгсэл, бүр өмнөх түүхэндээ залхаан цээрлүүлэлтийн хэрэгсэл болж байсан сөрөг үнэлэмжээ таягдан хаяж чадсан юм. Ийм шинэчлэл хуучин социалист системийн орнуудынхтай адил төстэй байдлаар хэрэгжсэн ч зарчмын хоёр асуудлаар бусдын туршлагыг шууд хуулбарлалгүй, өөрийн орны онцлог, тухайлбал, цөөн хүн амтай улсын өвөрмөц байдлыг харгалзан үзсэн байна. Нэгд, гадаад тагнуул, сөрөх тагнуулын үйл ажиллагааг задалж, бие даасан байгууллагад харьяалуулалгүй тагнуулын нэгдмэл байгууллагын бүрэлдэхүүнд хэвээр үлдээсэн юм. Хоёрт, ихэнх посткоммунист оронд гүйцэтгэсэн өмнөх дэглэмийн үеийн нууц эх сурвалжийн сүлжээг илчлэх “люстраци” (болхидуухан утгачилбал “гэрэл цохиулах” гэсэн үг) хэмээх үйл ажиллагааг хийхээс татгалзсан явдал юм. Өнөөгийн өндөрлөгөөс харахад эдгээр нь үнэхээр манай орны хүн ам зүйн болон нийгмийн сэтгэлзүйн онцлогоос үүдсэн зөв зүйтэй алхмууд байсан ажээ.

Орчин цагт аюулгүй байдлын салбарын шинэчлэл нь хүний эрхийг хамгаалах, ардчиллыг бэхжүүлэх, тухайн улс орон өөрөө шинэчлэлийг хэрэгжүүлэгч эзэн нь байх, өөрөөр хэлбэл, гаднаас хүчээр тулган хэрэгжүүлээгүй байх гэсэн гурван тулгуур зарчимд суурилах болжээ. Иймд тагнуулын байгууллага ч хууль ёсонд захирагдах, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх нийтлэг зарчмыг мөрдөхийн зэрэгцээ үйл ажиллагааны үр дүн, амжилтыг саармагжуулахгүй байх, тусгай албадын онцлог, шаардлагад нийцсэн зохист тэнцвэрийг хадгалах нөхцлийг ямагт эрэлхийлж байх ёстой юм. Харин өнөөдрийн хэлэлцэгдэж байгаа “шинэчлэл” гэгчид түүхэн ач холбогдол, зайлшгүй чанар огтоос үгүй төдийгүй ноцтой гэхэд дэндүү үй олон үр дагаврыг араасаа дагуулахаар байна. Ялангуяа өнөөгийн нөхцөлд тагнуулын байгууллагыг хэсэгчлэн тасдах нь тусгай албыг хэрэг дээрээ үгүй хийх эрсдэл дагуулна.

Нэгд, сөрөх тагнуулын ажил үндсэндээ зогсоно. Манай улсын эсрэг гадаадын тусгай албадын үйл ажиллагаатай тэмцэх, төрийн эсрэг гэмт хэргийг таслан зогсоох үндсэн чиг үүрэг бүхий сөрөх тагнуулын үйл ажиллагаа цагдаа, мэргэжлийн хяналтынхтай хутгалдана. Манай улсын эдийн засгийн өсөлттэй зэрэгцээд бусад улс, ялангуяа хөрш орнуудын эдийн засагтай харилцан хамаарал нэмэгдэх, түүгээр дамжуулан гадаад улсууд том ашиг сонирхлын үүднээс Монгол Улсын дотоод хэрэгт оролцох, нөлөөлөхийг оролдох, манай төрийн бодлого, шийдвэр гаргалтад шахалт, дарамт үзүүлэх, эдгээрийг гүйцэлдүүлэхийн тулд гадаадын тусгай албадын үйл ажиллагаа идэвхжих нөхцөл бүрдээд байгаа энэ үед үндэсний эрх ашгаа сөргүүлэн тавих хүчин мөхөсдөнө. Улс төр-эдийн засгийн бүлэглэлүүдийн сонирхол үндэсний эрх ашгаас дээгүүр тавигдаж, түүнд сөргөөр нөлөөлөх хандлага байгаа ийм цаг үед тэдгээрт хяналт тогтоох, сарниулах сөрөх тагнуулын хүч, хэрэгслийг тарамдуулан үгүй хийнэ. Хэрэг дээрээ сөрөх тагнуулыг хавчуулах замаар шинээр байгуулах гээд байгаа “Мөрдөх алба” гэгч нь эрүүгийн элементүүдтэй хөөцөлдсөөр цаг, нөөц бололцоогоо барж, үндэсний аюулгүй байдалд эрүүгийнхнээс дутахгүй заналхийлж байгаа “цагаан захтнууд”-тай тэмцэх эрх зүйн, хүч хэрэгслийн, цаг хугацааны ч боломж эрс хумигдаж үгүй болно. Чухам ийм үр дүнд хүргэх улс төрийн сонирхол байна уу гэсэн зүй ёсны хардлагыг төрүүлж байна.

Хоёрт, гадаад тагнуул хүчин мөхөстөж арчигдана. Дэлхийн шинэ дэг журам төгс төлөвшин тогтоогүй, олон төрлийн хүчин зүйлээс хамаарал бүхий тодорхой бус шинж чанартай, дэлхий даяар өрнөж буй улс төрийн үйл явц манай хувьд боломж, бололцооноос илүү эрсдэл, сорилт авчирч байгаа энэ цаг үед манайх шиг жижиг орны хувьд сөрөх тагнуулын дэмжлэгээс таслагдсан гадаад тагнуул гадаад мэдээний агентлаг, орчуулгын товчооны л ажлыг гүйцэтгэх хэмжээнд үлдэнэ. Манай улсын оршин байгаа бүс нутгийн эмзэг байдал нэмэгдэж, улс хоорондын уламжлалт зөрчлүүд арилах бус өсөх хандлагатай байна. Дэлхийн олон бүс нутагт бага эрчимт мөргөлдөөн, улс төрийн дэглэмүүдийн өөрчлөлт ар араасаа цуван хүчирхийллийн элементүүд нэмэгдэх хандлага нэгэнт тогтов. Эдийн засгийн хямралын улмаас хүчний төвүүдийн харьцаа таамаглагдашгүйгээр хувьсан өөрчлөгдөж байна. Иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдэж, даяаршихын хэрээр үндэстэн дамнасан гэмт хэргийн хохирогч төдийгүй оролцогч болох нь эрс ихэслээ. Ийм нөхцөлд жижиг улсын тусгай албад том гүрнийх шиг өөрийн бодлого, ашиг сонирхлоо түлхэх зорилготой сонгодог гадаад тагнуул гэхээсээ илүү үндэсний эрх ашиг, иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалахад чиглэсэн гадаад сөрөх тагнуулын ажлыг идэвхжүүлэх шаардлага тулгарч байна.

Гуравт, дүн шинжилгээний ажил өөрөө утгаа алдана. Үндэсний аюулгүй байдлыг тагнуулын аргаар хангах, түүнтэй холбоотой мэдээллээр төр, засгийн удирдлагыг хангах, түүнд шаардагдах арга хэмжээг төвлөрүүлэн зохион байгуулах хэвийн ажиллагаа үгүй болно. Үндэсний аюулгүй байдлын гадаад, дотоод орчны өрнөлт, өөрчлөлтийн талаар гадаад ба сөрөх тагнуулын чиглэлээр мэдээ олох, тэдгээрийг харьцуулан судлах, нэгтгэн дүгнэх, задлан шинжлэх дүн шинжилгээний ажлын уялдаа холбоо бүрмөсөн алдагдана. “Тагнуулын мэдээний дийлэнх хувийг ил эх сурвалжаас бүрдүүлдэг” гэх нийтлэг яриа байдаг нь ердөө дэлхийн улсуудын тусгай албадын хэрэглэдэг үгэн мэх төдий. Нууц эх сурвалжаас, далд аргаар мэдээлэл олзворлох агентур тагнуулын үнэ цэнийг үгүйсгэх төөрөгдөлд зарим мэргэжлийн бус хүмүүс, шийдвэр гаргагчдыг хөтлөн оруулдгаараа ийм дэл сул яриа ихээхэн хор уршигтай юм. Мөн технологийн хөгжилд хэт найдсанаас хүний оюунд байгаа мэдээллийг олзлох уламжлалт зорилтыг хэт үгүйсгэх, алсаас тандах, сансраас зураг авах зэргээр болзошгүй аюулыг зайлуулж чадна гэсэн бардамнал нь дэлхийн улсуудын тусгай албад шинэ зууны эхэнд терроризмын аюулыг урьдчилан харж чадалгүй “унтаад өнгөрүүлэх”-эд хүргэжээ. Иймээс энэ мэт төөрөгдөлд автахгүй байх нь нэн чухал.

Орчин үед мэдээллийн технологийн хөгжил, мэдээллийн урсгалын хурдац тасралтгүй нэмэгдсээр байгаа нөхцөлд мэдээллийг, ялангуяа явагдаж буй үйл ажиллагаа, тоо, баримтыг нууцлах нь улам бүр хэцүү болж байгаа ч улс орнууд гарт баригдах, нүдэнд үзэгдэх тоо, баримт, сэлт, биет объектыг гэхээсээ илүү хүний уураг тархи, хамтлагийн ой санамжинд л хадгалагдан үлддэг бодлого, сэдэл, зорилгоо нууцлах нь илүү үр дүнтэй гэх хандлагад шилжиж байна. Тиймээс дүн шинжилгээ, технологийн дэвшил хэдий чухал ч агентур тагнуулын ажлыг орлуулах, гүйцэтгэх ажилгүйгээр дүн шинжилгээ хийх тухай яриа байж таарахгүй юм.

Дөрөвт, тагнуулын бусад үйл ажиллагаа тасалдана. Гадаад тагнуул, сөрөх тагнуулын аль алинд нэгдсэн дэмжлэг үзүүлдэг, тэдгээрээс ч илүү нууцлалд байх учиртай техникийн, ажиглалтын зэрэг чиг үүргийг энэ маягаар бас л үгүй хийхээр болж байна. Тусад нь салгасан албадын шифр харилцаа, нууцлалыг ч салгах хэрэг гарна. Бүхий л программ хангамжийг солих, дахин зохиох ажил ундарна. Ингэснээр улсын хэмжээнд төрийн нууцын хадгалалт, хамгаалалтад ноцтой хохирол учирна. Учир нь, нууцад нэвтрэх боломж магадлалын хувьд хоёр дахин нэмэгдэнэ гэсэн үг. Байгууллагын төдийгүй төрийн түүхийн ой санамж болсон, өнгөрсөн жилүүдэд зохиогдсон бүхий л арга хэмжээ төдийгүй эх сурвалжийн талаарх мэдээ, баримт агуулсан тусгай архивын үйл ажиллагааг доголдуулж, хадгалалт, хамгаалалтын горим алдагдана.

Тавд, тагнуулын удирдлага, нөөцийн хямрал үүснэ. Хүний нөөцийн бодлого алдагдсанаар үндэсний аюулгүй байдлын бодлогын залгамж чанарт арилшгүй хохирол учруулна. Хувийн болон байгууллага, нэгжийн жижиг мөчөөрхөл (амбици)-ийг нийтлэг эрх ашиг, том зорилтоос дээгүүр тавих хандлага манай нийгэмд нэгэнт амь бөхтэй тогтсон өнөө цагт салгаж тусгаарласан тусгай албадын харилцан ажиллагаа, үр дүнтэй хамтарсан арга хэмжээ, төлөвлөлт, дүн шинжилгээний тухай ярихын ч аргагүй болно.

Тус тусдаа хэд хэдэн тагнуулын байгууллага бий болгосноор тусгай албадад ногдох төсвийн зарцуулалт өөрийн эрхгүй нэмэгдэж, төсөвт учруулах дарамт нэмэгдээд зогсохгүй татвар төлөгчдийн хөрөнгийг үр ашиг багатай зарцуулахад хүргэнэ. Хамгийн ноцтой нь, тусгай албадын улс төрөөс хамааралт байдал эрс нэмэгдэнэ. 1990-ээд оноос хойш тагнуулын байгууллагын удирдлагыг улс төрөөс аль болох бага хамааралтай болгох эрх зүйн зохицуулалтын эрэл хайгуул тасралтгүй хийгдсээр 2009 онд шинэчлэн баталсан хуулиар ТЕГ-ын удирдлагыг УИХ-ын сонгуулийн бүрэн эрхийн хугацаанаас зөрүүлж зургаан жилээр томилох, удирдах албан тушаалтанд тавигдах шаардлагад улс төрч бус, төрийн жинхэнэ албан хаагч байх зэрэг заалтуудыг оруулж өгсөн нь нэн чухал дархлаа болсон юм. Тэгвэл одоо яригдаж буй хувилбараар лав л “Мөрдөх алба” нь Хууль зүйн сайдын удирдлагад ажиллахаар болж байгаа аж. Тэртэй тэргүй нийгмийн амьдрал дахь улс төр ба улс төрчдийн оролцоо зохих хэмжээ, харьцаанаас хэтэрсэн манай улсад тусгай албаа сонгуулийн коньюктураас хамааруулах нь ямар үр дагавартай болох нь даанч ойлгомжтой.

