Монголчууд утлага хэрэглэдэг байлаа. Тэр нь хоёр янз байсан бөгөөд өвчин эмгэгийг эдгээхийн тулд хүнийг утдаг утлага. Нөгөө нь тарвага мэтийн ан амьтныг нүхэн дотроо орчихоор нь утаж агнадаг байв. Гэвч хорин нэгдүгээр зуунд монголчууд өөрсдөө өөрсдийгөө утдаг болсон нь “Монгол хачин юмны нэг” боллоо.

“Аргалын утаа бургилсан малчны гэрт төрсөн” Өвөг дээдсийн маань ач зээ нар “автын утаа манарсан хотын хороололд” суудаг боллоо.

Хамгийн хачин юм нь монголчууд улсынхаа нийслэлийг “утлагын улсын төв” болгон хувиргажээ. Сүүлийн хориод жилд “Утлагын энэ төвийн” хүчин чадал тасралтгүй нэмэгдэж байгаа нь тоо баримттай тодорхой зүйл болжээ. Улсын нийслэл Улаанбаатар хотын агаарт 260 гаруй төрлийн хорт бодис, утаа тоос байнга цацдаг голомт нь гэвэл:

– Жилдээ 5 сая гаруй тонн түүхий нүүрс түлж утаа уугиулдаг дулааны гурван том станц
– Мөн 400 гаруй тонн нүүрс түлдэг 250-иад уурын жижиг зуухнууд,
– Жилдээ 625 мянган тонн нүүрс түлж, 237 мянган шоо метр мод шатааж утаа “үйлдвэрлэдэг” гэр хорооллын 160-180 мянган өрх айл,
– Нүүрс хүчлийн дутуу исэл, хүнд металын бохир цацаж, тоос шороо дэгдээж явдаг 140 гаруй мянган авто тээврийн хэрэгсэлийн “хүчин зүтгэлээр” улсын маань нийслэл “Улсын төв утлагын” газар болон хувирснаас болж түүнд утагдсан хүүхэд, хөгшид байтугай идэр залуус хүртэл уушигны сүрьеэгээс эхлээд харшил, хатингирын элдэв өвчинтэй болж цаг бусаар хорвоог орхигсод нэмэгдсээр байна. Зөвхөн 2006 онд гэхэд л агаарын бохирдлын улмаас өвчилсөн 7000 хүн нас барсан нь хоёр сая гаруйхан хүн амтай улсад маш харамсалтай хохирол юм. “Монголчуудыг гурван саяас хэтрүүлэвзэй” гэдэг хуучны нууц отоог бид өөрсдөө хэрэгжүүлсээр байна.

Утагдсаар буй нийслэлчүүдийн 10 мянган хүн тутамд амьсгалын тогтолцооны өвчин долоон жилийн тэртээд 648-д тусч байсан бол дөрвөн жилийн дараа 730 болж жил дутам өссөөр байна. Тэгэхээс ч аргагүй. Учир нь агаарын бохирдол шинэ зууны эхний жилээс өнөөг хүртэл (хүхэрлэг хийн агуулга) гуч дахин нэмэгдээд байгаа ажээ.

Ард түмний итгэл хүлээж төр засгийн жолоонд удаа дараа суусан түшмэдүүд маань энэ байдлыг мэдэхийн сайнаар мэдэж байгаа ч гэсэн тэмцэхийн сайнаар тэмцэхгүй суусаар байгаад хориод жилийн нүүрэн дээр хямралын хэмжээнд хүрсэн тул арга буюу “Утаагүй Улаанбаатар” гэдэг төсөл санаачлаад УИХ-д өргөн барих сураг гарлаа. Гэвч түүнийг хүмүүс “Үлгэр ярьж байна” гэцгээх боллоо. Аргагүй л юм даа. Учир нь 2007-2010 онд агаарын бохирдлыг бууруулахад жилд 50 тэрбумын төсев гарган санхүүжүүлэхийг УИХ-ын 46 дугаар тогтоолоор заасан. Гэтэл өмнөх 4 жилд 7.6 тэрбум төгрөгийн их зардлаар утаатай “тэмцсэн” боловч тэр нь утаа болон замхарсан мэт нийслэлийн агаарын бохирдол нэг хувиар ч буураагүй судалгаа гарсан юм.
Тэгэхээр одоогийн “Утаагүй Улаанбаатар” төслөөр бол утааг 2013 онд 30 хувь, 2016 онд 50 хувь бууруулахаар ярьж байгаа тэр хүмүүс 2012 онд болох сонгууль, 2016 онд болон сонгуулиудаар цөмөөрөө теслөө бариад хуралдаж байх нь ч эргэлзээтэй бөгөөд цэвэршээгүй үлдэх 50 хувийн бохирдолыг арилахыг хүлээсээр байтал нэлээн олон хүн хорвоог орхих магадгүй юм.

