2001 оны аравдугаар сарын 15-наас эхлэн дайны эрсдлийн даатгал гэх нэрээр Монголын Иргэний агаарын тээвэр компанийн зорчигч бүрийн тийзний үнэ дээр нэмж таван ам.долларын татвар авч орлогыг нь Японд харьяалалтай “Вэст вэлф” хэмээх даатгалын компанийн данс руу эхлээд Хонкгонгоор дамжуулж, дараа нь Японы Токио банк руу шилжүүлэн мөнгө угааж байсан хэрэг олны анхаарлын төвд байна. Дөрвөөс таван улс дамжин үйлдэгдсэн, улс төр, хууль хяналтын байгууллагын ажилтнууд оролцсон гэгдэж буй энэ хэрэгт одоогоор есөн хүнийг сэжигтнээр татаж баривчлаад байгаа билээ. Ингээд эдгээр МИАТ-ын хэрэгт сэжиглэгдэж буй хүмүүсийн талаар мэдээллийг хүргэе.1.МИАТ-ын захирал асан Б.Эрдэнэбилэг

Б.Эрдэнэбилэг бол “Blue sky” цамхаг буй газрын анхных нь эзэн гэгддэг. Тэрээр энэ газраа Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт өгснийхөө төлөө МИАТ компанийн захирлын албан тушаалыг авсан гэж хэвлэлийнхэн тодорхойлдог. Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад нь МИАТ-ийн зардлаар гадаадад хэвлүүлсэн номыг нь авчирч улсад 30 орчим сая төгрөгийн хохирол учруулсан хэмээн уг хэргийн холбогдогч болсон байдаг. Уг хэрэгтэй холбоотойгоор тэрээр хоёр жилийн өмнө Канад руу оргон зайлсан гэх бөгөөд саяхан Сөүл-Улаанбаатарын чиглэлийн онгоцноос буухад нь баривчилсан аж. Баривчилсан шалтгаан нь Н.Энхбаярын хэрэг байв уу гэтэл МИАТ-тай холбоотой бололтой. Түүнийг 2005-2010 онд МИАТ-ын захирлаар ажиллаж байх хугацаандаа гадаадын данс руу шилжүүлэн улсад арваад тэрбумын хохирол учруулсан хэргийн оролцогчоор ийн татаж.

2. МИАТ хувьцаат компанийн дэд захирал асан Р.Бат-Эрдэнэ

МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирал Р.Бат-Эрдэнийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар шалгахад, Р.Бат-Эрдэнэ нь тээврийн хэрэгслээ бусдад зарж борлуулсны орлого болох 6500 ам.доллар, Хандгайт болон Гүнт дэх хоёр давхар зуслангийн байшин, гэр бүлийнхээ хүний 50 хувь эзэмшдэг ХХК зэргийг мэдүүлээгүй зөрчил гаргасан байгаа нь тогтоогджээ. Мөн хөрөнгөд орсон их хэмжээний өөрчлөлт буюу гэр бүлийнхээ хүний нэр дээр 24 мянган ам.доллараар худалдан авсан авто машиныг ч мэдүүлээгүй аж. Дээрх гаргасан зөрчлүүд нь асуудлыг босгох нэгэн шалтгаан болсон бөгөөд АТГ-ынхан “хөрөнгө, орлогоо санаатай худал мэдүүлсэн бол албан тушаалаас нь халах, огцруулах, чөлөөлөх үндэслэлийн дагуу хариуцлага тооцно” гэх хуулийн заалтыг хэрэгжүүл хэмээн Төрийн өмчийн хорооны дарга, МИАТ компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Сугар болон салбарынх нь сайд Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга нарт албан бичиг хүргүүлж байжээ.

3. МИАТ хувьцаат компанийн захирал асан Ц.Орхон

Тэрээр ОХУ-д Нисэхийн дунд сургууль төгсөөд шууд ИНЕГ-т ажилд орсон. Дараа нь нисэхийн тээврийн үйлчилгээний чиглэлээр ОХУ-д Нисэхийн академид сурсан. Академиа төгсч ирэнгүүтээ МИАТ-д мэргэжилтэн, ахлах мэргэжилтнээр ажилласан. Түүний нутгийн ах Р.Бат-Эрдэнэ нь дэд захирал болонгуутаа Ц.Орхоныг Маркетингийн газрын дарга болгов. Дараа нь өөрөө халагдахдаа үүрэгт ажлаа, хийж байсан зүйлсээ ч Ц.Орхонд шилжүүлсэн гэдэг.