Ийм олон, арилшгүй хор хохиролтой төслийг санаачлан дэмжиж байгааг тухайн хүмүүс мэдлэг нимгэн, туршлага хомс гэдгээр “уучлан” тайлбарлаж болох л юм. Хувийн бат хатуу итгэл үнэмшилдээ хөтлөгдсөн ч байж болно. Үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоо, хууль сахиулах байгууллагууд үндсэн үүргээ биелүүлж чадахгүй дутагдлыг арилгах гэсэн гэгээн эрмэлзэл, дэвшилтэт улсуудын туршлагыг нэвтрүүлэх гэсэн оргилуун тэмүүлэл ч байж болно. Үүнийг бичигч надад ч гэсэн иймэрхүү санаа төрж, түүнийгээ бусадтай хуваалцаж байсан цаг бий. Харин ямар ч санаа байсан хуулийн төсөл боловсруулах хэмжээнд хүртэл нь хэрэгжүүлэхдээ цөөхөн хүний хүрээнд явцууран “хуйвалдах мэт” ажиллаж байгаа нь дээр өгүүлсэн шиг гэнэн алдаа, дэврүүн сэтгэлийн аль аль нь биш гэх хардлагыг өөрийн эрхгүй төрүүлж байна. Хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт тагнуулын байгууллагаас бэлгэ тэмдэг болгож нэг хүнийг оруулсан ч түүний саналыг тусгах биш, харин олонхиороо түрий барин “унагаж” байгаа тухай Үндэсний тагнуулын академийн эрдэмтэн багш нар өгүүлж байна. Яагаад үндсэн байгууллагаас нь тэнцвэртэй тооны хүнийг төлөөлүүлэн оролцуулахгүй байна вэ? Тагнуулын байгууллагын үе үеийн дарга нарын санаа бодлыг яагаад сонсохгүй байна? Ийм эгзэгтэй асуудал дээр ҮАБЗ-ийн үе үеийн тэргүүн, гишүүдийн дуу хоолойг ч сонсох хүсэл зориг үгүй байна. Ялангуяа ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүмүүс бол манай улсын аюулгүй байдлын салбарын том сэтгэгчид. Өнөөдөр ихэнх нь дипломат албанд зүтгэж байгаа, өөрөөр хэлбэл төр, нийгмийн амьдралд хамгийн идэвхитэй оролцож байгаа хүмүүс атал тэдний мэдлэг, туршлагыг жаахан атугай ч ашиглахыг хүссэнгүй. Аюулгүй байдлын судалгааны чиглэлийн эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, энэ чиглэлээр дагнан ажилладаг судлаачид зохих түвшинд төлөвшин бэлтгэгдсэн атал хэлэлцүүлэг нь Үндэсний тагнуулын академи, Стратегийн судалгааны хүрээлэн, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн зэрэг байгууллагаас зориуд “дөлж” улс төр судлал, хууль, хүний эрхийн чиглэлийн цөөн хэдэн судлаачийн хүрээнд явагдаж байна.

Ингэхээр энэ оролдлого хэнд ашигтай байх вэ гэсэн асуулт өөрийн эрхгүй төрж байна. Лав л Монголын төр, ард түмэнд биш. Харин туйлын ашигтай байж болох хоёр л субъект байгаагийн нэг нь улс төрийн хүрээллийнхэн, нөгөө нь гадныхан болж таарч байна. Энэ өөрчлөлтийг хийснээр ихээхэн суларч доройтсон тусгай алба гэгч юм үлддэг юм аа гэхэд улс төрийн намууд, хувь улс төрчдөөс туйлын хараат болж хоцорно. Тагнуул төрийн хар хайрцагны бус, улс төрийн мөнгөний авдрын хэрэгсэл болж хувирна. Төрийн үйл ажиллагааны бусад салбарт хэдийнэ нэвтэрч, дийлдэхээ больсон үзэгдэл болох хэт улс төржилт, улс төрийн шалгуураар хийх халаа, сэлгээ тусгай албыг бүрмөсөн эзлэн авна. Тагнуулын байгууллагын чандлан хадгалж байх сүүлчийн бэхлэлт болох нууц эх сурвалжийн сүлжээ мөн хуваагдан задарч, улс төрчдийн гарт орно. Засгийн эрхэнд гарсан улс төрийн хүчин тухайн цаг үеийн ашиг хонжоо, хөөрөл, хийрхлээс шалтгаалаад энэхүү сүлжээг нэг бол устгаж үгүй хийх, нэг бол задалж илчлэх сэдэл үүснэ. Ийм “таатай” нөхцлөөс манай улс төр, улс төрчид татгалзахгүй л болов уу. Харин хохирогч нь Монголын төр, ард түмэн байх болно. Би энд “төр, ард түмэн” гэдэг үгийг зүгээр утга уянгын чанартайгаар хэрэглэсэнгүй, бодит, шууд утгаар нь зориуд бичиж байна. Ийм үйлдэл гарах аваас эцэс сүүлд нь нэг бол Монголын төр аюулын олон хүчин зүйлийн өмнө бүрмөсөн хүчин мөхөстөж, харах нүдээ сохолж, сонсох чихээ таглах болно, эс бөгөөс дэлхийн олон улсад гарсан шиг эцэс төгсгөлгүй өс хонзонгийн давалгаанд нийгмээ автуулж цочир түргэн биш, ужиг удаан хямрал самууныг дэгдээнэ.

Эцсийн бүлэгтээ үүнийг манай улсын аюулгүй байдлын орчныг улам эмзэг болгохыг сонирхогч, эрмэлзэгч хүчнүүд хүсэмжлэх нь нэн магадлалтай. Монгол Улс геополитикийн том тоглогч биш хэдий ч дэлхийн эдийн засгийн хуваарьт өөрийн гэсэн байр суурийг аажмаар эзэлж, гео-эдийн засгийн нэгэн тоглогчийн хэмжээнд гарч ирж байна. Гэхдээ үүнтэй зэрэгцээд нийгмийн дархлаа нь сул, аюулгүй байдлын орчин нь эмзэг байна. Яг ийм үед үндэсний аюулгүй байдлаа хангах тогтолцоог нь сайтар сэгсчүүлэн донсолговол дархлаа нь улам суларч, гадны нэвтрэлт, цохилтыг мэдрэмж, эсэргүүцэл багатай хүлээн авах нөхцөл бүрдэх юм. Үүнийг л гадны хүчин, томоохон аж ахуйн нэгж, үндэстэн дамнасан бүлэглэлүүд хүлээж суугаа нь ойлгомжтой.

Улс төрчийн хүрээллийн болон гадныхны ашиг сонирхол ийнхүү нэгнээ нөхцөлдүүлэн уялдаж болохыг маргаангүй үнэн хэмээн нотлохыг энд зорьсонгүй. Тэгж нотлох баримт нь ч надад алга. Гагцхүү ийм үр дагаварт хүргэх вий хэмээн болгоомжлох эрх, ийм зорилго агуулаагүй биз хэмээн хардах эрх надад Монгол Улсын иргэний хувьд ч, энэ салбарын судлаачийн хувьд ч, практик ажилтны хувьд ч байна. Хардах эрх төдийгүй хардах үүрэг нь тангараг өргөсөн албан хаагчийн хувьд бас байна.

1920-иод оны сүүлчээр Зөвлөлтийн Дорно дахины хөдөлмөрчин ардын эв хамтын их сургууль (КУТВ) гэгч дамжааг дүүргэн ирсэн залуу улс төрчид Коминтерны “эздийнхээ” даалгаврыг гүйцэлдүүлэхээр Монголын төрийн эрхийг хуйвалдааны замаар авсан түүхтэй. Тэд тухайн үеийн Монголын нийгэм-эдийн засгийн хөгжлийг Зөвлөлтийн загварт үтэр түргэн шилжүүлэн хурдасгасангүй хэмээн бачимдахдаа үл гүйцэлдэх үй олон туршилтыг хийрхэн гүйцэтгэсэн. Улмаар ДХГ-ыг тусгай албаных нь сонгодог чиг үүргээс улам хөндийрүүлэн улс төрийн залхаан цээрлүүлэлтийн хэрэгсэл гэдэг утгаар лавшруулан атгаж авчээ. Өөрийн хөрсөн дээр буугаагүй хөнгөн хуумгай засвар, түүнийгээ гүйцэлдүүлэхийн тулд тусгай албаа татан оролцуулсан энэ саваагүйтлийн горыг Монголын ард түмэн даанч их үнээр төлөн байж амссан юмсан…

Д.Мөнх-Очир

“Арева” нь Францын Засгийн газрын шийдвэрээр байгуулагдсан цөмийн эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг дэлхийд томд тооцогдох групп бөгөөд, сүүлийн жилүүдэд Монгол улсад явуулж байгаа үйл ажиллагаа нь идэвхжиж, хөрөнгө оруулалтын хэмжээгээ нэмэгдүүлж байгаа билээ. 

Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол улсын цөмийн эрчим хүчний агентлаг , “Арева” группын хооронд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсанд баяр хүргэлээ. Тэрээр мөн , цөмийн эрчим хүчний салбарт Монгол улсын төр засаг чухал ач холбогдол өгч байгаа бөгөөд, байгал орчинд халгүй , аюулгүй байдлыг баттай хангасан технологийн дэвшлийг чухалчилж байгаа гэдгийг хэлсэн. Ерөнхийлөгч, Франц шиг туршлагатай орнуудтай энэ салбарт хамтрахад бид ямагт бэлэн гэдгийг онцоллоо. 

Хатагтай Анн Лувержон ” Бидний хамтын ажиллагаа амжилттай өрнөж байгаад талархаж байна. Бид монголд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, харилцан ашигтай ажиллах сонирхолтой байгаа гэдгээ дахин илэрхийлье. Танай улсын парламент Цөмийн эрчим хүчний тухай хуулийг баталсанд бид баяртай байгаа. Бид зөвхөн олборлолт явуулаад зогсохгүй, орон нутгийн хөгжилд зохих хувь нэмрээ оруулж, ажилгүйдлийн асуудлыг шийдвэрлэхэд тус дэм болно гэдэгтээ итгэлтэй байна. Манай компани мөн уул уурхайн салбарын мэргэжилтэн бэлтгэхэд танай улсад туслалцаа үзүүлэх болсоныг мэдэгдэхэд таатай байна” гэлээ.Image

 

http://www.inet.mn/

kirsanИлюмжинов бол гайхамшигтай, нууцлаг, урьдчилан таамаглах боломжгүй хүн. Бид түүний Олон улсын шатрын холбоо /ОУШХ/-ны Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж буй 15 дахь жилийг тохиолдуулан олон зүйлийн тухай ярилцлаа.

Москва дахь Халимагийн байнгын төлөөлөгчийн газрын хүлээлгийн өрөөнд бараг байрны нэг ханын талтай дүйхүйц том хэмжээтэй Кирсан Илюмжиновын хөргийн дэргэд жавхаалаг Виктор Батурин1 ээлжээ хүлээнэ. Дэргэд нь боксын дэлхийн хоёр удаагийн аварга Раимкуль Малахбеков, бас ах дүү нар баймар хоорондоо адилхан гурван Солонгос дипломат зогсоно.

Кирсан Николаевич Илюмжинов уулзсан зочин болгоноо гантиг шат хүртэл өөрийн биеэр үдэн гаргаж байв. Биднийг ч мөн ялгаагүй ингэсэн бөгөөд өгсөн нэрийг хуудсыг нь үзвэл Грекийн утасны дугаарууд ч байх аж.

* * *

- Дөрвөн цаг л унтахад хангалттай байдаг гэж Та нэгэнтээ ярьсан санагдана?

- Нэг албаа өгсөн ч гэсэн одоо унтах минь бүр багассан гээч. Яаж шатрын холбоо, Халимаг хоёрын ажлыг амжуулж байснаа би өөрөө ч гайхдаг юм. Шөнийн 03.00 цагт хажуулаад өглөө 06.00-д сэрдэг. Утсаа ерөөсөө салгадаггүй. Манайд шөнө байсан ч Америкт бол өдөр л байна шүү дээ. Хамт олноо эрхлүүлж байна даа. Өмнө нь Кирсан руу шөнийн 02-оос өглөөний 07-ийн хооронд залгаж болохгүй гэдгийг мэддэг байсан бол одоо хүссэн үедээ л ярьцгаадаг болсон.

- Ийм графиктай хүнтэй тааралдаж байв уу?

- Далай лам байж магадгүй юм. Өглөө 06.00-д босдог гэсэн. Жилд би дэлхийн 60 оронд очиж амждаг. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд Вьетнам, Камбож, Индонез, Малайз, Филиппин, Өмнөд Солонгос, Хятадад очоод ирлээ. Одоо удахгүй Таиланд, Франц, Израил, Мальт, Тунис, Кипр, Туркээр явна. Дараа нь Магнитогорст шатрын клубын нээлтэд очих ёстой.

- Та хувийн онгоцтой юу?

- “Gulfstreem” бий. Өмнө нь “Falcon”-тай байсан. Гэхдээ онгоцны ач тус бага. Нисэгч нарыг тодорхой цагуудад амраах хэрэгтэй. Тэгэхгүй бол нисэх зөвшөөрлийг нь хураачихна.“Falcon”-ийг гэхэд л 300 цаг ниссэний дараа Париж руу явуулж техникийн үйлчилгээ хийлгэж байх дүрэмтэй. Тэндхийн захирал нь гайхдаг гэсэн. Бусад онгоцууд ихэнхдээ жилд нэг удаа л үйлчилгээнд ордог юм байна л даа. Гэтэл минийх болохоор нэг сар хагас болоод л ирдэг.

- Сүүлийн үед утсаа нэг ч удаа салгаагүй гэж үү?

- Үгүй. Нэг мужийн даргыг хайгаад олохгүй бөөн юм болж байсныг санаж байна уу? Нөгөөх нь Испанид амарч байсан. 1998 онд Элстэд дэлхий шатрын олимпиад болсноос хойш миний утасны дугаар өөрчлөгдөөгүй. Хүмүүс бие биедээ дамжуулаад л. Зай завсаргүй л утасддаг юм.