“Утаанд зургаан тэрбумыг зарцуулсан ч агаарын бохирдол 28 хувиар нэмэгджээ. “(Д. Дамдин), “Утааны 50 тэрбум хаачив?” (Н.Хажид) “7.6 тэрбум төгрөгийг утаанд замхруулжээ”. (Ө.Хүү) гэхчилэн сэтгүүлчид, хумүүс удаа дараа сонин хэвлэлд бичээд байхад л “утаа нэмэгдээд” л зардал “замхраад” л байсан болохоор хүн ардын итгэл алдарч “үлгэр ярьлаа” гэхээс арга ч үгүй юм.

“Утаатай тэмцэгчид” санаа нь зөв ч “бай нь” буруу байснаас “Утаа хургасаар” олон оныг үдсэнд хамаг гачлан бугшсаар буй хэрэг.

Нэгд, гол буруутанг нүүрс түлдэг гэр хороололын айлууд гэж тэд итгэсээр буй.

Хоёрт, олгосон менгө нь утааны болон агаарын бохирдолын эсрэг зарагдаж байгаа гэж тэд бас итгэсээр ирсэн. Энэ хоёр бодол итгэл нь алдаатай ташаарал гэдгийг хэн ч ухаардаггүй нь гачлантай.

Тиймээ, гэр хорооллоос ялангуяа өвлийн цагт их утаа май дэгддэг нь үнээн. Гэвч цаг дулаарахаар айлууд ч утаагаа багасгаж, түшмэдүүд ч утааны тухай “мартчихдаг” л даа.
Утаа гаргадаггүй юмуу бага гаргадаг зуухтай больё гэвэл гэр хорооллын утаа багасна гэцгээгээд бараг л жил бүр нэг овсгоотон нь ямар нэгэн зуух хийж түүнийгээ “шахдаг” болсон. Саяхан “Ентан” зуух гэж нэрлээд солонгосчуудтай хамтран бас нэг төрлийн зуух хийж уржнан, уржий уржинангаас эхлээд нэлээн хэдэн мянгыг үнэгүй тараасан ч гэсэн таарах түлш нь үнэ ихтэй улмаас төдийлөн үр дүнтэй болсонгүй гэдэг.
Одоо болохоор гэр хорооллыг орон сууцжуулж, байшин барилгаар хангаж утаа багасгахаар ярьцгаадаг болсон нь мөн л өрөөсгөл бөгөөд хавьд бүтэшгүй мөрөөдөл байж мэднэ.

Үнэндээ нийслэлийг ахин “Эсгий хот” болгож гэр хорооллоор, хүрээлүүлсэн этгээдүүд бол Улаанбаатар хотын удаа дараагийн удирдлагууд л даа. Тэдний энэ хачин “бизнес” нь олон банктай (зарим нь бүр тэнгэр өөд жад гозойлгосон мэт ёозгүй хэлбэртэй) болоход туслах “үнээ” бөгөөд жил бүр улам нэмэгдэн хотруу шилжин ирэгсдээс татдаг “мөнгө саалтуур” болсонд гол учир нь байгаа ажээ. Жил бүр доод зах нь 10 мянга, дээд зах нь 30 мянган өрх нийслэлд шилжин ирдэгээс орон сууцгүй тэр хүмүүс “эсгий хот” бий болгохоос өөр аргагүй биз. “Хүн олширч л байвал орлого нэмэгдэнэ” гэж панзчингууд үздэг тул иийслэл ачааллаа даахгүй, “ууц нь хугарах” тэдэнд юу ч биш. Хүн ам нэмэгдэхээр хүнснээс гадна бас хүүхэд нэмэгдэнэ гэдгийг ердөө хайхраагүйгээс одоо төрөх газар хүрэлцэхээ байж бараг л “шалан дээр” хүүхдээ төрүүлэхэд хүрээд байгааг цөмөөрөө л харж суух боллоо.

Нийслэл дагуул хоттой болгон тэлж, төв аймгийг “Улаанбаатар” муж болгон өргөтгөх санаачлага гаргахын оронд “нүүлгэх” тухай ярих болсон нь асуудлыг шийдэх тэнхээгүй болохоороо “зугтаан холдох” балар эртний аргад найдах бололтой.

