Хэд хоногийн өмнөх “Өнөөдөр” сонины дугаар эргүүлтэл Амлалт нэхэх ард түмний холбооны тэргүүн Г.Уянгын “Ардчилсан намд би үнэхээр гоё байж чаддаг байсан” гарчигтай ярилцлагын доторх нэг өгүүлбэр нүдэнд туслаа.

– 2004 оны сонгуулийн дараахан Цогсүрэнгийн Ганболд ах утасдаад, Уянгаа чи томилгоо сонсов уу гэлээ. Үгүй гэсэн чинь Монгол телевизийн даргаар Куландаг томилсон байна гэсэн. Өө тийм үү гэсэн чинь, тэгсэн байна даа цаадуул чинь. Ингэдэг юм даа гэлээ. Тэгээд удалгүй Сайханбилэг утасдсан. Тэр үед Засгийн газрын хэвлэлийн албаны дарга байсан ш дээ. Ерөнхий сайд уулзья гэж байна гэсэн. Тэгээд очиж уулзсан. “Томилгоо сонссон биз дээ” гээд л шууд оронгуут асуулаа. Сонслоо гэсэн чинь тэгээд одоо яая гэж бодож байна гэсэн. Би ямар албан тушаал авна гэсэн биш мэддэг чаддагаа хийнэ дээ л гэлээ. Тэгсэн чинь яамаар байна бодож байгаад эргээд хэлээрэй гэсэн. Телевизийн суваг байна, авбал аваарай гэсэн…

Ерөнхий сайд Ц.Элбэгдорж ажлаа телевизийн сувгийг сонгуулийн бялуу юмуу төрийн өндөр албан тушаалд очсоны хувь, хишиг маягаар түгээхээс эхэлж байжээ. Гэхдээ бүх ард түмэндээ биш! Яахав Г.Уянга суваг аваагүй юм байна. Тэгвэл дараачийн 1-2 жилд “ардчиллыг дэмждэг” хэсэг телевиз мэндэлсэн нь C1  (2005 онд нэвтрүүлгээ эхэлсэн, ард нь УИХ-ын гишүүн Х.Баттулга, З.Энхболд нар байдаг), NTV (2006, УИХ-ын дэд дарга Г.Батхүү), SBN (2006, УИХ-ын гишүүн асан С.Болдхуяг), TM (2006, Үнэт цаасны компанийн захирал Б.Түмэнжаргал) байсан юм. Тэр үед ямар нэгэн тендер, сонгон шалгаруулалт явуулсан уу? Мэдээж үгүй.

Зөвхөн Ц.Элбэгдоржийг мултарсны дараа 2007 онд анх удаа  дуудлага худалдаа зарлагдаж алтны “Гацуурт” компанийн эзэн Л.Чинбат 800 гаруй сая төгрөгөөр суваг авч “Монгол” нэртэй телевиз байгуулсан билээ. Харин дараачийн буюу “Соёмбо”, BTV, “Эх орон” телевизүүдийн сувгийг дахиад л сэмхэн олгосон байна.

http://www.ajiglagch.mn

Сурталчилгаа