- Та ямар хэлүүдээр ярьдаг вэ?

- Япон, англи, монгол, солонгос, хятад. Бодож эргэцүүлэх боломжгаргахын тулд заримдаа орчуулагч дууддаг л даа. Ер нь бол би өөртөө сэтгэл дундуур явдаг. Маш олон зүйл хиймээр санагдах юм. Тарамдаж гүйцэж байна.

- Эхнэр тань Таныг зөвхөн зурагтаар л харах уу?

- Хүү маань зурагтын дэлгэц рүү заагаад: “Ээж ээ, та ийм нөхөр хаанаас олж суусан байна аа?” гэдэг гэсэн. Би аянчин хүн. Гэр бүлсэг хүн биш. Энэ ОУШХ-ны далбаан дээр юу гэж бичсэнийг хар даа. “Бид – нэгэн гэр бүл”. Миний гэр бол энэ дэлхий. Би эхнэр, эцэг эхдээ хайртай. Гэхдээ гэртээ ирээд л, табочкаа өмсөөд, сонин гарчиглаад сууна гэхээс…

- Уйтгартай гэж үү?

- Огт хүсдэггүй. Ямар сайндаа л Филиппиний сенатор, шатрын холбооны ерөнхийлөгч: “Кирсан аа, чамайг хувилчихсан юм биш биз? Өчигдөр л Малайзад үг хэлж байсан биз дээ?” гэж байхав дээ. Энэ зун л гэхэд 48 улсаар явчихсан байна. Ээлжийн амралт авч үзсэнгүй. Амралтын ганц ч өдөр байсангүй. 1 дүгээр сарын 1-ний өглөөний 09.00 цагт ажил дээрээ л зогсож байна. Тэгэхдээ л би бас залхуу хүн.

- Алиалж байна уу?

- Заримдаа зүгээр л тааз ширтээд хэвтэх дуртай. Ямар нэг ажил амжуулаад шогшиж байх ёстой атал хэвтэж байдаг. Залхуу залхуу. Тэгдэггүй байсан бол илүү ихийг амжуулах байсан шүү дээ.

- Та хийж чадах байсан ямар зүйлүүдээ хийлгүй орхиж байсан бэ?

- “Уралан”-аа хаах хэрэггүй байсан. Смертин, Колодин, Яшкин, Кормильцев гээд ямар сайхан хүмүүс тоглодог байлаа. Хөлбөмбөгт зориулах цаг надад даанч олдоогүй юм. Гэхдээ би өнгөрснийг нэг их эргэж хараад байдаггүй. Хийсэн л бол хийсэн, байсан болгон өнгөрсөн, харин одоо байгаа нь л эрхэм гэж Пушкин хэлээ биз дээ. Би ямар нэгэн юмтай зууралдаад байхыг хүсдэггүй.

- Үүднийхээ хүлээлгийн өрөөнд өөрийнхөө хөргийг залчихсан хүнээс ийм үг сонсох сонин байна?

- Өө тэрийг чинь гэртээ аваачиж амжаагүй байгаа юм. Надад ийм зураг их ирдэг юм. Хүмүүс зураад, авчраад өгсөн юмыг хаячихаж болохгүй биз дээ.

- Хөлбөмбөгийн араас ид хөөцөлдөж явахдаа Та замбараагүй зүйлтэй их таарч байв уу?

- Хамгийн дургүй хүргэдэг байсан зүйл бол шүүлт. Тэр үеийн шүүгчид яадаг байсан гээч. Хоёр багаас хоёулангаас нь мөнгө авна. Нэгээс нь 50 мянгыг, нөгөөгөөс нь бас 50 мянгыг. Тоглолт дууссаны дараа хэн нэгнийх нь мөнгийг буцааж өгнө л дөө. Гэхдээ л дажгүй ашигтай ажиллана гэсэн үг. Үүнтэй тэмцэнэ гэдэг бол салхин тээрэмтэй байлдахын үлгэр болно.

- “Уралан”-ы ерөнхий дасгалжуулагчаар Шалимовыг томилох саналыг Танд Фетисов, Каспаров, Тарпищев нар тавьсан гэж Та нэг удаа ам алдсан. Гэтэл энэ гурав чинь гурвуулаа…

- …хөлбөмбөгөөс хол хүмүүс гэж үү? Би угаасаа өмнө нь Игорийн/Шалимовыг хэлж байна. орч/ тухай маш сайн сайхан мэдээллүүд авсан байсан учраас түүнд багаа найдаж даатгасан л даа. Миний найз Тарпищев ч үүнд багагүй нөлөөлсөн. Шалимовын туслахаар Писаревыг урьж авчирсан. Тэд хамгийн эхлээд шаардлагатай зүйлсийнхээ жагсаалтыг гаргасан. Тэр дотор нь дасгал сургуулилтын хэрэгслүүдээс эхлээд эм тариа, тос, улаан вино хүртэл байсан.

- Вино?

- Энэ нь тэр үеийн клубын удирдлагын нэг, өнөөгийн Ерөнхийлөгч Алексей Орлов бид хоёрын сонирхлыг бас татсан. Тэр гартаа нэг цаас барьчихсан над дээр орж ирээд “Шалимов энэ олон хайрцаг виногоор яах гэж байгааг би ойлгохгүй юм. Маркийг нь ч би мэднэ л дээ. Маш сайн вино. “Солнцедар” шиг юм биш” гэж байсан.

- Шалимов өөрөө юу гэсэн?

- Биеийн их ачааллын дараа эргэж сэргэлт авахад хэрэгтэй л гэж байсан. Үнэн ч байж болох юм, тийм ээ?

- Та “Халимагийн баатар” одонг хоёр хөлбөмбөгчинд олгосон. “Спартак”-ын хаалганд гоол хийсэн Игнатьев, 11 метрийн цохилтыг хаасан Саморуков хоёрт. Ингэхэд Танд өөрт чинь ийм шагнал бий юү?

- Халимагийн төрийн тэргүүний суудлаа өгөхөд минь шагнах гэхэд нь би өөрөө татгалзсан. Өөртөө ямар нэг тусгай хангамж ч үлдээгээгүй. Тэтгэвэр, цалин, машин ч авч үлдээгүй.

- Хамгаалалтын дохиололтой машинаа?

- Байхгүй.

- Түүнгүйгээр Москвагийн замын хөдөлгөөнд оролцоход хэцүү байна уу?

- Өө ийм их түгжрэлтэй газар тийм машин ч тус болохгүй. Москва бол уулзалтын л хот. Энд хүмүүс яаж бизнес хийдэг юм бол оо? Нисдэг тэрэг л худалдан авцгаадаг юм байх даа?

- Та машинаа өөрөө жолооддоггүй санагдана?

- Маш ховор. Залуу байхдаа хоёр ч машин хэмхэлж хаясан. Жолоочтой байсан нь хамаагүй амар, бас хямд тусдаг гэдгийг ухаантай хүмүүс надад хэлж өгсөн юм. Зарим хүн машин барьж кайф авдаг юм шиг байгаа юм. Надад бол ёстой хол ажил. Нэг удаа Рублёвкад суудаг нэг найзындаа өөрөө машинаа барьж очмоор санагдахаар нь “Роллс ройс”-оо унаж очсон юм. Гэтэл хаалгаа онгойлгож өгөхдөө нөгөөх маань асууж байна: “Яагаад машины чинь урд хоёр диск улайдчихаа вэ?” гэж. Бодоод байсан чинь би хааз, тоормос хоёроо хоёуланг нь зэрэг гишгээд давхиад байсан юм чинь диск улайдалгүй яахав дээ.Тэрнээс хойш азаа туршихаа бүр больсон.

- Тэр чинь нөгөө Эдит Пиафын “Роллс ройс” мөн үү?

- Тэр биш. Би долоон “Роллс ройс”-той, Москва, Халимаг, Швейцар, Америкт унадаг байсан юм. Найзууддаа ч бас олныг бэлэглэсэн. Пиафын унадаг байсан дээр үеийн хийцтэй, улаан өнгөтэй, руль дээрээ араа сольдог гартай, ардаа арьсан буйдантай “Роллс ройс” Парижийн музейд тавиастай байдаг байсан юм. Музейн эзэн, Францын шатрын холбооны дэд ерөнхийлөгч эхлээд машиныг зарахгүй гэж байснаа жил орчмын дараа “Би бизнесийнхээ хагасыг, тэр дунд музейгээ ч зарж байна. Нөгөө машинаа сонирхсон хэвээр үү?” гэж над руу утасдсан юм.

- Хэр зэрэг үнэтэй авав даа?

- Зуугаруймянган ам.доллараар авсан. Энэ “Роллс ройс”-ыг би Москвад нэг хэсэг унасан. 1995 онд үүнийгээ унаад Кремль рүү ч орж байлаа.

- Боровицкийн хаалгаар уу?

- Тийм. Б.Ельцин зогсоолд байхыг нь харчихаад “Энэ хэнийх үү?” гэхэд дарга нараас нэг нь “Кремль рүү “Роллс ройс” унаж ирдэг хоёр халимаг л бий шүү дээ, нэг нь Ленин, нөгөөх нь Илюмжинов” гэж байсан. Владимир Ильичийн эмэг эх нь халимаг байсан. Түүнийг Москвад “Роллс ройс”-оо унаад явж байхад нь нэг удаа дээрэмчид халдаад, Ленинийг буулгаж хаячихаад машиныг нь унаад явчихсан гэсэн. Тэхдээ би машин нэг их шүтээд байдаггүй л дээ. Нэг удаа би Гадаад харилцааны яаманд ажилладаг нэг найзынхаа “Запорожец”-ээр Кремль рүү ирж л байсан.

- Хамгийн сүүлд өөрийгөө яаж эрхлүүлсэн бэ?

- Зун нэг удаа бүтэн хоног унтсан. Тархи толгой ажиллахаа болиод би өөрийн эрхгүй унасан. Туслах маань сэрээгээгүй. Би утас дуугарч байхыг мэдээгүй. Хэд хэдэн чухал уулзалт тасарсан. Амьдралынхаа нэг өдрийг хий хоосон алдсан гэсэн үг.

- Өмнө нь тийм тохиолдол байсан уу?

- Байгаагүй. Бие организм дохио өгч, гал хамгаалагч ажилласан байх.

 

* * *

- Таныг Вангатай дотно танил байсан тухай их бичдэг байсан. Та ирээдүйд өөрийг тань юу хүлээж байгааг мэддэг үү?

- Мэдэлгүй яахав. Вангагийн нэрийг ч мөн их ашиглацгаах юм даа. Би сайрхаж байгаа юм биш. Гэхдээ би түүний олон цагаар хамт байх дуртай хүмүүсийнх нь нэг байсан. Өнөөдрийн та бид нар шиг хамт суугаад л, цай уугаад л. Хэрэг гарвал утсаар ярина. Заримдаа тэр над руу залгана. Ванга ирээдүйд болох юмыг шууд тоочдоггүй, ерөнхийд нь л хэлдэг байсан юм. Би асууна л даа. “Манай Халимаг ямархуу байна?” гэж. “Сайхан баян бүрд, цэцэрлэгт хүрээлэн” харагдаж байна гэхээр нь би дотроо гайхна. Манайх чинь хагас цөл юм чинь. Тэгээд араас нь “Ус сайн хай. Ус алтнаас үнэтэй” гэнэ.

- Тэр нь юу гэсэн үг үү?

- Болгартаа суугаа мөртлөө манай бүх л хот суурингууд усаа Дагестанаас зөөдөг байсныг яаж мэддэг байсан юм бүү мэд. Газар зүйн мэдлэггүй, тэр ч бүү хэл бичиг үсэг мэдэхгүй, 14 насандаа хараагүй болсон, Македонд төрөөд Болгараас гарч үзээгүй хүн шүү дээ.

- Түүний урьдчилан хэлсэн болгон биелдэг байсан уу?

- Арваас ес нь. 1995 оны дөрөвдүгээр сард Бойко Цветкова над руу залгасан юм. Хамаатангийнх хүн, эмч. “Чи зүгээр биз дээ? Эмээ “Кирчев хоёр болж харагдаад байна” гээд байх юм” гэхээр нь би өөрөө Ванга руу залгасан чинь инээгээд л байх юм. Онгоцоор түүн дээр шууд яваад очлоо. Хамаатан саднуудынх хамт цөмөөрөө оройн хоол идэцгээж байтал гэнэт Ванга над руу заагаад: “Ийм туранхай, жижигхэн мөртлөө хоёр том суудал эзэлнэ шүү” гэж билээ. Үнэхээр ч тэрнээс хэдхэн сарын дараа намайг ОУШХ-ны ерөнхийлөгчөөр сонгосон юм.

- Таны цаашдын хувь заяаны тухай тэр юу хэлсэн бэ?

- Хэлж болохгүй. Хэрэв хэн нэгэн цыган таныг хөзрөөр мэргэлсэн бол юу гэснийг нь хүнд хэлж болохгүй. Тэгвэл хэлсэн нь биелдэггүй. Оюун санаа материаллаг чанартай учир сонссон хүн аваад явчихаж болно. Би дээр үед мэргэлдэг байсан. Эрхи, хөзөр, юугаар л бол юугаар. Хүмүүсийг эмчилдэг байлаа. Намайг 26-тай байхад тийм чадвартай хүмүүсийн цугларалт Памирт болохоор нь очсон юм. Гэтэл тэнд очсон хүмүүс намайг мэргэлэх, эмчлэхээ боль, чиний энерги өөр зүйлд зориулагдах ёстой гэснээс хойш орхисон юм даа.

