Яг үнэндээ бол иргэн надад Ерөнхий сайд, хотын дарга, дүүргийн дарга аль аль нь хэрэггүй л дээ. Хэрэггүй гэдэг нь тэдэнтэй уулзах шаардлага байхгүйгээр барахгүй хэрэв уулзах гэж санавал энэ яваа насандаа чадахгүй биз. Том дарга нар надад хэрэггүй юм гэхэд төрийн үйлчилгээ бол хэрэгтэйгээр барахгүй миний гэр ороны дэргэд бүүр ойр байх ёстой. Хотын даргаас, дүүргийн даргаас илүү хорооны дарга, хорооны цагдаа, хорооны эмч бол аягүй их хэрэг болно. Даанч тэд маань юун надад туслах, эм домоор хангах, амь нас амаглан тайван явахыг минь хамгаалах эрх мэдэл, төсөв мөнгөөрөө маниасаа ялгаагүй бусдыг царайчлагч гуйлагчин. Хороон дарга, хэсгийн дарга , хорооны цагдаа өрхийн эмч нар цалингаа л авна. Тэдэнд төсөв хөрөнгө оруулалтын наад захын эрх хэмжээ байхгүй. Дандаа л гуйлгаар ажил явуулна. Бүх мөнгийг нь дүүрэг хотын дарга нар нь хуу хамаад алга болно. Иргэдэд хүрэх мөнгийг тэд өөрснөө туух гээд л дээш нь хамаж аваад байхгүй юу даа. Дүүрэг гэж нэг бүхэлдээ хэрэггүй шат дамжлага засаг захиргааны нэгж бий. Тэдний төсөв мөнгө ямар их гэж санана. Дүүрэг бүр гурван давхар байшинтай тэндээ багталцахгүй байдаг. Одоо дүүрэг бүр зургаан давхар контор барьж 300-гаад хоолны сав суух төсөл ч явж байна. Нийслэлийн засаг даргын тамгын газар ямар мундаг том гэж бодно. “Хангарьд ордон” гэж төрийн ордноос гурав дахин том ордондоо одоо багтахаа больж байна. Лав шинэ хар ордонд 1000 дарга хоолны сав бий байхаа. Ордон нь том болхоор зэрэг л орон тоо нь илүү олон болдог юм. Жишээ нь Хангарьд ордон баригдхаас өмнө нийслэлийн засаг дарга нэг орлогчтой болоод л байсан. Тэгсэн чинь одоо дөрвөн орлогчтой дөрвөн массажисттай багадаад байна гэнэ. Улс төрийн хошин хэллэгт даргын орлогчыг массажист гэдэг Г.Д Дөрвөн орлогчыг баталсан хурал өөрөө онигоо байдаг. Нийслэлийн иргэдийн хурлын нэг төлөөлөгч сэтгэл нь хөдлөөд засаг даргадаа долигноод ийм санал гаргажээ. Манай нийслэл хот дөрвөн уулын дунд оршдог. Засаг дарга таны суудал бөх бат байхын билэг дэмбэрэл бодож нийслэлийн орлогчыг дөрөв болгоё гэжээ. Тэгээд л нийслэлийн засаг дарга дөрвөн орлогчтой болж дарга нарын орон тоо дөрвөн зуугаар нэмэгдсэн юм билээ. Нийслэл дүүргийн орон тоо их байлаа гээд хийсэн гийсэн ажил байдаггүй. Ямар хотоо хогноос утаанаас салгах юм биш. Иргэд бид амар амаглан айх аюулгүй аж төрөх юм биш. Монгол улсад засаг захиргааны нэгж сум дүүрэг байгуулагдсан нь их сонин инээдэмт түүх байдаг. Сум ингэж байгуулагдсан юм билээ. 1924 онд Оросын большвикууд Монголыг эзэлсний дараа Засгийн газрын Орос зөвлөх Козин манай засаг захригааны хувиарын нэрийг өгсөн байдаг. Хошуу ноён фиодалуудын эрх хэмжээг хасхын тулд ингэх хэргэтэй гээд өөрийнхөө гар бууны дайзтай сумыг суллаад Монголын газрын зураг дээр энд нэг сум энд нэг сум байгуул гээд л ярайтал өржээ. Тэр орос зөвлөхийн бууны сумаар тэмдэг тавьсан газар болгонд “сум” гэдэг засаг захиргааны нэгж үүссэн юм