3. Иргэн Ү.Цэцэгмаа

МИАТ хувьцаат компанийн захирал Ц.Орхоны эхнэр. Ц.Орхоныг баривчлах үеэр мөн эхнэр Ү.Цэцэгмааг баривчласан. Ү.Цэцэгмаа нөхрийнхөө бизнест оролцогч байсан нь ийн сэжигтнээр татагдахад хүргэв.

5. Иргэн Ч.Хоролсүрэн

МИАТ-ын асуудал эрхэлсэн даргын албан тушаалыг хашиж байсан Ч.Хоролсүрэн нэг л өдөр хувийн нислэгийн компаниа байгуулав. МИАТ гэх нэртэй зарим үед андуурагддаг “Монголиан Эйрлайнз групп” компанийг байгуулсан юм. Түүнийг ямар мөнгөөр компани байгуулсан, компанидаа ямар мөнгөөр онгоц худалдан авсан бэ гэдгийг одоо шалгаж байна. 1990-ээд оны үед “Ч.Хоролсүрэн” гэх нэр Интер банкны захирал гэх үгийг тодорхойлдог үг байв. Интер банк дампуурахад Ч.Хоролсүрэн гэгчийг иргэдийн хадгаламжийн мөнгө буюу банкны активаас дөрвөн тэрбум төгрөг шамшигдуулсан гэж буруутгах нэгэн байв. МИАТ-ын хэргээр түүнийг баривчлагдахад ТӨХ-ны даргаар ажиллаж байсан Д.Сугар “Бид нэг нутгийн хүмүүс. Их л сүрхий бизнесмен, МИАТ-ийг авч явах менежментийг хамгийн зөв хийгээд байгаа юм шиг санагдсан. Нутгийн гэдэг утгаараа нэлээд ойр байсан. Олон жил хамт ажилласан юм чинь бие биеэ сайн мэднэ” гэж тодорхойлж байв.

6. Иргэн Ч.Суурьтогтох

Ч.Хоролсүрэнгийн төрсөн дүү. Түүний компанийн хөрөнгө оруулалт МИАТ-ын хэрэгтэй холбогддог.

7. Иргэн С.Батхишиг

МИАТ-ын хэргээр саатуулагдаад буй С.Батхишиг нь Төрийн өмчийн хороонд ажиллаж байсан, зарим асуудлыг мэдэж байсан, хэрэгт гар биеэрээ оролцсон эсэх гэдгээрээ шалгагдаж байгаа

 8. Иргэн Н.Гантөмөр

Ч.Хоролсүрэнгийн компанийн нягтлан Н.Гантөмөр. Банк бус санхүүгийн байгууллага ч түүний нэр дээр байдаг гэдэг. Нэг данснаас нөгөө данс руу шилжүүлэх зэрэг үйлдэлтэй холбон түүнийг баривчилсан.

9. Иргэн Б.Мандахбаяр

МИАТ-ын захирал асан Б.Эрдэнэбилэгийн төрсөн дүү. Б.Мандахбаяр нь Ч.Хоролсүрэнгийн дүү Ч.Суурьтогтох, Н.Гантөмөр нартай хамтран бизнес эрхэлдэг байсан гэгддэг. Мөнгө угаасан хэргээр зургаан хүнийг баривчлах үед Б.Мандахбаяр сураггүй болсон бөгөөд гурав хоногийн дараа баривчлагдсан. Б.Мандахбаярыг МИАТ-ын Япон дахь төлөөлөгчтэй холбоотой ажиллаж байсан гэх бөгөөд 2010 оноос эхлэн Япон улсаар дамжсан гүйлгээтэй түүний нэр холбогддог.

Мөн энэ хэрэгтэй холбоотойгоор МИАТ-ын япон дахь төлөөлөгч асан Н.Галт  зэрэг хэд хэдэн хүнийг эрэн сурвалжилж байгаа билээ. Баривчлагдсан есөн сэжигтэн цаашид хэн болох, хэрхэн оролцсон тухай мэдээллийг бид цаг тухайд нь хүргэх болно.

Б.МАНД
Сурталчилгаа