 

- Тэрнээс хойш ганц ч удаа мэргэлээгүй юү?

- Үгүй. Заримдаа надад их юм мэдрэгддэг. Анх удаа Вангатай уулзахад тэр: “Надаас юу асуух гээд байгаа юм. Чи өөрөө бүгдийг хардаг л юм байна шүү дээ” гэж байж билээ.

- Вангагийн утсыг санаж байна уу?

- Цветковагийн утас. Тэр үед гар утас байсангүй. Ердийн телефоны трубкийг нь тэр Вангад авч өгч яриулдаг байсан юм. Вангагийн гэр музейд очвол үзээрэй, нэгдүгээр давхарт нь миний зураг байгаа. Бас бичгийн машинаар бичсэн миний нэг зарлиг бий. Өөрийнх нь ярьдаг байсан суурин утас бий. Түүний гэрээс авсан хоёр аяга, нэг домбо энэ байна, бариад үз дээ.

- Гайхалтай…

- 1996 онд Вангаг нас барахаас нь сарын өмнө би тэднийд очсон юм. Халуун гэж жигтэйхэн, ам их цангаж байсан ч тэр тухай юу ч хэлээгүй байтал Ванга тэндээс: “Юунд биеэ зовоогоод байгаан, юм уугаач” гэнгээ домбоноос хийж өгөхдөө: “Яаруу явааг чинь мэдэж байна аа” гэв. Би Цюрих рүү үнэхээр яарч явсан л даа. “За нис нис. Би ч яахав эндээ үхнэ. Харин намайг санаж яваарай. Наад уусан аягаа ав” гэхээр нь аваад цүнхэндээ хийчихлээ. “Надтай хамт юм уухгүй нь уу?” гэхээр нь бас нэг аяга аваад хийчихэв.“Усаа юунд хийх гэж байгаа юм?” гэхээр нь домбыг нь бас авчихсан.

 

- Үхэх гэж буйгаа мэдэж байж дээ?

- Ер нь хорт хавдраар үхэх нь ойлгомжтой болчихсон байсан л даа. Өөрөө ч тэрийгээ сайн мэдэж байсан. Домбыг нь авч байхдаа бид хоёр дахиад уулзахгүй юм байна гэдгээ би ч мэдэрсэн.

- Та бас юмаа тарааж өгөхдөө сайн биз?

- Өнөөдөр нэг найзад маань миний цаг таалагдаад байна гэхээр нь өгчихсөн. Одоо та бидний ярилцаад сууж буй энэ байшинг 1992 онд би нэг сая доллараар худалдан авч байлаа. Кутузовскт хагас га газар. Хүүхдийн цэцэрлэг байсан нэг хуучин байшинг авч засаж тордоод усан бассейн болгосон. Өөрөө түүндээ нэг ч удаа сэлж үзээгүй л дээ. Цөмийг нь улсдаа өгчихсөн. Хувиасаа 30 сая доллар гаргаж Европод хамгийн том Буддын сүм бариулсан.

 

- Та нийт хэдэн сүм бариулсан бэ?

- Буддын сүм 46, үнэн алдартны сүм 22, лалын нэг, католик нэг, театр нэгийг бариулсан. Москвад гэгээн Николайн нэг сүмийг сэргээн засварласан. Бусдад юм өгөхдөө гар татдаггүй. “Юунд ч татагдаж болохгүй” гэж Будда сургасан байдаг. Тэр бүү хэл амьдралд ч адил.

 

- Эд хогшилд?

- Тэр тусмаа. Байшин хэзээ нэгэн цагт нурна, машин эвдэрнэ.Биеийг сүнс нь орхино. Фитнест хичнээн явлаа ч 50 жилийн дараа энэ биеийг орхих л болно. Надад одоо 5 мегапикселийн камертай гайгүй сайн утас байна. Дараагийн жилд үүнээс сайн утас гараад л ирнэ. Би эд хогшилд нэг их ач холбогдол өгдөггүй. Тийм болохоор надад эд хөрөнгө амархан олддог байж ч магадгүй.

- Вангагийн тухай яриандаа эргэж оръё. Вискинд дуртай байсан гэж үнэн үү?

- Жижиг сажиг бэлгэнд дуртай. Би нэг удаа Duty Free-гээс гоё цэнхэр алчуур, чихэр, бас Blue label виски авч орсон юм. Ванга намайг орой ирэхэд дуртай байсан л даа. Бүгд оройн хоол идэхээр сууцгааж, мах зүсэж, архи аягалж байтал Ванга: “Кирча авчирсан юмаа задлаг л дээ” гэхээр нь цүнхнээсээ ч гаргахаа мартсан вискигээ би гаргаж ирэхэд тэрбээр тал стаканыг татчихаад тайвширч байсан юм. Аргагүй шүү дээ, тэр өдөр бүр зуу гаруй хүн үздэг, тэд нар нь дандаа проблемтэй. Хичнээн сөрөг энергийг биедээ авч үлддэг байсан нь ойлгомжтой.

- Өөр сэтгэлд үлдсэн юм юу байна?

- Ванга жижигхэн, туранхай мөртлөө дуу хоолой их сайтай. Одоо ч заримдаа чихэнд минь сонсдох шиг болдог. Миний нэг найзыг босго алхангуут нь л: “Наанаа юу хийгээд байгаа юм? Шалавхан явж тэр эхнэрээ мэс засалд оруулаач!” гэж загнаж байсан. Бас нэг удаа Москвагийн нэг томоохон сонины эрхлэгчийг дагуулаад очсон чинь нөгөөх рүү чинь бууж гарсан.

- Яагаад?

- Хоёр нууц амраг хүүхнийх нь нэрийг шууд хэлээд л…Өнөөх маань бүр цэл гайхчихсан. Вангагаас: “Та яаж мэдээв?” гэвэл урдаас: “Би мэдэхгүй ээ” гэнэ. Тэр өөрөө мэддэг биш харин мэдээллийг л дамжуулдаг байсан. Бидэнд хүн бүрт уг нь Вангагийн ид шид жаахан бий л дээ. Бид оюун тархиныхаа боломжийн 2-3%-ийг ашигладаг. Хэрэв 15%-ийг нь ашигладаг байсан бол далдыг харж чадна. Утас хэрэглэхгүйгээр алсын зайнаас харилцаж чадна. Би Циолковскийн “Атомын аялал” гэдэг ном уншсан. Бид бол ирж, буцаж байдаг атомуудын нэгдэл юм. Өнөөдөр хүний хэлбэртэй байхад маргааш гараг оддын хэлбэртэй. Оюун санаа гэж байна. Өнгөрсөн амьдралаас үлдсэн дурсамж буюу ой ухаан байна.

- Та нэг ярилцлагандаа өөрийгөө 69 дэх амьдралдаа байгаа гэсэн байсан?

- Тийм ээ, Буддын гүн ухаанаар бол тийм. Хэрэв 108 удаа зөв амьдарч чадвал нирваан болно. Миний биед оршин буй хүн бясалгалд ороод өнгөрсөн амьдралууддаа хэн байсныг миньг ярьж өгөхөд нь би бичиж авсан юм. Зэвсэгт дайчин байж, удирдагч байж, лам ч байж. Саяхан Өмнөд Америкаар аялж явахдаа Перу орж инкүүдийн ахлагчтай уулзлаа л даа. Тэгэхэд яг л гэртээ ирсэн юм шиг мэдрэмж төрөөд байсан. Францын эртний нэг цайзад ороод хаашаа яаж явж орох, хаана юу байдгийг нь мэдээд байсан. Тэнд танай унтлагын өрөө байгаа юм байна гэж гараараа зааж чадаж байсан. 1980 оны тавдугаар 9-нд би цэрэгт татагдаж ирсэн. Гэнэт цас ороод. Би “одоо биднийг хоолонд оруулах нь. Би хоёр давхарт цонхны дэргэд суух нь дээ” гэж бодож байтал удалгүй намайг яг тэр цонхны дэргэд суулгасан.

 

* * *

 

- Та хэзээ юм уншиж амждаг вэ?

- Онгоцонд. Одоо би хонины аж ахуй эрхлэх тухай нэг ном уншиж байгаа.

- Таныг Буриадад нэг хүний шарилыг ухаж гаргасан. Тэр хүн нь амьд байсан гэж уншиж байсан юм байна?

- Итгэл хамбыг өөрийнх нь гэрээслэлийн дагуу 2002 оны есдүгээр сард шарилаас нь гаргасан юм. “Намайг оршуулаад, далан жилийн дараа гаргаарай, дараа нь дахин оршуулаарай” гэж өөрөө гэрээсэлсэн байдаг.

- Ердийн хүн биш байх нь?

- Буриад лам хүн. Хүний оюун санаа ч, бие ч мөнх гэж сургадаг байсан ч шавь нар нь оюун санаа буюу сүнс мөнх гэдэгт итгэдэг, харин бие мөнх гэдэгт итгэдэггүй байж. Тэгэхээр нь тэднийг цуглуулаад: “Би одоо бясалгалаа эхлээд нэг өдрийн дараа гэхэд өөр ертөнцөд очно. Миний биед гурав хоногийн турш бүү хүрээрэй. Харин дараа нь оршуулаарай” гэжээ. Эргэн тойрон л хүмүүс байж. Ламтан ч үнэхээр маргааш нь нас барахад хэлснийх нь дагуу биед нь гурав хоног хүрэлгүйгээр ном уншиж байгаад оршуулсан гэдэг. Тэгээд далан жилийн дараа гаргаж ирсэн нь тэр л дээ. Та нар очиж үзэж болно шүү дээ.

- Үгүй үгүй, бид үзэхгүй

- Чубайс очсон, Каспаров бас. Улаан-Үд хол биш шүү дээ. Одоо ламтан шилэн гүнгэрваанд завилан суусан байгаа.

- Анх түүнийг ухаж гаргахад юу харагдсан бэ?

- Арьс нь яг л амьд хүнийх шиг. Хувцас нь илжирч муудаагүй хэвээр. Гэдэс хэвлий нь зөөлхөн. Биеийн халуун нь 34.9 хэм. Америкийн эрдэмтэд хумс, үсийг нь шинжлээд гурван дүгнэлт гаргасан. Өсөлтийн ген нь зогсолтонд орсон учир хумс, үсний ургалт нь зогссон. Хөгшрөлтийн ген нь зогсолтонд орсон тул яс нь бүтэн хэвээр.

- Гурав дахь дүгнэлт нь?

- “Энэ хоёр асуултанд хариулах боломжгүй”. Бурхны энэ хувраг өөрийгөө зовлонд унагасан. Учир нь, тэр дахин төрөл олоод явах боломж байсаар атал тэгэлгүй энэ орчлонд өөрийгөө үлдээсэн.

 

- Түүнийг занданшуулсан юм биш үү?

- 20-иод оны Буриадад түүнийг хэн занданшуулахав дээ. Гайхалтай нь түүнийг хийж оршуулсан авс нь ч шинэ хэвээрээ байсан шүү. Дөнгөж саяхан харуулдсан юм шиг, үртэс зоргодостойгоо.

- Та бясалгал хийдэг үү?

- Толгой дээрээ зогсдог. Завилж суугаад бясалгахад цаг их ордог. Үйл хөдлөлөө өөрчлөнө гэдэг нь бясалгахтай ижил.

 

- Таны метронд явдаг тань энэ төрөлд хамаарах уу?

- Явалгүй уджээ. Госнаркоконтроль ба ОУШХ-ны хооронд “Шахматы против наркотиков” нэртэй гэрээ байгуулж байх үе санагдчихлаа. Москва тэр чигээрээ түгжрэлд орчихсон, хүмүүс намайг машинаар ирнэ гээд хүлээж байхад нь би гэнэт метроноос гарч ирээд “Привет” гэхэд бүгд гайхсан. Би заримдаа таксигаар явдаг. Нэг нөхөрт 100 доллар өгсөн чинь: “Аа би танилаа, та Илюмжинов юм байна. Наад мөнгөн дээрээ гарын үсгээ зурчихаад өгөөч” гэдэг байгаа. Би ч Франклины хөрөг дээгүүр гарын үсгээ зураад өгсөн.

- Таны амь насанд хэдэн удаа халдлага хийсэн бэ?

- Ганц ч удаа халдах гээгүй. Би хэзээ ч хамгаалалттай явж байгаагүй. Одоо ч байхгүй. Би хэний ч зам дээр хөндөлсөж байсангүй. Бизнесийн зам дээр хэн нэгэнтэй тулгарахаар шинжтэй бол би түргэхэн л хажуу тийш болж зам тавьж өгөхийг хичээдэг.

- Сандарч тэвдэх гэж юу байдгийг Та мэдэхгүй байх?

- Мэднэ. Дөрвөн жилийн өмнө Аргентин дээгүүр нисч яваад салхины хүчтэй эргүүлгэнд орчихсон. Аварга том “Боинг” яг л цаасан онгоц шиг шидэгдэж эхэлсэн. Иймэрхүү үед виски татчихаар арай гайгүй болдог доо. Гэтэл юун тийн. Би ч арайхийж даруулга бүсээ хийж амжсан. Үйлчлэгч бүсгүй суудал хоорондын зайгаар шидэгдчихсэн.

- Таны амь насанд халдах оролдлого байгаагүй гэх юм. Та чинь 1000 долларын төлөө л алдаг байсан 90-ээд онд бизнес хийж байсан шүү дээ?

- Өдөр бүр хүнд хэцүү байсан. “Буучид” ч ямар олон байлаа… Нэг удаа бид ресторанд жаахан наргицгааж суутал “Кирсан, хүмүүс ирсэн шүү” гэж намайг гадагш дуудаж гаргаад, ард хоёр нь зогсонгоо хажуу хавирганд шууд л бууны ам тулгачихсан. Домодедовын ойд аваачсан.

