Шаардлага 

Монголчууд аа! Бид бүхний хайрт эх орон гадаад дотоодын түрэмгийлэгч, дарлагчдын талхинд орж, өдрөөс өдөрт сүйдэж мөхсөөр байна. Газар шорооны маань дээр дор буй хамаг баялиг хайр найргүй цөлмөгдөн хоослогдож, монгол хүн бид эх орондоо гишгэх хөрсгүй, амьдрах аргагүй болж байна.

Өнөөгийн бүхий бусармаг, хүлцэнгүй явдлуудыг сөрөн зогсож, зэвсэг барин, амь бие хайргүй тэмцсэн нь “Гал үндэстэн”-ийхэн билээ. Тэд өнгөрөгч онд “Пурам”, “Сэнтэрра” компаниудын хууль бус, балмад үйлдлийг хүч хэрэглэн зогсоосныхоо төлөө баригдаж хоригдож, ял тулгуулж, мөрдөгдөн мөшгигдсөөр өдий хүрсэн ч, шударга үйлс замналаа зогсолтгүй үргэлжлүүлсээр ирсэн билээ. Төр засаг тэдний зүй ёсны шаардлагыг үл ойшоон, хоног хугацааг элээж, цаг хожин аргацаасаар байсан тул, арга буюу ахин зэвсэгт тэмцэлд шилжсээн.

 

Амьд явах нөхцөлгүйд хүргэж, монголын ард түмний өмчлөл болох байгаль орчин, баялаг нөөцөд халдан эзэрхийлж буй гэмт этгээдүүдийн хууль зөрчдөг зэвсгийг, хууль сахиулах зэвсгийн хүчээр ажиллагаагүй болгосон “Гал үндэстэн”-ий үйл ажиллагаа бол аргагүй хамгаалалт мөн. Тэд Монгол улсын хуулийг хэрэгжүүлэх гэж ийм алхам хийсэн болохоос, хуулийг хөсөрдүүлэх гэсэн  бус.

 

Гэтэл төр засаг, түшиг тулгуур нь болох учиртай хүмүүстээ төмөр нүүр гаргаж, “Гал үндэстэн”-ий удирдах зөвлөлийг тэр аяар нь хоморголон барьж хорьлоо. Ц.Мөнхбаяр, Ц.Энхбаяр, О.Самбуу-Ёндон, М.Баатархуяг, Д.Төмөрбаатар, Г.Дашдэмбэрэл, Г.Болдбаатар нарт, таван жил хорих зүйл ангийг тулгаж эхэллээ. Заримд нь “давтан үйлдсэн” хэмээн, өршөөлгүй, хүндрүүлж хандах бололтой байна.

Тэд бол ял хүлээж, өргөст торны цаана нийгмээс тусгаарлагдах ёстой хулгайч дээрэмчид биш ээ. Тэд бол Монголын ард түмний эрэлхэг баатарлаг хөвүүд, жинхэнэ эх орончид, хүндэтгэн дээдлэгдэх учиртай сайн эрчүүд ээ.

Тийм учраас, хэлмэгдэн хоригдсон тэднийг суллуулахын төлөө, хууль ёсны хүрээнд боломжтой бүхий хэлбэрийн тэмцлийг өрнүүлж, санасандаа хүрцгээе ээ, ард түмээн! “Гал үндэстэн”-ийхэн шиг мандан бадарч, хар муу, бузар булайг ариусган замхруулж, харанхуйг зайлуулж явцгаая!

Монголын үндэстний үзэлт байгууллагууд, бүлхэмүүдийн санал нэгдсэн нөхөд бид төр засаг, холбогдох байгууллагуудад хандан, дараахь шаардлагуудыг тавьж байна:

1. “Гал үндэстэн”-ий Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Мөнхбаяр, Ц.Энхбаяр, О.Самбуу-Ёндон, М.Баатархуяг, Д.Төмөрбаатар, Г.Дашдэмбэрэл, Г.Болдбаатар нарыг нэн даруй сулла!

2. Тэдний аргагүй хамгаалалт, хууль сахиулах чанартай тэмцлийг хуульзүйн үүднээс бодитой, зөвөөр тодорхойлж, хилс хатуу ял тулган хүлээлгэх санаархлаа зогсоо!

3. Монгол улсын хуулийг олон удаа зөрчиж, архаг рецидив гэмт хэрэгтэн болсон, уул уурхайн салбарын, нийгэмд онц аюултай этгээдүүдэд цаг алдалгүй эрүүгийн хариуцлага хүлээлгэж, шударга шийтгэл хүлээлгэ!

4. Үнэн зөв, ариун цагаан зорилгын үүднээс тэмцсэн, ард түмний чин зоригт хөвүүдэд төр засгаас зохих хэмжээний шагнал урамшууллыг хүртээ!

5 .Дээрх хэлмэгдсэн тэмцэгчдэд учруулсан хохирлынхоо төлөө, төрөөс нөхөн төлбөрийг олго!

Хэрэв зүй ёсны, шударга шаардлагуудыг маань эс биелүүлэх аваас, бид боломжтой бүхий арга хэлбэрүүдээр, зохих үр дүнд хүртлээ тэмцэх болно гэдгийг мэдэгдье!

 

Монголын үндэстний үзэлтнүүд

ММХI.VI.XXVII

Advertisements