Утаа багасгахад зориулж улсаас өгсөн мөнгийг гэрлэн дохио, чимэглэл “ямаан тэрэг гэхчилэн шал өөр юманд зарцуулчихдаг болсноос хэдэн тэрбумаараа мөнгө үрэгдсээр байна. Харин УИХ-ын аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос саяхан хийсэн шапгапт нь түшмэдүүдийн “нүдийг нээж” улмаар шинэ засгийн газар (С.Батболд ерөнхий сайдтай) утаагүй нийслэлтэй болохын төлөө санаа тавьж эхэлсэн нь сайшаалтай ухаарал юм.

Улаанбаатарын агаарыг гэр хорооллын утаанаас хэдэн хувь илүү хордуулж байгаа хүмүүс бол “шилэн фоорд” хөлгөлсөн их бага түшмэдүүд, тэднийг дагалдагч “цэнхэр мундирүүд” (Лермонтовын үгээр) бөгөөд тэд өөрсдөө өдөр шөнөгүй агаар бохирдуулагч “хорт хий” үйлдвэрлэгчид юм.

Агаарын бохирдлын хортой, нарийн тоосонцор тээгч РМ-10-ийн хэмжээ нь ганц сая гаруйхан хүнтэй Улаанбаатарт 17 сая хүн амтай Бээжин хоттой тэнцэхээр болжээ гэдгийг хэвлэлээр сэтгүүлчид мэдээлсэн нь автомашин хөлгөлсөн “толгойгүй” хүмүүсийн балаг юм. Нэг автомашин нэг минутын дотор 1000-2500 литр агаарыг бохирдуулдаг, нийспэлийн агаарт байгаа азотын давхар ислийн 78-80 хувийг автомашинууд (130-140 мянган чийчаан), мөн нүүрсхүчлийн нийт дутуу ислийн 14-30 хувийг мөн өнөөх дөрвөн дугуйт гаргадаг нь хотын агаарыг өдөр, шөнөгүй (шөнө ч машины хөдөлгөөн тасардаггүй) бохирдуулж хорт бодисууд нь агаараас хүнд жинтэй тул дээрээ доошоо бууж хамгийн түрүүн бага балчир, нялхас хүүхдийг илүүтэй хордуулдаг ажээ. Гэтэл манай түшмэдүүд өөрсдөө зөвшөөрч нийслэлд овооруулсан гэр хорооллынхоныг муулан дайрч суудаг нь бүр заншил болжээ.

Нийслэлээ “утаагүй хот” (утаагүй гэдэг нь үл гүйцэлдэх зөгнөл, утаагүй биш утаа багатай гэвэл арай үнэмшилтэй) болгох юм бол урьдынх шиг өрөөсгөл хандахаа өөрчилж иж бүрэн цогцолбор аргаар ажиллах хэрэгтэй юм.

Нэгд: Гэрт амьдардаг айлууд хоол, цайгаа хийхэд гал түлэх гол хэрэгцээ гардаг тул тэрхүү ran тогтооных нь тоноглолыг шатдаг хийн жижиг зуухаар өргөтгөх нь чухал. Шатдагхийн (метан,бутан) жижиг авсаархан хэрэглэл манайд солонгос зэрэг орноос хямд төсөр авчирч айл өрхийг хангах бүрэн бололцоотой. Бас манай нийслэлд “Горгаз”, “Дашванжил”, “Юнигаз” зэрэг үйлчилгээг иргэд санаачлан нэвтрүүлээд нэлээд хэдэн жил боллоо. Эдгээр санаачлагчдыг улсаас санхүүжилт, бусад дэмжлэгээр хангаж, шатдаг хийн үнэ хөлсийг нь хенгөвчилж (алдагдлыг нь улсаас нөхөж) улмаар шатдаг хий гаднаас зөөх биш дотроо үйлдвэрлэдэг болговоос түүхий нүүрс, элдэв мод тэр ч байтугай яс, нохойн толгой түлж дулаацах ядарсан байдлыг өөрчилж чадна.

Шатдаг хийг (метан) ердөө л малынхаа ялгадасаар үйлдвэрлэх боломжой. Гуч хүртэл хэмийн дулаанд үхрийн ялгадасыг битүү торхонд устай холиод наранд гурван цаг байлгахад л метан гарах энэ аргыг бараг 30 жилийн өмнө “Үнэн” сонинд эрхлэгч нь байхдаа аргачилсан мэдээлэл гаргуулж билээ. Харин ноднин “Зууны мэдээ” сонинд Чинбатын өгсөн ярилцлага (биохий ашиглан хямд үнэтэй эрчим хүч үйлдвэрлэх тухай, 2009 оны 179 дугаарт) биохий үйлдвэрлэхэд бүхэл бүтэн хөтөлбөр болохоор санаа дэвшүүлсэн байлаа. Үүнийг уншсан хүн шууд л гардан хийж эхлэхсэн гэмээр боловч манайхан таг чиг л байх юм. Нийслэлийн 170-аад мянган гэр ергөөтэй айлууд ядаж тал нь шатдаг хий ашиглаад байвал гэр хорооллын утааг гучин хувиар багасгаж болохсон.