- Аймаар байсан уу?

- Мэдээж шүү дээ. Хоёрдугаар сар. Би дан костюм, лакан ботинктой. Хэн нэг нь хэн нэгнийгээ хулхидахдаа, мөнгөө манай компаниар дамжуулаад авчихсан юм байж. Би тэрэнд нь огтхон ч хамаагүй л дээ. Тэр нөхөд шууд буудчихалгүй бас учир начрыг нь олох гэж хичээсэн нь аз болсон юм. Миний хамаатан садан, ойр дотны хүмүүс хаана байдгийг тэд бүгдийг мэдэж байсан шүү.

- Алчихаж мэдэхээр байж дээ?

- Юман чинээ бодохгүй. Тэдний шунал намайг аварсан. Хэрэв би буруутай байх юм бол тэдний алдсан мөнгийг хоёр нугалж өгнө гэж би амласан юм. “Бас дээр нь миний машиныг ч аваарай” гэлээ. 200 мянгаад доллар гэсэн үг. Мөнгөний тоо сонсоод гурав дахь нөхөр нь хүрээд ирлээ. Цаадуулаасаа илүү ухаалаг нөхөр гэдэг нь мэдэгдэж байсан. Түүнтэй ойлголцсон л доо.

- Хэрэг явдал гайгүй төгсчээ?

- Тэр хүмүүс дараа нь миний нэг бизнесийн түншүүд болсон гээч. Тэгээд надаас уучлалт гуйсан.

- “Ядуурах, бэлгийн сулралтай болох хоёроос л айдаг” гэж Алексей Смертин4хэлсэн байсан. Та юунаас айдаг вэ?

- Ядуурах гэж юуг хэлдэг юм бэ? Хэн нэгэнд усан онгоцтой байх нь хангалтгүй санагдаж байхад бясалгал хийж буй ламд өдөрт арван ширхэг будаа идэх нь тансаглал мэт санагдана. Нэг ширхэг будаа идээд араас нь аяга ус уудаг. Би мэдэхгүй байхаас айдаг. Миний тархи толгойдоо төлөвлөсөн зүйлүүд биелэхгүй үлдэх вий гэхээс айдаг. Би шинэ зорилгууддаа хүрэхийн төлөө пуужин шиг харвахад ч бэлэн байдаг. Харин хүн болгон шахам айж болгоомжилдог юмнаас би айдаггүй. Жишээ нь, хамгийн ойр дотныхоо хүмүүсийг алдахаас би айдаггүй.

- Яагаад?

- Дараагийн амьдралдаа уулзана шүү дээ. Хүн үхэхэд би ердийн л зүйл шиг хүлээн авдаг. Оршуулганд оролцдоггүй. Ингэлээ гээд намайг муулж л байдаг юм.

- Өнөөдөр Та цагаа бэлэгчихсэн гэсэн. Оронд нь ямар цаг зүүв?

- Энэ байна. Pahlavi шах2-ын өгсөн цаг. 365 бриллиант орсон, голдоо Magic Moon нэртэй сапфиртай, дэлхийд цорын ганц цаг. Энийг Женевт урлаж байхад хот даяар гэрэл тасарсан гэж ярьдаг. Үнэмшихэд хэцүү шүү. Нахайян шейх3-ийн өгсөн өөр цагнууд ч надад бий.

- Ийм цагнуудаа бол хэнд ч бэлэглэхгүй биз дээ?

- Дотныхоо нэг хүнд бэлэглэсэн чинь тэр авахаас эрс татгалзсан. Дээхэн үед эрдэнэсийн нэгэн гайхалтай эдлэлээ тэнгист хаячихсан. Одоо болтол усанд шумбагчид тэрийг минь хайж байдаг гэж сонссон.

- Тийм айхтар үнэтэй цайтай эдлэл үү?

- Гайхалтай. Зуугаад жилийн настай эд. Нэг алдартай хүн хэрэглэдэг байсан зүйл. Гэнэт л тэнгист нэг юм бэлэглэмээр санагдахаар нь өргөчихсөн юм. “Америкт нэг удаа” гэдэг кино үзсэн үү?

- Үзэлгүй яахав?

- Бодит амьдрал дээр сэдэвлэж хийсэн кино шүү дээ. Кинонд Макс гэсэн нэрээр гардаг дээрэмчний цаг л даа. 1990 онд ач хүүгээс нь авсан юм.

 

* * *

- Таны хүрээлэлд зурхайч олон байв уу?

- Энэ зураг дээр Далай ламын Европ дахь оюун санааны төлөөлөгч /духовный представитель/ байна. Орос хэлийг нэг сарын хугацаанд эзэмшээд одоо Новосибирскт лекц уншиж байгаа. Харин энэ бол Төвдийн төрийн оракул.

- Оракул гэж юу юм бэ?

- Бороо орох нь уу, дайн байлдаан болох нь уу гэдгийг Засгийн газрынхаа захиалгаар мэдэж хэлж өгдөг хүн. Онгод нь орох үедээ бие нь хоёр дахин томроно. Дээр нь тавиад кг ачаа тавиад байхад л газраас дээш хөөрөөд байна. Энэ үедээ мэргэ төлгөө хэлнэ. Дуусмагцаа газарт унаж тэндээ хэд хоногоор хэвтэнэ.

- “Уралан” багт Та нэг зурхайч байлгадаг байсан. Хаалгач Филимоновыг зайлуулахыгтэр Танд ятгасан уу?

- Тийм шүү. Надад нэг тийм нөхөр байсан. Одоо ч гэсэн тэр дандаа л зурагтаар гарч байдаг юм.

- Танд хараал хийх гэж байвал Та мэдэрч чадах уу?

- Тэгэлгүй яахав.

- Тэд юу хийдэг юм бол?

- Хар хүч газар сайгүй болжээ. Интернетээс хүний зургийг татаж аваад зүүгээр сэглэнэ. Зарим нь дүрсийг нь гурилаар хийгээд бас л зүүгээр шивнэ. Оршуулгын газарт очиж шинэхэн булшны шорооноос аваад зурган дээр нь цацна. Үүний дараа тэр хүний бие өвдөж, эвгүйрхэж эхэлнэ дээ.

- Тэгэхээр нь яах уу?

- Залбирал хийх хэрэгтэй. Өөрийгөө бүх зүйл ойж харагддаг толин саван дотор байна гэж төсөөлөн бод. Толгой дээрээ зогсох хэрэгтэй. Чам руу муу юм илгээж буй хүний тухай “чамд сайн сайхныг хүсье, чамд аз жаргал хүсье” гэж бодох хэрэгтэй. Би хүүхэд байхаасаа л ямар ч хүнтэй хэрэлдэж муудалцаж үзээгүй. Бизнест ч тэр, улс төрд ч ялгаагүй.

- Таны нөгөө харь гаригийнхны тухай сонсоод зарим хүмүүс шоолж инээлддэг. Алдар нэртэй хүмүүсээс Танд бас иймэрхүү зүйл ярьж байсан тохиолдол бий юү?

- Бий. Жишээ нь, Василий Васильевич Смыслов5 байна. Нэр хүндтэй хүн. Кремльд дэлхийн аваргын тэмцээн нокаут системээр болж байлаа. Хүлээн авалтан дээр Смыслов эхнэр Надежда Андреевнагийн хамт над руу ирээд тохойноос минь татаж холдуулснаа: “Кирсан Николаевич, миний нүд рүү хар. “Свобода” радиогоор ярихыг тань сонслоо. Та харь гаригийнхантай уулзсан гэж хэлсэн. Та үнэн хэлсэн үү? Үнэн үү, худал уу?” хэмээн тулгав. Би ч: “Үнэн шүү дээ. Надад худал ярих шаардлага байхгүй” гэвэл Смыслов лангуу түшин тонгойгоод: “Наденька минь, би Кирсаныг худал яриагүй гэдгийг мэдэж байсан юм. За одоо зөвшөөрчих л дөө” гэв.

- Юуг тэр вэ?

- Харин би ч гайхаж орхисон. Гэтэл Смыслов: “Би 30 жил дуугүй явлаа. Профессор, дэлхийн аварга хүн солиорчихожгэж хэлүүлэхээс айсан юм” гэсэн. Тэгтэл 1974 онд Василий Васильевичхарь гаригийнхантай таарсан юм билээ. Эхнэр нь гэрч. Дэлхийн аваргын төлөө тоглогчийг шалгаруулах тулаанд Хюбнертэй тоглож байгаад өвдчихөж. Өргөө хойшлуулчихаад зочид буудалд орж ирээд гэрлээ ч асааж амжаагүй шахам байтал нэг үл үзэгдэх хүн хойшлуулсан өргийг нь байрлалаар нь өрөөд, цааш нь яаж тоглохыг хэлж эхэлсэн гэнэ. Маргааш нь Смыслов яг тэр хэлж өгснөөр нь нүүгээд хожсон. Нэг хоногийн дараа бүх зүйл дахиад л давтагдсан гэсэн.

- Тэр тухайгаа хэнд ч хэлээгүй хэрэг үү?

- Нэг үе түүний бие ихэд чилээрхэж, удахгүй үхэж магадгүй юм байна гэж бодоод өнөөх явдлын тухай “Наука и религия” сэтгүүлд хэвлүүлэхээр бичиж л дээ. Гэвч удахгүй эдгэрчихээд түүнийгээ санаа нь зовоод явуулаагүй гэсэн. Одоо тэр бичсэн юм нь байдаг эсэхийг мэдэхгүй.

- Харь гаригийнхантай нэг удаа уулзсан тухайгаа л Та их ярьдаг байсан. Тэрнээс хойш дахин тийм юм болоогүй юмуу?

- Та харин сануулчихлаа. Болсон. Нэг удаа Индонез, Филиппин хоёрын дунд нисэж явахдаа тэд дэргэд байгааг мэдэрсэн. Хэдхэн секундын хугацаанд, хоромхон зуур. Нэг л өөр хэмжүүрт орчих шиг болсон. Дэргэд сууж явсан хүмүүст тухайн үед би юу ч хэлээгүй, харин газардсан хойноо хэлсэн. “Яг л усан онгоцон дээр очих шиг” гэж. Тэд хариуд нь: “Дахиад уу?! Бидэнд тэгээд мэнд дамжуулаагүй юу?”.

- Та Саддам Хусейнтэй яаж танилцсан юм бэ?

- 1993ондИракт болсон “Вавилонские ночи” фестивальд би симфони оркестроо явуулж оролцуулаад дараа нь Карповын эсрэг Камскийн тоглолтыг Багдадад зохион байгуулсан юм. Тоглолт болоход би өөрөө тэнд очиж, Саддам Хусейны хүү, Ираны олимпийн хорооны ерөнхийлөгч Удейтэй танилцсан. Төдөлгүй Саддамтай өөртэй нь танилцаж түүний юу бодож, ярьж буйг Оросын удирдлагуудад дамжуулсан. Харин Иракаас би ёстой золоор л амьд гарсан даа.

- Юу гэсэн үг билээ?

- Би Саддамыг зөндөө ятгасан. “Бүх л шалгагчдыг нэвтрэхийг зөвшөөрч байна. Хүссэн болгоноо үзэцгээ, харцгаа! гэсэн мэдэгдлийг шалавхан хийчихээч дээ” гэж.Ирак ямар ч цөмийн зэвсэггүй байсан гэдэг нь одоо бүхэнд ил болсон шүү дээ. Зөвхөн нефть л хэрэгтэй байсан. Америк арав дахин баяжсан. Үүрийн 04.00 цагт Удейтэй хамт Саддамын гэрт очив. Хамгаалалтын албаны дарга, генерал Абель ч ирлээ. Гэтэл гэнэт Москвагаас над руу сансрын холбоогоор: “Наанаасаа түргэн буц. Одоохон бөмбөгдөлт эхлэх гэж байна” гэсэн.

- ТаныгСаддам гаргаж өгсөн үү?

- Нисэх буудал хүргэж өгсөн. Би тэгэхэд нь: “Онгоц бэлэн байна. Хамт нисэх үү?” гэж дахин асуусан. Хэдийгээр бүх зүйл хэрхэн дуусахыг тэр төсөөлж байсан ч гэсэн татгалзсан юм.Жавахарлал Неру Сталинтай уулзсаныхаа дараа түүний тухай “железное воплощение неотвратимого рока” гэж бичсэн байдаг нь өөрийн эрхгүй санаанд минь орж байлаа. Хүн ямар нэгэн логикт захирагдахгүй үйлдэл хийхэд түүнийг ямар нэг юм хөтлөөд, албан хүчээр тэгэж хийлгээд байдаг юм шиг санагддаг. Хуссейны хувьд тийм л юм болсон. Багдадын нисэх буудлын фонон дээр би “Одоохон дайн эхлэх нь ээ” гэж хэлж буй видео бичлэг үлдсэн бий. Москвад буухад VIP заалны зурагтаар Багдадаас яг миний ниссэн онгоц буудлыг Америкчууд хамгийн түрүүнд хэрхэн бөмбөгдөж байгааг үзүүлж байлаа.

- Муаммар Каддафитай6Та шатар тоглодог байсан. Түүнийг хаа ч явсан 40 онгон охин бие хамгаалагч дагалддаг байсан гэсэн үнэн үү?