билээ. Дүүрэг |Район| мөн адил. Москва хотод зочилсон Улаанбаатар хотын намын хорооны дарга буцаж ирээд нийслэл хотын засаг захиргааны хуваарийг Москва хоттой адилхан болгох тогтоол гаргажээ. Тэр дарга Октъябрийн район,Найрамдлын район, Ажилчны район, Сүхбаатарын район гээд дөрвөн дүүрэг байгуулчихсан чинь Лениний район байхгүй болчихоод арга хэмжээ авхуулж байсан байгаа юм. Налайх, Багануур, Багахангай юуны нь район байх вэ дээ. Зүгээр томоохон хороо байхгүй юу. Засаг захиргааны ийм инээдтэй бүтэц бий болсны уршгаар хот дүүрэг гэсэн иргэдэд хэрэггүй татварын мөнгө угаах, давхардсан орон тоотой олон газрууд бий болжээ. Дүүрэгт ч хотод ч улсад ч цагдаагийн алба, мэрэгжлийн хяналтын алба, газрын алба, татварын алба, үй олон адилхан албад ажилгүй ажилтнууд бий. Нийслэл хот маань бусад аймаг сумыг бодвол төсвийн мөнгөөр бялхаж, идээд ч барахааргүй төсвийн мөнгө нь илүүднэ.Жил бүр нийслэл хотоос илүүдсэн30 гаран тэрбум төгрөгийг төв засгийн газартаа долигнон шилжүүлж байдаг юм. Нийслэлийн засаг даргын төсвийн мөнгө нь илүүдсэндээ хөдөөгийн бүх оюутныг хотын нийтийн тээврээр үнэгүй зорчуулж буян үйлдэж байдаг. Нийслэлийн засаг даргын мөнгө нь илүүдсэндээ зуд болхоор хөдөөд тусалж, хотын захын ядуус нь үхсэн малын сэг зэмээр хооллож байдаг юм байхдаа.Товчлон өгүүлхэд хотын даргын мөнгө илүүдэж тэрбум тэрбумаар нь цацаж байхад зайлуул муу хороон дарга төсөв байтугай төсвийн захирагчийн эрх ч байхгүй таваргаж явна. Хотын дарга эрхэм хүн хороон даргыг арав хоногч болов хийгээд үзээч. Ядарсан нэгэнд нь 100 000 төгрөг аваад өгчих мэдэлгүй бол хороон даргаар яах юм бэ. Түймэрт шатлаа гэхэд ганц дөрвөн ханатай гэрийн мэдэлгүй бол хороон дарга байгаад яах юм бэ. Ардчилсан төр л юм бол иргэддээ хамгийн ойр эрх мэдэл мөнгө санхүү нь байх ёстой. Яагаад гэвэл иргэдээ хэн нь хэн бэ гэдгийг хамгийн сайн мэддэг нь хороон дарга.Хотын дарга таныг хороон дарга болтол нь доош нь хийх гээгүй байна. Зүгээр л мөнгийг нь санхүүг нь, тендер мендертэй нь, хүн хүчтэй нь хороон даргадаа өгчих.Төсвийн мөнгийг дундаас нь цохидог олон зуун хүн уурлана зарим нь боож үхэж магад. Хууль мууль засах хэрэгтэй гээд элдэв долоон юм ярих байх. Хуулийг засаж ашигтай болгож болноо. Харин хувалзнуудыг болиулна гэдэг л хэцүү. Хороон дарга эрх хэмжээтэй иргэндээ хамгийн ойр байж төрийн үйлчилгээ үзүүлээд ирвэл нийслэлийн иргэд ямар их баярлах бол. Засаг захиргааны давхардсан нэгж болсон дүүргүүдийг бүгдийг нь татан буулга. Давхардсан орон тоонуудыг татан буулгахад цус сорогч гэгчээр мөнгө сорогчын үүр уурхай л эвдэрнэ үү гэхээс иргэд дүүргээр даргаар дутахгүй . Хотын дарга та бол надад ямарч хэрэггүй харин төрд хэрэгтэй. Харин хороон дарга бол иргэн надад хэрэг байна. Хотын дарга таныг хороон дарга болгох гээгүй ээ. Эрх мэдэл хөрөнгө санхүү бүгдийг хороон даргын мэдэлд шилжүүлээд өгчихөөч гэж байгаа юм.
Нийтлэлч  Дашрэнцэн

Сурталчилгаа