Хоёрт: Нийслэлийн агаарыг хордуулж өдөр шөнө, өглөө үдэшгүй, жилийн дөрвөн улирапд бохир “унгас” үйлдвэрлэдэг 140 гаруй мянган автомашины ядаж тал хувийг нь хийн түлш хэрэглэдэг болгочихвол 6 жилд биш 6 сарын дотор л хотын агаар ядаж хорин хувь цэвэршихсэн. Хотын энэ олон мянган төмөр сүргийн 75 хувь нь бензинээр, 25 хувь нь дизель түлш хэрэглэдэг, ердөө 500-хан машин л хийн түлшээр явдаг юм байна. Тэр таван зуугийн эздийн буян дэлгэрч, үлгэр дууриал нь түгээсэй.
Хийн түлш (LPG) хямдхан (бензинээс 20-30 хувь хямд) моторын элэгдлийг хоёр дахин багасгадаг, нэг километрт ердөө л 0.17 граммыг иддэг юм байна. Тэгэхээр авто хөсгийг хийжүүлэх нь эдийн засгийн хувьд ч, эрүүл ахуйн хувьд ч ашигтай бас хийж ядаад төвөг учруулаад байх нь ч гайгүй юм гэлцэнэ.

“Айл өрхөд метан
Авто хөсөгт LPG” гэсэн уриа дэвшүүлж хэрэгжүүлбэл утаан хөшигнөөс чөлөөлөгдөхөд хоёр алхам урагш болохнээ!

Гуравт: Агаар цэвэршүүлэгч ногоог байгууламжийг жил бүр танаж хөнөөсөөр байгаад нийслэлээ барамнасын (РМ-10) тогоо болгон хувиргасаар буй балмад явдлыг хязгаарлан зогсоох хэрэгтэй болжээ. Сая гаруй хүн амтай болтол нь бөөгнөрөл буй болгочихоод хүн бүрт 244 килограм хорт бодис ноогдохоор бохир орчинг бүрдүүлсэн гэмтэнгүүд бол Үндэсний аюулгүй байдалд дайсагнагчид юм. Ахмад үеийнхний тарьсан хэдэн мод бутыг, суулгасан багахан зүлгийг хуу татан хаяж янз бүрийн дэн буудал, архины газар, хогны мухлаг тэргүүтнийг барьж байгуулснаа хотыг “нягтруулж” байна гэдэг үгээр халхлагчид нь Улаанбаатарын уушиг болсон ногоон байгууламжийг хяргаж хөнөөсөөр бүр сүүлдээ хүүхэд залуучуудын ганц цэцэрлэгт хүрээлэнг устгаад улам даварч төрийн ордныхоо орчмын хэдэн мод сөөгийг хөөнөөхөд хүрчээ.

Гэтэл 100 мод огтлоход агаарт жил бүр таван тонн нүүрсхүчлийн хий нэмэгддэг нь судалгаагаар нотлогдсон зүйл. Нийслэлд сүүлийн арав гаруй жилд 10 мянгаар тогтохгүй олон мод хярган хаясан нь агаар цэвэршүүлэхэд гай тарьсан. Уул нь модтой гудамжинд бол тоосжилтыг нь 60 хүртэл хувиар мод нь бууруулдаг гэдэг билээ. Хэрвээ байсан модоо хяргаж хаялгүй жил бүр цөөн ч гэсэн мод тариад байсан бол нийслэлийн хүн амын 40 гаруй хувь нь амьсгалын замын өвчинд нэрвэгдэж 37 мянган хүн жил дутам өвчлөхгүй байж болохсон.

Модыг хядаж сүйтгэхээс гадна тарьсан нэртэй хэдийгээ ч тордож услаж арчилдаггүйгээс нийспэлийн төвд буй барилгуудын ёроол дахь моднууд нь хүртэл хатаж өгөршчихсөн, дэргэдүүр нь түшмэдүүдийн хамгаалалттай тэрэгнүүд өдөр бүр л давхин өнгөрч байх юм. Хорт тоосжилтоос аврах нэг хэрэглүүр ногоон байгууламжаа өөд татахгүй бол “Уушиггүй Улаанбаатарчууд” болоход хүрэх цаг хаяанд иржээ.