- Тэнд зөвхөн охид ч бус бас залуус байдаг байсан. Онгон охидын тухайд гэвэл үлгэр домог биз дээ. Гэхдээ үзэсгэлэнтэй, эрч хүчтэй сайхан хүүхнүүд. 2004 онд Триполид болсон дэлхийн шатрын аваргын тэмцээний нээлт дээр оролцогч орнуудын далбааг дандаа Каддафийн ротын хүүхнүүд барьж гарч байсан шүү.

 

* * *

 

- Фишерийн тухай Корчной7: “Дандаа цоожтой хаалганы цаана барьж баймаар ичгүүр сонжуургүй амьтан” гэсэн байдаг. Харин тэр Танд өөр харагдсан болов уу?

- Би Фишертэй танилцсандаа үнэхээр баяртай явдаг. Тэр бол суут хүн. Яг л Ньютон, Эйнштейн, Леонардо да Винчи, Циолковский, Ванга эмээ шиг. Бид анх Будапештэд Андрэ Лилиенталийн8 гэрт тааралдсан юм. Түрс, баншаар даруулсан водка ууж, шатар тоглож, өглөө болтол элдвийн юм ярьцгаасан юм даг.

- Фишер хэр зэрэг тэссэн?

- Шил юм цааш нь харуулсан шүү. Гэхдээ бид хоёрт Лилиенталь тусалсан л даа. Би нэг литр хар түрс авч очсон юм. Фишер нөгөөдөхийг чинь талхан дээр зузаан гэгч нь түрхээд л идээд байсан. Баншинд бол ам ч хүрэхгүй. Наад бол харин банш нь сайхан. Тэр орой Бобби зөндөө уйлсан. Фишерт 100 мянган доллар өгсөн чинь тэр нэг юм хэлэх гэснээ болиод таг дуугүй болчихсон. Архинаас хоёр дараалж татчихаад л дараа нь үг хэлсэн. “Анх удаа л намайг хуурсангүй” гэхдээ нүдэнд нь нулимс цийлэгнэж, хоолой нь чичирч байлаа. Америкт “Бобби Фишерийн сургууль” гэсэн нэвтрүүлэг шинээр нээчихээд түүнд ганц цент ч өгөөгүй. Бичсэн номуудынх нь хөлс мөнгө нь ч яагаад ч юм олдоогүй. 70-аад оны үед Зөвлөлтийн “Физкультура и спорт” гэдэг хэвлэлийн газар Фишерийн “Миний мартагдашгүй 60 өрөг” гэдэг номыг нь 100 мянган хувь хэвлэсэн атлаа түүнд мөн л ямар ч мөнгө өгөөгүй. ЗХУ задран унасны дараа Фишер манай төр засагт хандаж хулгайгаар хэвлэгдсэн номынхоо шагналыг нэхсэн боловч түүнийг эелдэгхнээр зайлуулсан. Би энэ улсын иргэний хувьд шударга ёсыг эргүүлж авчрахыг бодсон юм. Тэгээд л надтай уулзахдаа Фишерийн сэтгэл ийн хөдөлсөн хэрэг л дээ. Тэр ч бүү хэл надтай дөрвөн өрөг тоглохыг зөвшөөрсөн гээч.

- Нийтийн сонгодог шатар уу?

- Шатраа өрж эхэлмэгцээ Фишер ярвайгаад: “Chess is dead”. Шатар үхсэн. Минийхээр тоглоё гэв. Тэгээд бид “Фишерийн” шатар тоглосон юм. Компьютерээс аврагдах боломж гэж өөрийнхөө шатрыг үздэг байсан юм. Нийтийн сонгодог шатарт эхний 10 нүүдэл бүрэн тооцоологдчихсон, бодох шаардлага байхгүй. Блиц тоглоход нэг нүүдэлд хагас секунд л хэрэгтэй. Фишерийн шатарт бол дүрсүүдийг тоглох бүрт тохиолдлын байдлаар ямар ч хамаагүй байрлалаар өрдөг учраас эхнээсээ л бодох шаардлага гардаг.

- Фишер өөрийнхөө бүх өргийг цээжээр мэддэг гэж нэг хүн бичсэн байсан.

- Үнэн байх. Гайхалтай ойтой хүн шүү. Манай сонин сэтгүүлүүдийг байнга уншдаг. Санаанд оромгүй хачин мэдээллийг тогтоочихсон байдаг. Жишээ нь, ЗХУ жилд хичнээн тонн ган хайлуулдаг, хичнээн автомашин үйлдвэрлэдэг гэх мэт. Төрийн Думын депутатуудын тоог ч зөрүүгүй мэднэ. Би бүр гайхдаг байсан.

- Таны өгсөн 100 мянган долларыг тэр юунд зарсан бол?

- Мэдэхгүй. Асуугаагүй. Харин Бобби байнга Филиппин рүү нисдэг байсныг мэдэх юм. Тэнд найз хүүхэн нь байдаг байсан.

- Фишер 64-тэй байхдаа юунаас болж нас барсан юм бол?

- 64 буудал.

- ???

- Шатрын хөлгийн нэг буудалд нэг жил амьдарч явсаар захад нь хүрч, буудал дууссан учраас явахаар шийдсэн байх. Би тэгэж боддог.

- Фишерийг Та суут хүн гэсэн. Өөр тийм суут гэхээр хүнтэй та тааралдаж байв уу?

- Перельман9. Харамсалтай нь би танихгүй. Гэхдээ нэг хүнээр дамжуулж харьцдаг юм. Хагас жилийн өмнө би түүнд нэг сонирхолтой санал тавьсан юм. Хариуг нь хүлээж л сууна.

- Ямар санал вэ?

- Уучлаарай, одоохондоо хэлж боломгүй байна. Перельман бас шатар тоглодог. Тэр маш сонирхолтой хүн. Сая доллараас татгалзсан явдал нь суут нээлтээ мөнгөний төлөө хийгээгүй гэдгээ ойлгуулсан хэрэг байх. Хэдийгээр ард түмэн түүнийг ойлгоогүй байгаа ч гэсэн. Би тэр сэдвээр явсан нэг нэвтрүүлгийг үзсэн. Перельманы хөршүүд, тэр мөнгийг нь аваад ядаж орцондоо засвар хийхэд яадаг байна аа гэцгээж ч байх шиг. Бас зарим нь эмнэлэг, хүүхэд асрамжийн газарт тусламж гуйгаад л. Миний бодлоор бол Перельман зөн совингоо л дагасан байх. Би харь гаригийнхантай холбогдсоноо яагаад ярихаар шийдсэнийг ойлгосон уу?

- Яагаад?

- Бас л зөн совингоор. Түүнээс биш би, за маргааш намайг “Свобода” радиогоос дуудах байх, тэгэхээр нь очоод бүх үнэнээ ярина даа гэж бодоод сууж байгаагүй шүү дээ. Хэн ч миний хэл амнаас татаагүй. Энэ нь хэнд ямар ашигтай юм бэ гэдгийг бодоод үз л дээ. Тэр тусмаа нэг улсын, бас олон улсын нэг холбооны ерөнхийлөгчид. Яах ийхийн зуургүй л: “Өө за за, ногоон өвстэй10 зууралдчихсан хүнийг ямар улсын тэргүүн гэдэг юм бэ? Энэ жаахан “юмтай” байх аа? Түүнийг Кащенко11 руу л явуулбал таарна даа” гэсэн үг яриа тарчихсан. Арваад жилийн өмнө дөө, нэг телевизийн нэвтрүүлэгт уригдлаа. Босоо засаглал гэсэн сэдэвтэй хэлэлцүүлэг. Бүтэн сайн өдөр. Аймшигтай залхуутай нуршаа яриа. Студид нь янз янзын л хүмүүс, нэг испани сэтгүүлч ч байх шиг. Нөгөөх дээрээсээ доошоо чиглэсэн дарга, удирдлагуудын тухай л нуршицгаагаад байх юм. Гэнэт миний тэвчээр алдарч: “Юун вертикаль ярьцгаагаад байгаан бэ? Дээрээс удирддаг хүмүүс байж л байхад” гэвэл “Тэд чинь хэн юм бэ?” гэж байна.“Харь гаригийнхан”. “Та тэдэнтэй арай уулздаг юм биш биз дээ?”. “Уулзалгүй яахав”. Таг чимээгүй болцгоочихдог юм байна. Нэвтрүүлгийн үлдсэн хагас цагт би тэднээр тоглоом наадам хийгээгүй, чин үнэнээ хэлсэн гэдгээ ойлгуулах гэж их хичээсэн шүү.

- Дараа нь харамссан уу?

- Илүү ч юм ярьчихав уу даа гэж дараа нь хальт бодогдсон л доо. Гэхдээ нэгэнт л тэндээс сигнал өгсөн болохоор би чрих ёстой л байсан. Би өөрөө санаанаасаа юм зохиогоогүй юм чинь.

- Зохиолч Андрей Битов цэргээс халагдаад “Бурхны авралаар бас нэг туршлага эзэмшлээ” гэж дуу алдсан гэсэн. Түүнийг уншдаг уу?

- Уншина аа. Миний бодлоор эр хүнд арми ач тустай. Би армид их хатуужсан. “Хал” цэргүүд их зовоодог байсан ч гэсэн. “Хэн байгаагүй нь энд ирнэ. Хэн байсан нь гуталтай 730 хоногийг хэзээ ч мартахгүй” гэж би халагдах үеийн альбомныхоо эхний хуудсанд бичээд хажууд нь маршал Устиновын зураг, бас халагдах тушаалынхаа хуулбарыг наачихсан.

- Та чинь 1980 онд цэрэгт татагдсан. Афганистан явчих ч магадгүй байж дээ.

- Би тийшээ чинь явах гэж хичнээн зүтгэсэн гээч. Анх цэрэг татлагын комисст л Афганистан явуулж өгөөч гэж өргөдлөө бичсэн. Түүнээс хагас жилийн дараа холбооны ангид очсон хойноо дахиж бичсэн. Штабын даргадаа хэлсэн чинь “Дуугүй эндээ албаа хаа” гээд хавьтуулаагүй. Тэнд үлдсэнийх би харин шинэ цэргүүдтэй хэрхэн ажиллах тухай гарын авлага зохиосон шүү.

- Та өөрөө бичсэн юм уу?

- Тийм тийм. Ахлах сержант Илюмжиновын гарын авлага

2011 он. https://www.facebook.com/notes/%D0%B1%D0%BE%D1%80-%D1%88%D1%83%D0%B2%D1%83%D1%83/%D0%BA%D0%B8%D1%80%D1%81%D0%B0%D0%BD-%D0%B8%D0%BB%D1%8E%D0%BC%D0%B6%D0%B8%D0%BD%D0%BE%D0%B2-%D0%B3%D1%8D%D0%B6-%D1%85%D1%8D%D0%BD-%D0%B1%D1%8D-%D1%81%D0%BE%D0%BD%D0%B8%D1%80%D1%85%D0%BE%D0%BB%D1%82%D0%BE%D0%B9-%D1%8F%D1%80%D0%B8%D0%BB%D1%86%D0%BB%D0%B0%D0%B3%D0%B0-%D0%B1%D0%B0%D0%B9%D0%BD%D0%B0/258342250876374

MANahmaduud

Image

Төрсөн он

Зүг мөрөө гаргах хийгээд унших тарни, засал ном

Суудлын цээр гаргах хийгээд анхаарах зүйл

Гал

Эр

1909, 1917, 1925, 1933, 1941, 1949, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013 Галд суусан бол гэрээсээ зүүн урд зүгт гарч «Ум базар дагийний хум мамаа бизьяа суухай» тарнийг 7-21 удаа уншаад галд ус өргөөд /шүдэнз зураад түүнээ ус, цасаар унтраана гэсэн үг/ урд зүгээс гэртээ ирнэ. Түүнчлэн Сундуй, Доржнамжим, Лхам, Ширнэн, Сэдэд зэрэг ном айлтгуулж суудлын заслаа хийнэ. Энэ жилдээ улаан өнгийн эд, морь мал, арьс үс авахыг цээрлэнэ. Унаа мал унахдаа болгоомжил. Улаан идээ бүү гарга. Зун, намрын цагг сэрэмжил. Толгой ба цээжин биеэ элдэв өвчинд өртөхөөс болгоомжил. Ад, албины хорлол болох
магадлалтай.

Эм

1905, 1913, 1921, 1929, 1937, 1945, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009

Шороо

Эр

1908, 1916, 1924, 1932, 1940, 1948, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004, 2012 Шороонд суусан бол баруун зүг гарч «Ум бадма дагийний хум мамаа бизьяа суухай» тарнийг 7-21 удаа уншаад газарт модны үртэс цацаад баруун урд зүгээс гэртээ ирнэ. Жадамба, Сундуй, Додьгалсан, Санжид молом зэрэг ном айлтгуулж суудлын заслаа хийнэ. Энэ жилдээ эмгэн хүний малгай, шавар эдлэл бүү ав. Алт мөн зэс, төмөр авахгүй. Улаан хонины мах, чоно барьсан малын мах идэхгүй. Бэлэвсэн эмгэний идээнд бүү хүр. Хонь хөтөлж холоос ирсэн эм хүнийг гэртээ бүү оруул. Газар шороо ухах, хад чул булгалах, дархны үйл үйлдэх, оршуулгын газар очих тэргүүтнийг цээрлэ. Газар усны хорлол, хүүрийн бузраас болгоомжил. Жалга ганга, суваг шуудууны ирмэг, ам бараантан харлах үес мөн цас мөс хайлах цагт сэрэмжил. Лус савдаг, газар усны эзний хорлолд өртөх магадлалтай.

Эм

1906, 1914, 1922, 1930, 1938, 1946, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010

Төмөр

Эр

1907, 1915, 1923, 1931, 1939, 1947, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011 Төмөрт суусан бол гэрээсээ баруун урд зүгт гарч «Ум раднаа дагийний хум мамаа бизьяа суухай» тарнийг 7-21 удаа уншаад шүдэнз асаан төмөрт хүргээд баруунаас гэртээ ирнэ. Гомбо, Догсүм, Дашзэвэг, 8 гэгээн, Усан балин зэрэг ном айлтгуулж суудлын заслаа хийнэ. Энэ жилдээ чоно, нохойд хазуулсан малын мах, ялангуяа зүүн хавирганых нь махыг идэхийг цээрлэ. Хуяг дуулга, хутга мэс, хүзүүний зүүлт бүү ав. Хутга мэсний аюулыг анхаар. Уушги, зүрх, бүдүүн гэдэсний өвчнөөс сэрэмжил. Гол мөрний ус зайрмагтан хөлдөх үед болгоомжил. Ад зэтгэр, шулмын хорлолд өртөх магадлалтай.

Эм

1907, 1915, 1923, 1931, 1939, 1947, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011

Огторгуй

Эр

1906, 1914, 1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010 Огторгуйд суусан бол зүүн хойд зүгт гэрээсээ гарч «Ум пагма дагийний хум, мамаа бизьяа суухай» тарнийг 7-21 удаа уншаад огторгуйд модны үртэс цацаад баруун хойд зүгээс гэртээ ирнэ. Чойжоо, Нити, Намхайнинбо, Дүшпима, Банзрагч, Санжидмолом зэрэг ном айлтгуулан суудлаа засаж болно. Энэ жилдээ шар өнгийн эд, нохой авах, тарваганы мах идэхийг тэвч. Зэс, төмөр, хуримын эд авах, өндөрлөг газар явахыг цээрлэ. Шинэ гэр барих, эвдэрхий гэр сэлбэж болохгүй. Холоос ирсэн доголон хүнийг гэртээ бүү оруул. Сэтгэл тавгүйтэх, хөл, толгой өвдөх, нойр муудахаас сэрэмжил. Газар хөлдөх цагаар хянуур бай. Ад тийрэн, бугийн хорлолд өртөх магадлалтай.

Эм

1908, 1916, 1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004, 2012

Ус

Эр

1905, 1913, 1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009 Усанд суусан бол зүүн зүгт гарч «Ум гарма дагийний хум мама бизьяа суухай» тарнийг 7-21 удаа уншаад ус асгаад түүндээ шороо хийж хойд зүгээс гэртээ ирнэ. Лхам, Алтангэрэл, Бадамгарав, Лусын балин зэрэг ном айлтгуулж суудлаа засна. Энэ жилдээ шар, хар өнгийн эд авах, гахай, загасны мах идэхийг тэвч. Хулгайн мах идэхгүй. Худ ураг бололцохыг цээрлэ. Хур бороо элбэгшиж, ус үерлэх үеэр болгоомжил. Бөөр, сав, гэдэс, уруул ам, үе мөчний өвчнөөс сэрэмжил. Лус савдаг, усны аюулд өртөх магадлалтай.

Эм

1909, 1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013

Уул

Эр

1912, 1920, 1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008 Ууланд суусан бол «Ум будда дагийний хум мамаа бизьяа суухай» тарнийг 7-21 удаа уншин баруун хойд зүгт гарах ба ууланд модны үртэс цацаад зүүн хойноос гэртээ ирнэ. Эсвэл Гомбо, Шалши, Жадамба, Савдаг дондол сан, Банзрагч зэрэг ном айлтгуулж суудлын заслаа хийнэ. Энэ жилдээ ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ унд хэрэглэх, хар малгай, хувцас авах, өмсөхийг цээрлэ. Зэр зэвсэг, гудас дэвсгэр бүү ав. өвс хатах, газар хөлдөж, урьунан, хүйт хургах үеэр анхааралтай бай. Ам ангах, үс унах, шарх гарах, шар ус гүйх зэрэг өвчнөөс сэрэмжил. Газрын эзний хорлолд өртөх магадлалтай.

Эм

1910, 1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006

Мод

Эр

1911, 1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007 Модонд суусан бол гэрээсээ хойд зүгт гарч «Ум базар дагийний хум мамаа бизьяа суухай» тарнийг 7-21 удаа уншаад модонд төмрийн үртэс цацаад зүүн зүгээс гэртээ ирнэ. Гомбо, Сундуй, Дуншиг, Цанжид, Чавдар зэрэг ном айлтгуулан суудлын хорио цээр, заслыг хийлгэж болно. Энэ жилдээ мод огтлох, хутга мэсээр оролдох, хөх өнгийн эд авах, ирвэсний арьс авах, хэл ам, маргаан хийх, гөрөөсний мах идэхээс зайлсхийж яв. Бүс, илжиг, бух, ирвэс, барын арьс бүү ав. Элэг, цөс, гэдэс, яр түүхий, хөлний өвчнөөс сэрэмжил. Мод гөлөглөх үеэр болгоомжил. Лус, газрын эзний хорлолд өртөх магадлалтай.

Эм

1910, 1918, 1926, 1934, 1942, 1950, 1959, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006

Хий

Эр

1910, 1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1968, 1974, 1982, 1990, 1998, 2006 Хийнд суусан бол урд зүгт гарч «Ум базар пад дагийний хум, мама бизьяа суухай» тарнийг 7-21 удаа уриад салхинд модны үртэс цацаад зүүн урд зүгээс гэртээ ирнэ. Лхам, Жадамба, Жүгдэргарнаг, Догсум, Ширнэн зэрэг ном айлтгуулан суудлаа засаж болно. Энэ жилдээ шар өнгийн эд авах, хэрүүл маргааныг цээрлэ. Хайнаг, галзуу адгуусны мах идэхгүй. Чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл. Хавар, намрын цагаар анхааралтай бай. Салхи шуурганаас болгоомжил. Салхи газрын эзний хорлолд өртөх магадлалтай.

Эм

1912, 1920, 1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008

Жич: Энэ жил хий суудалд суусан хүмүүсийн хувьд хийморийн зүгт нь жилийн хар нохойн ам таарч байгаа тул хойд зүгт гарч баруун урд зүгээс ирвэл зохистой.

Зарим анхаарвал зохих жилтэн: Бүх тахиа жилтнүүд ялангуяа 1957 оны тахиа жилтэн, мөн бич жилтнүүд засал номоо заавал хийх шаардлагатай.

Тэрчлэн туулай, гахай жилтнүүд сүлд хийморийн засал номоо сайн хийлгэвэл зохилтой.

 

“Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэг үзэгчдийн оюуны “шүүхэд” очоод хоёр оныг үзэв. Рекламны шторк, клип хийдэг, эрэл хийсэн кино хийдэг “Hero” энтертайментын залуу уран бүтээлчид. Хөл, толгой хоёр дээрээ тогтоож эхэлсэн бүтээлчдийн “бөөгнөрөл” гэж хэлж болно. Тэд юмыг мэдрэмтгий, сэдэмтгий “бүлэг хүмүүс”.

Тэр эмзэглэл нь хөдөлж “Монгол тулгатны зуун эрхэм” гэсэн цуврал нэвтрүүлэг хийх “өвчин” олоод дуншиж явахад нь үүнтэй үзүүр нэгэн бодол өвөрлөж явсан П.Анужин хэмээх бүсгүйтэй тохиож, санал бодлын санаа нийлсэн сэдэлд хүрч энэ ажл (төслийг) эхлүүлсэн. Санаачлагчдын нэгэн гол бие хүний нэг нь Анужин яах аргагүй мөн билээ.

Энэ нэвтрүүлэг эхлэх эдийн засгийн боломж нөхцөлийг түүний хань А.Эрдэнэбатын эрхэлдэг “Мизү” компани ивээн тэтгэж эхлүүлсэн, үгүйсгэж хэн ч үл чадах үйлс. А.Эрдэнэбат хэмээх хийх бүтээхийн төлөө төрсөн юм шиг энэ залуу гэргийгээ телевизийн “од” болгон ширтэж суух гэж донтсон биш, монгол түмэндээ хэрэгтэй юм хийх хумүүст туслах дэмжих ёстой гэсэн сэтгэлийн зарлигтаа захирагдсан хэрэг биз!

Бас ханийнхаа хийх бүтээх гэсэн хүсэл эрмэлзлийг хүндэтгэж, зориулсан их хайрынх нь нэгээхэн хэсэг нь байсан биз! “Hero” энтертайнментын уран бүтээлчид намайг нэмэр нөөлөг болооч гэж хүссэн. Би эхлээд нэрнээс нь татгалзсан. “Монгол туургатны” гэдэг үгийг “Монгол тулгатны” гэмээр байна гэснээс бидний үл ойлголцох, төгс ойлголцох үйл явдал эхэлсэн.

Хэрвээ бид Монгол туургатан юм бол туурган дотроо бөөн бүрэн оршиж байх нь яасан юм бэ? Дэлхийгээр нэг арвай шиг тарчихаад…? “Монгол тулгатан” гэвэл, “Их Монгол” хэмээх угсааныхаа тулгаа ойр холуур тойроод, өөр өөрийн галаа асаагаад яваа юм болов уу гэсэн миний бодолдоо эахирагдсан “авир” хөдөлсөн хэрэг. Бид үгээ ололцсон… Ааш, сэтгэл, зорилго нэгдэж ажиллаж эхэлсэн…
Итгэл үнэмшил, бидний хүсэл мөрөөдлийн өнцгүүд зөв барилдсан хэрэг… Ингээд бүтээл эхлэсэн… Энэ нэвтрүүлгэд орох, ард түмний хүлээн зөвшөөрсөн хүнийг сонгох гэдэг нэвтрүүлэг хийхээс илүү зөв онч, шийдэл шаардаж эхэлсэн. Хүн болгон эрхэм, хүн төрөлхтөн бүгдээрээ эрхэм болохоор хэцүү байсан. Гэхдээ, ард түмэн өөрсдийнхөө бахархал, хүндэтгэл, онцгой гэснээ хэний ч оролцоогүй өөрөө бүтээдэг учраас тэднийхээ таалалд ойртохыг хичээсэн эрэлд бид “хатаж” эхэлсэн.

Мөн бидний хажууд “он цаг” хэмээх агуу их шалгуур зогсч байсан болохоор алдаа онооны алин ч бидэнд “хөрш” байсан даа. Аливаа хийсэн бүтээсэн зүйл, хүн бүхэнд таалагдах албагүй ч нэлээд олон үзэгч, энэ нэвтрүүлэгт таатай хандаж байгаа нь бидний урмыг хугалж биш, ургуулж байгаад баярлаад ханашгүй… Нэвтрүүлэг эхэлснээс хойш бид тийм баяр, магтаалаар дүүрэн байсангүй.

Тийм тохиолдол ч амьдралын их далайд байдаг ч үгүй. Бидний эрхмүүдийн дунд чинь, “Би энэ нэвтрүүлгэд орох ёстой хүн”, эсвэл “Би ороогүй байсан ч том”, эсвэл орсон хойноо эд нар ингэх ёстой гэсэн бодолтой хүмүүстэй тааралдах юм… Энэ нэвтрүүлэг бол Монголын авьяас оюун төгөлдөр уран бүтээлч, сэтгүүлчдийн хэн нь ч хийж болох чадах нэг л нэвтрүүлэг шүү дээ.

Нэвтрүүлэг үргэлжлэх тусам, нэвтрүүлгийг тойрсон шуугиан хар цагаанаараа алаглан, намрын шар өвсний түймэр мэт өрвөлзөн асав. Монголчууд минь юм бүтээх гэсэн болгондоо дургүй болчихоо юу гэтэл үгүй ч юм шиг… Явж явж юу бодсоноо, юу санаснаа илэрхийлж байдаг, хяналтгүй дур зорго, үг хэлэх нийтлэх эрхийнхээ хэм хэмжээг ойлголгүй дургидаг “зэрлэг эрх чөлөө” гэдгийг эдлээд байна уу даа гэсэн дүгнэлтэд хүрлээ…

Хүн болгон өөртөө оногдсон ардчилал, эрх чөлөөтэй байдаг ч “үнэн” гэдэг хөдөлшгүй хэмжүүрт захирагдмаар санагддаг. Хүн төрөлхтний олон он жилд жигшиж ирсэн атлаа, сэтгэл үйл хөддөлөөсөө халж одоо болтол чадаагүй нэгэн зүйл бол гүтгэлэг юм. Энэ үйлдэлд эхнээсээ аваад энэ нэвтрүүлгийг бүтээгчид өртөж эхэлсэн. Гүтгүүлсэн хүмүүс үнэнээ олж чадалгүй хорвоог олонтаа орхиж байсан…

Гүтгэлэг заримдаа үнэний орон дээр цагариглаж хэвтэх цаг зөндөөн байдаг. Монголын их хэлмэгдүүлэлтийн язгуур утга нь гүтгэлэг байсныг бид мэднэ. “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэгт орох хүн олон саяар хэмжигдэх мөнгө төлдөг л гэнэ. Ану Лхагвасүрэнд зуун сая төгрөг өгч хамт хөтлөхөөр болж гэнэ… гээд л нэвтрүүлгийн анхны дугааруудтай уралдаад гарч эхэлсэн.

Сонгуульд дэвшсэн хүний мөнгө авч сурталчилж байна, их мөнгө авч байна гээд л үргэлжлүүлж эхэлсэн… Ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар Хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав, Ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар Цогзолмаа нарыг сонгуульд нэрээ дэвшүүлнэ… гэж яаж бодов. 91 настай зохиолч Б.Бааст гуай сонгуульд нэрээ дэвшүүлэх үү.