Дөрөвт. Улсынхаа нийслэл дунд урвалын хорт бодисыг бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хэрэглэдэг 26 аж ахуй, төмөрлөгийн 30-аад нэгж (голдуу хятадуудын) байрлуулчихсан, тэдгээр нь жилд 8-16 мянган шоо метр бохир ус (химийн хортой бодис бүхий) ялгаруулдаг, тэрнийгээ бүрэн цэвэрлэж чаддаггүй улсбол ганцхан Монгол улс юмаа. Тэрчлэн тоосго, ханын, болон бэхэлгээний гэхчилэн элдэв зүйл үйлдвэрлэдэг газрууд мөн л нийслэлд бөөгнөрсөн нь тоосжилтын уурхай болсны дээр зам засварын ажилд ор нэр тедий хандаж чанаргүй гүйцэтгэлдээ чамалхааргүй мөнгө халаасалдаг газар, аж ахуй, хувь хүмүүсийн балгаар тоосжилтын дээд хэмжээг нийслэл маань өөрийн эрхгүй тогтоогоод байхад эзэнгүй юм шиг л дүлий дүмбэд түшмэдүүд язганалдсаар байна.

Энэ бүхнийг цэгцлэж хорт бодис хэрэглэдэг үйлдвэр, аж ахуйг хотоос гаргах эсвэл технилогийг нь боловсронгуй болгох, эс тэгвэл хаах хүртэл арга хэмжээ авахгүй бол хүн амын тал хувь, түүний дотор хойч үеийг бүрдүүлэх үр хүүхдүүд маань “насгүй” болохнээ.

Тавд: Нийслэл маань хогийн цэг, оршуулгын газраар хүрээлүүлсэн суурин болон хувирч байгаагаас нигшмэл хогийн ой гутам үнэр бас агаарыг бохирдуулсаар удлаа. Жилд 500 мянган тонн хог хаягдал гардаг ч гэх шиг, хог ухагчдын бүхэл бүтэн хороо буй болсон ч гэх шиг тэгсэн мөртлөө “Хогийн сайд” байхгүй хот юм. Бусад оронд хогийг эд баялаг болгон хувиргадаг үйлдвэр аж ахуйн газар ажиллуулж, тэр ч байтугай хогийн асуудал эрхэлсэн “Хогийн сайд” хүртэл байдгийн ачаар хог гэдэг ойлголт өөр болжээ. Гэтэл манайх үүнд сайндаа л хэдэн автомашин гаргаж өгснөөс хэтрэхгүй байх юм. Хогийг үнэт зүйл болгож чаддаггүй юмаа гэхэд шатдаг хий (метан, бутан) гаргаж аваад хийн зуухнуудаа ажиллуулж байвал агаар арай цэвэршихсэн.

Зургаад: гэр хорооллын болон пийшинтэй өрх айлуудын гaл хөсийг автын хуучин дугуй, ажилласан тос шингээсэн улаан тоосго, нохойн зовлого түлэхээс нь хориглож боловсруулсан нүүрс болон үртсэн түлшээр хангах мөн газрын гүний илчийг ашиглах, нар, салхины эрчим хүчийг хэрэглэн цахилгаан гаргаж авах зэрэг санаачлагуудыг дэмжихээс гадна дөрвөн уулынхаа орой дээр овоо биш, нар салхины тосгуур босгох, бас зарим оронд хэрэглэдэг утаа тоос сорох, үлээх “хөөрөг” байрлуулах гэхчилэн олон төрлийн арга саамыг санаачлах, санаачлагчдыг дэмжсэн дайтай дэмжих нь чухал байна. Түүнчлэн тевд тэмүүлэх нүүдлийг (сард 3000 өрх ирдэг, 2004 онд 75 мянган өрх хотод шилжин ирсэн) зохицуулах эрх зүй, зохион байгуулалтын арга хэмжээг иж бүрэн төлөвлөхийг Үндсэн хуулиараа “эрүүл орчинд аж төрөх эрхийг” тунхагласан улсын маань иргэдийн эрх ашиг шаардаж байна. “Утаагүй Улаанбаатар” төслийг иж бүрэн цогцолбор хөтөлбөр болгож бүх талаас нь бодож тунгаан боловсронгуй бодлого гаргах нь “зөгнөл, үлгэр” биш өдөр дутмын бодитой үйл хэрэг болоосой гэж залбирсу.

Л.ТҮДЭВ

Сурталчилгаа