Сонгуулийн өмнө үед уран бүтээлчид маань зүрх алдаж, гүтгэлэгт сөгдөж, бичиж бэлтгэсэн олон нэвтрүүлгээ хойш тавихад хүрч цаг хугацааны хохирол амсацгаасан… Намын дарга У.Хүрэлсүх, Х.Баттулга нар энэ нэвтрүүлэгт орсноороо сонгогдоогүй. Улс төрд гарч ирэх магадлал бүрэн байсандаа тэд сонгогдсон. Нэвтрүүлгийн дунд бид сонгууль гэсэн үг нэгийг ч яриагүй…

Ер нь манайханд яахаараа, дэвшсэн хүнийг магтаж хэлсэн байвал, сонгуулийн сурталчилгаа болдог, дэвшсэн хүнийг цусыг нь гартал муу хэлбэл сурталчилгаа биш байдаг журам үйлчилдэг юм бэ? Ард түмэн сонгогчид сайнтай муутай ч үнэн зөв мэдээллээр хангагдаж байж зөв сонголт хийнэ биз дээ! Харин ганцхан удаа Баабараас “Сонгуульд нэрээ дэвшүүлэх үү” гэж асуусан тэгхэд Баабар тэнэг хүн ч цочихооор хариулт өгч намайг л лав баярлуулсан…

Баабар “том” гэж хэлэх ч багадахаар агуужим сэхээтэн юм билээ… Бид сонгуулиас шалтгаалан бэлтгэсэн гучин нэвтрүүлгээсээ алийг нь цацахаа мэдэхгүй балгардаж улс төр, хэнээрхлийн тоосон дунд даруулсан… “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэг урьд өмнө байгаагүй, бусад хүн хийж чадахгүй нэвтрүүлэг болсон гэхгүй ч, ямар ч байсан хэсэг уран бүтээлчийн эрэл эгээрлийн нэгэн өнцөг байсан гэдгийг нуух аргагүй.

Энэ нэвтрүүлгийн гол ноён нуруу нь уул нэвтрүүлгийн “зочин” юм. Энэ нэвтрүүлгийг бүтээгч олон багануудын нэг нь Анужин юм. Анужин бид нар энэ нэвтрүүлгийг бүтээх, үргэлжлүүлэхийн тулд оюун ухаан бодол, хүсэл тэмүүлэл нэгдсэн хүмүүс. Хүн гэдэг бие биенээ нэвт мэдэгч байж чаддаггүй мөртлөө мэддэг царайлж бие биенээ магтаж, доромжилж чаддаг. Би өгүүлэн бичиж буй зүйлээ “өмөөрхүй” гэж нэрлэх гэж анх бодсон…

Эцгийн нь хайр, эхийн нь сүү, ханийн нь ухаан Анужингийн үнэнийг өмөөрч байгаа болохоор миний өмөөрөл багадаж санагдсан… Нэгэн зүг, нэгэн зорилгын дор нэгдэж зүтгэснээсээ хойш Анужинг би өөрийнхөө, үзсэн, уншсан, дуулсан насалсан он жилүүдийнхээ өмнөөс мэдэх болсон юм. Энэ нэвтрүүлгийг янз бүрийн өнцгөөс харсан олон сайнтай муутай дүгнэлт, хүндэтгэл доромжлолыг бид амсч байгаа ч Анужин хэмээх эмэгтэйг илүү дайрч байгаа доромжлол, гүтгэлэг хэрээс хэтэрч, арай дэндэж байгаад хагас хугас ч болов мэдэх хүний хувьд, зүйрлэх олон хүүхэдтэй эцэг хүний хувьд дуугарахаас аргагүйд хүрсэн минь энэ.

Хүн хүнээ хэлж болдог ч арай дэндлээ… Анужин өнөөдөр, цэргийн сургуулийн талбай дахь бууны бай шиг сийчүүлж дууслаа. Энэ нэвтүүлгийг хөтлөснийхөө төлөө шүү! Сэтгүүлзүйн ертөнцөд огт сураггүй байсан нэгэн, өөр мэргэжил боловсролтой хүүхэн ороод ирэхээр хүмүүс цочирдох нь мэдээж… Гэвч энэ сонголтоо хэрхэн гүйцэтгэж байгааг илтэд харж байгаа болохоороо сайн болбоос хүндэтгэл үзүүлэх, эсвэл үл хүндэтгэх эрх үзэгчид, ард түмэнд бүрэн байгаа.

Ингэхийн оронд доромжлох, гүтгэх, хэлшгүй муугаар дайрах давшлах давуу эрх хэнд ч байхгүй шүү дээ! Хөгжил дэвшлийн эрхэм үеийн хүн чанар, оюуны соёлыг хэсэг бүдүүлэг хүмүүсээс би нэхэж байна… Гэр бүлийн дотоод эрх чөлөөнд бүдүүлгээр халдаж бусниулах, амар амгалан байлгахад нь хортойгоор ул үндэсгүй үймүүлэх гэдэг өнөөгийн хүн төрөлхтний мартаж яваа зүйл гэж би ойлгодог байсан. Гэтэл үгүй байна.

Туулайн чинээ худлыг уулын чинээ үнэн болдгийг би хөндлөнгөөс харсаар байна. Анужинг хуралд сууж байхад нь зочид буудлаас тийм хүнтэй гарлаа… гэж гэр лүү нь утастдаг гэнэ. Эмэгтэй хүнийг хэлэхэд ухаанд багтамгүй үгээр интернэт  дэх сайтууд дээр үргэлж бичнэ. Хажууд нь бас намайг өвгөн хятад, саятнуудыг панаалдаж уйлуулдаг хөгшин зөнөг, ер нь хэлээгүй үг алга! Миний хувьд энэ бүхэн хөлийн оймсон дотор бөөс гүйхийн ч дайтай санагддаггүй.

Би хорвоод ирээд олон аргадуулж, олон доромжлуулсан тул надад үл халдваржихын дархлаа суусан… Монголын ард түмэн намайг гэрэл сүүдэртэй минь мэднэ. Тэнүүлчин америк жүжигчнийг, Монгол гэлээ ч гэх шиг… Бид Монголоороо байж чадахгүй байхад нэг америк эр, “Би монгол хүн” гэж Монгол байхын хүслэнд автаж донтож явахад яадаг юм бэ? Гэхдээ энэ хүнд Монгол цусны улбаа буйг хатуу дурдая!

Анужин МУИС-ийн олон улсын харилцааны дээд сургуулийг дүүргэсэн, Япон улсад олон улсын хуульч мэргэжлээр магистр хамгаалсан. Энэ чиглэлээрээ Японд долоон жил ажилласан. Сүүлийн арваад жилд нь макробиотикийн чиглэлээр ажиллаж, эрүүл монгол хүнийг олон болгохын төлөө зүтгэж, “Макробиотик XXI-p зуун” гэдэг ном бичиж хэвлүүлсэн юм билээ…

Боловсролтой Монгол иргэн байгаа биз дээ! Монголоо гэсэн чин сэтгэлтэйд нь би баярладаг. “Халхын голын дайн-Номун хааны хилийн будлиан” сэдвээр судалгааны ажил хийжээ. Энэ нь Монголын түүх соёлд бодитой хувь нэмэр гэж хэлэхээс аргагүй. Бүх зүйлд чин сэтгэлээсээ ханддаг, өөрийн гэсэн чиг баримжаа, бие сэтгэлээ авч явж чадах тэнхээ суусан “хүүхэд” юм билээ…

 

Нэг хэсэг хүн сэтгэл зорилго нэгдэн ажиллавал, тэр дундаас сүүдрийг нь түүдэг “Алдаа сүүдрийг мэрэгчид” гараад ирэх бололтой юм. Ойролцоо насны хүмүүс, хоорондоо эр эмсэх ёстой гэнэ. Хөгшин хөвөө нь тэнэг зөнөг заавал байх далд хууль үйлчлээд эхлэх юм… Энэ хуучин үзэгдэл үү? Энэ шинэтгэл гэгч нь юм уу? Орчин тойрны нь хүмүүс хань, үр хүүхэд, ахан дүүсийг нь хүртэл байх газаргүй болтол тамладаг, таамгаас үүссэн, эсвэл сонссон эсвэл бусдад хөлс төлж зохиолгосон энэ бузар үйлдлээс бид хэзээ ангижрах юм бэ?

Нэг гэр бүлээс хүртэл эх орон эхэлдэг гэдэг… Тэгвэл нэг Монгол хүнээс ч эх орон эхэлнэ гэсэн үг! Монголчууд минь яагаад ийм “зэрлэг эрх чөлөөтэй” болчихов. Ядахдаа техник, цахим дэвшилд соёлтой автах арга алга уу? Хэсэг бүлэг бүдүүлэг хүмүүст хандаж, хэлэхэд, хүнд  хэлүүлэхээргүй зүйл өөрөө бүтээж чадаагүй бол бүтээх гэж ядаж яваа хүмүүс рүү битгий нулимж байгаач дээ!

Хүн чанар, мөн чанарын эрэлд хатах хожмын Монголыг би харж байна. Навчаа гүвсэн мод шиг намайг өшигчөөд яана! Нэмээд навч унахгүй, хөл чинь өвдөнө. Шинэ залуу үеээ, чадах болоод чадахгүй юмаа ч хийж суръя! гэж бодож яваа үнэн сэтгэлтнүүдээ битгий гомдоож гоочлооч! Бидний үнэн худал хоёрыг он цаг хатуугаас хатуу шүүх болно… Бие биенээ залгих гэж битгий яар! Ядахдаа цээжнээс нь сүү асгардгийг бодож, бүсгүй хүнийг хайрла!
Ардын Уран Зохиолч, яруу найрагч  Бавуугийн Лхагвасүрэн

 
УИХ-ын гишүүн асан Д.Дондогийг газрын зөвшөөрөл гаргаж өгнө гэж бусдаас их хэмжээний мөнгө залилж, түүнийгээ сонгуулийн суралчилгааны үеэр ашигласан хэрэгт буруутган шалгаж эхлээд багагүй хугацаа өнгөрөөд байгаа. Түүнийг УИХ-ын гишүүнээр ажиллаж байх үед хуулийнхан шалгаж эхэлсэн боловч УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд хэргийг хянаж, шийдвэрлэх явцад саад учраад байсан юм. Тухайн үед нийслэлийн Прокурорын газраас УИХ-ын гишүүн асан Д.Дондогийн хэрэгтэй холбогдуулан түүний эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д удаа дараа тавьж байсан ч хүлээж аваагүй юм. Харин тэрбээр УИХ-ын гишүүнээс буусан тул холбогдох хэргийг өнгөрсөн зунаас эхлэн дахин шалгаж эхэлсэн юм.

Хэргийн явцын талаар Нийслэлийн прокурорын орлогч Е.Сагсайгаас тодруулахад, “Д.Дондогийг өнгөрсөн 2008 оны хоёрдугаар сарын 8-нд өөрийн шадар туслах Г.Сайнбаяртай хамтран “Меридан” гэх компанид орон сууц барих газрын зөвшөөрөл гаргаж өгөх нэрийдлээр 242 мянган ам.доллар буюу 400 орчим сая төгрөг залилсан. Энэ мөнгөө тухайн жил болсон УИХ-ын сонгуулийн сурталчилгаандаа ашигласан гэж буруутган яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн шүүхэд он гармагц шилжүүлсэн. Түүний залилангийн хэрэгт туслах Г.Сайнбаяр, А.Батбилэг, Л.Мөнхсайхан, А.Ариунболд, Д.Баасанхүү нарын 10 гаруй хүнийг холбогдуулан шалгаж байгаа” гэж мэдээлэв.

Дашрамд, УИХ-ын гишүүн асан Д.Дондонгийг Эрүүгийн хуулийн 148.4-т зааснаар “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан, онц аюултай гэмт хэргийг зохион байгуулалттайгаар бүлэглэн үйлдсэн, энэ хэргийн улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр  буруутгаж буй юм. Хэрэв түүний гэм буруутай нь тогтоогдвол шүүхээс эд хөрөнгийг хурааж, 10-15 жилийн ял оноох юм.

Д.ЖАРГАЛ
2001 оны аравдугаар сарын 15-наас эхлэн дайны эрсдлийн даатгал гэх нэрээр Монголын Иргэний агаарын тээвэр компанийн зорчигч бүрийн тийзний үнэ дээр нэмж таван ам.долларын татвар авч орлогыг нь Японд харьяалалтай “Вэст вэлф” хэмээх даатгалын компанийн данс руу эхлээд Хонкгонгоор дамжуулж, дараа нь Японы Токио банк руу шилжүүлэн мөнгө угааж байсан хэрэг олны анхаарлын төвд байна. Дөрвөөс таван улс дамжин үйлдэгдсэн, улс төр, хууль хяналтын байгууллагын ажилтнууд оролцсон гэгдэж буй энэ хэрэгт одоогоор есөн хүнийг сэжигтнээр татаж баривчлаад байгаа билээ. Ингээд эдгээр МИАТ-ын хэрэгт сэжиглэгдэж буй хүмүүсийн талаар мэдээллийг хүргэе. View full article »

10.00 цагаас:

1. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай /Шинэчилсэн найруулга/, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нарын өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх асуудал үргэлжилнэ/.

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2013 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт View full article »

Hero

A very neat and clean, black and red business theme

БОР ШУВУУ

Шуурхай бичил мэдээлэл

Шуурхай бичил мэдээлэл

Голомт

"Өвөг дээдсээсээ бид эх орноо хүлээж авсан, үр ачдаа хүлээлгэж өгнө!" О.Дашбалбар

WordPress.com

WordPress.com is the best place for your personal blog or business site.

Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 4,058 other followers

%d bloggers like this: