kirsanИлюмжинов бол гайхамшигтай, нууцлаг, урьдчилан таамаглах боломжгүй хүн. Бид түүний Олон улсын шатрын холбоо /ОУШХ/-ны Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж буй 15 дахь жилийг тохиолдуулан олон зүйлийн тухай ярилцлаа.

Москва дахь Халимагийн байнгын төлөөлөгчийн газрын хүлээлгийн өрөөнд бараг байрны нэг ханын талтай дүйхүйц том хэмжээтэй Кирсан Илюмжиновын хөргийн дэргэд жавхаалаг Виктор Батурин1 ээлжээ хүлээнэ. Дэргэд нь боксын дэлхийн хоёр удаагийн аварга Раимкуль Малахбеков, бас ах дүү нар баймар хоорондоо адилхан гурван Солонгос дипломат зогсоно.

Кирсан Николаевич Илюмжинов уулзсан зочин болгоноо гантиг шат хүртэл өөрийн биеэр үдэн гаргаж байв. Биднийг ч мөн ялгаагүй ингэсэн бөгөөд өгсөн нэрийг хуудсыг нь үзвэл Грекийн утасны дугаарууд ч байх аж.

* * *

– Дөрвөн цаг л унтахад хангалттай байдаг гэж Та нэгэнтээ ярьсан санагдана?

– Нэг албаа өгсөн ч гэсэн одоо унтах минь бүр багассан гээч. Яаж шатрын холбоо, Халимаг хоёрын ажлыг амжуулж байснаа би өөрөө ч гайхдаг юм. Шөнийн 03.00 цагт хажуулаад өглөө 06.00-д сэрдэг. Утсаа ерөөсөө салгадаггүй. Манайд шөнө байсан ч Америкт бол өдөр л байна шүү дээ. Хамт олноо эрхлүүлж байна даа. Өмнө нь Кирсан руу шөнийн 02-оос өглөөний 07-ийн хооронд залгаж болохгүй гэдгийг мэддэг байсан бол одоо хүссэн үедээ л ярьцгаадаг болсон.

– Ийм графиктай хүнтэй тааралдаж байв уу?

– Далай лам байж магадгүй юм. Өглөө 06.00-д босдог гэсэн. Жилд би дэлхийн 60 оронд очиж амждаг. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд Вьетнам, Камбож, Индонез, Малайз, Филиппин, Өмнөд Солонгос, Хятадад очоод ирлээ. Одоо удахгүй Таиланд, Франц, Израил, Мальт, Тунис, Кипр, Туркээр явна. Дараа нь Магнитогорст шатрын клубын нээлтэд очих ёстой.

– Та хувийн онгоцтой юу?

– “Gulfstreem” бий. Өмнө нь “Falcon”-тай байсан. Гэхдээ онгоцны ач тус бага. Нисэгч нарыг тодорхой цагуудад амраах хэрэгтэй. Тэгэхгүй бол нисэх зөвшөөрлийг нь хураачихна.“Falcon”-ийг гэхэд л 300 цаг ниссэний дараа Париж руу явуулж техникийн үйлчилгээ хийлгэж байх дүрэмтэй. Тэндхийн захирал нь гайхдаг гэсэн. Бусад онгоцууд ихэнхдээ жилд нэг удаа л үйлчилгээнд ордог юм байна л даа. Гэтэл минийх болохоор нэг сар хагас болоод л ирдэг.

– Сүүлийн үед утсаа нэг ч удаа салгаагүй гэж үү?

– Үгүй. Нэг мужийн даргыг хайгаад олохгүй бөөн юм болж байсныг санаж байна уу? Нөгөөх нь Испанид амарч байсан. 1998 онд Элстэд дэлхий шатрын олимпиад болсноос хойш миний утасны дугаар өөрчлөгдөөгүй. Хүмүүс бие биедээ дамжуулаад л. Зай завсаргүй л утасддаг юм.

– Та ямар хэлүүдээр ярьдаг вэ?

– Япон, англи, монгол, солонгос, хятад. Бодож эргэцүүлэх боломжгаргахын тулд заримдаа орчуулагч дууддаг л даа. Ер нь бол би өөртөө сэтгэл дундуур явдаг. Маш олон зүйл хиймээр санагдах юм. Тарамдаж гүйцэж байна.

– Эхнэр тань Таныг зөвхөн зурагтаар л харах уу?

– Хүү маань зурагтын дэлгэц рүү заагаад: “Ээж ээ, та ийм нөхөр хаанаас олж суусан байна аа?” гэдэг гэсэн. Би аянчин хүн. Гэр бүлсэг хүн биш. Энэ ОУШХ-ны далбаан дээр юу гэж бичсэнийг хар даа. “Бид – нэгэн гэр бүл”. Миний гэр бол энэ дэлхий. Би эхнэр, эцэг эхдээ хайртай. Гэхдээ гэртээ ирээд л, табочкаа өмсөөд, сонин гарчиглаад сууна гэхээс…

– Уйтгартай гэж үү?

– Огт хүсдэггүй. Ямар сайндаа л Филиппиний сенатор, шатрын холбооны ерөнхийлөгч: “Кирсан аа, чамайг хувилчихсан юм биш биз? Өчигдөр л Малайзад үг хэлж байсан биз дээ?” гэж байхав дээ. Энэ зун л гэхэд 48 улсаар явчихсан байна. Ээлжийн амралт авч үзсэнгүй. Амралтын ганц ч өдөр байсангүй. 1 дүгээр сарын 1-ний өглөөний 09.00 цагт ажил дээрээ л зогсож байна. Тэгэхдээ л би бас залхуу хүн.

– Алиалж байна уу?

– Заримдаа зүгээр л тааз ширтээд хэвтэх дуртай. Ямар нэг ажил амжуулаад шогшиж байх ёстой атал хэвтэж байдаг. Залхуу залхуу. Тэгдэггүй байсан бол илүү ихийг амжуулах байсан шүү дээ.

– Та хийж чадах байсан ямар зүйлүүдээ хийлгүй орхиж байсан бэ?

– “Уралан”-аа хаах хэрэггүй байсан. Смертин, Колодин, Яшкин, Кормильцев гээд ямар сайхан хүмүүс тоглодог байлаа. Хөлбөмбөгт зориулах цаг надад даанч олдоогүй юм. Гэхдээ би өнгөрснийг нэг их эргэж хараад байдаггүй. Хийсэн л бол хийсэн, байсан болгон өнгөрсөн, харин одоо байгаа нь л эрхэм гэж Пушкин хэлээ биз дээ. Би ямар нэгэн юмтай зууралдаад байхыг хүсдэггүй.

– Үүднийхээ хүлээлгийн өрөөнд өөрийнхөө хөргийг залчихсан хүнээс ийм үг сонсох сонин байна?

– Өө тэрийг чинь гэртээ аваачиж амжаагүй байгаа юм. Надад ийм зураг их ирдэг юм. Хүмүүс зураад, авчраад өгсөн юмыг хаячихаж болохгүй биз дээ.

– Хөлбөмбөгийн араас ид хөөцөлдөж явахдаа Та замбараагүй зүйлтэй их таарч байв уу?

– Хамгийн дургүй хүргэдэг байсан зүйл бол шүүлт. Тэр үеийн шүүгчид яадаг байсан гээч. Хоёр багаас хоёулангаас нь мөнгө авна. Нэгээс нь 50 мянгыг, нөгөөгөөс нь бас 50 мянгыг. Тоглолт дууссаны дараа хэн нэгнийх нь мөнгийг буцааж өгнө л дөө. Гэхдээ л дажгүй ашигтай ажиллана гэсэн үг. Үүнтэй тэмцэнэ гэдэг бол салхин тээрэмтэй байлдахын үлгэр болно.

– “Уралан”-ы ерөнхий дасгалжуулагчаар Шалимовыг томилох саналыг Танд Фетисов, Каспаров, Тарпищев нар тавьсан гэж Та нэг удаа ам алдсан. Гэтэл энэ гурав чинь гурвуулаа…

– …хөлбөмбөгөөс хол хүмүүс гэж үү? Би угаасаа өмнө нь Игорийн/Шалимовыг хэлж байна. орч/ тухай маш сайн сайхан мэдээллүүд авсан байсан учраас түүнд багаа найдаж даатгасан л даа. Миний найз Тарпищев ч үүнд багагүй нөлөөлсөн. Шалимовын туслахаар Писаревыг урьж авчирсан. Тэд хамгийн эхлээд шаардлагатай зүйлсийнхээ жагсаалтыг гаргасан. Тэр дотор нь дасгал сургуулилтын хэрэгслүүдээс эхлээд эм тариа, тос, улаан вино хүртэл байсан.

– Вино?

– Энэ нь тэр үеийн клубын удирдлагын нэг, өнөөгийн Ерөнхийлөгч Алексей Орлов бид хоёрын сонирхлыг бас татсан. Тэр гартаа нэг цаас барьчихсан над дээр орж ирээд “Шалимов энэ олон хайрцаг виногоор яах гэж байгааг би ойлгохгүй юм. Маркийг нь ч би мэднэ л дээ. Маш сайн вино. “Солнцедар” шиг юм биш” гэж байсан.

– Шалимов өөрөө юу гэсэн?

– Биеийн их ачааллын дараа эргэж сэргэлт авахад хэрэгтэй л гэж байсан. Үнэн ч байж болох юм, тийм ээ?

– Та “Халимагийн баатар” одонг хоёр хөлбөмбөгчинд олгосон. “Спартак”-ын хаалганд гоол хийсэн Игнатьев, 11 метрийн цохилтыг хаасан Саморуков хоёрт. Ингэхэд Танд өөрт чинь ийм шагнал бий юү?

– Халимагийн төрийн тэргүүний суудлаа өгөхөд минь шагнах гэхэд нь би өөрөө татгалзсан. Өөртөө ямар нэг тусгай хангамж ч үлдээгээгүй. Тэтгэвэр, цалин, машин ч авч үлдээгүй.

– Хамгаалалтын дохиололтой машинаа?

– Байхгүй.

– Түүнгүйгээр Москвагийн замын хөдөлгөөнд оролцоход хэцүү байна уу?

– Өө ийм их түгжрэлтэй газар тийм машин ч тус болохгүй. Москва бол уулзалтын л хот. Энд хүмүүс яаж бизнес хийдэг юм бол оо? Нисдэг тэрэг л худалдан авцгаадаг юм байх даа?

– Та машинаа өөрөө жолооддоггүй санагдана?

– Маш ховор. Залуу байхдаа хоёр ч машин хэмхэлж хаясан. Жолоочтой байсан нь хамаагүй амар, бас хямд тусдаг гэдгийг ухаантай хүмүүс надад хэлж өгсөн юм. Зарим хүн машин барьж кайф авдаг юм шиг байгаа юм. Надад бол ёстой хол ажил. Нэг удаа Рублёвкад суудаг нэг найзындаа өөрөө машинаа барьж очмоор санагдахаар нь “Роллс ройс”-оо унаж очсон юм. Гэтэл хаалгаа онгойлгож өгөхдөө нөгөөх маань асууж байна: “Яагаад машины чинь урд хоёр диск улайдчихаа вэ?” гэж. Бодоод байсан чинь би хааз, тоормос хоёроо хоёуланг нь зэрэг гишгээд давхиад байсан юм чинь диск улайдалгүй яахав дээ.Тэрнээс хойш азаа туршихаа бүр больсон.

– Тэр чинь нөгөө Эдит Пиафын “Роллс ройс” мөн үү?

– Тэр биш. Би долоон “Роллс ройс”-той, Москва, Халимаг, Швейцар, Америкт унадаг байсан юм. Найзууддаа ч бас олныг бэлэглэсэн. Пиафын унадаг байсан дээр үеийн хийцтэй, улаан өнгөтэй, руль дээрээ араа сольдог гартай, ардаа арьсан буйдантай “Роллс ройс” Парижийн музейд тавиастай байдаг байсан юм. Музейн эзэн, Францын шатрын холбооны дэд ерөнхийлөгч эхлээд машиныг зарахгүй гэж байснаа жил орчмын дараа “Би бизнесийнхээ хагасыг, тэр дунд музейгээ ч зарж байна. Нөгөө машинаа сонирхсон хэвээр үү?” гэж над руу утасдсан юм.

– Хэр зэрэг үнэтэй авав даа?

– Зуугаруймянган ам.доллараар авсан. Энэ “Роллс ройс”-ыг би Москвад нэг хэсэг унасан. 1995 онд үүнийгээ унаад Кремль рүү ч орж байлаа.

– Боровицкийн хаалгаар уу?

– Тийм. Б.Ельцин зогсоолд байхыг нь харчихаад “Энэ хэнийх үү?” гэхэд дарга нараас нэг нь “Кремль рүү “Роллс ройс” унаж ирдэг хоёр халимаг л бий шүү дээ, нэг нь Ленин, нөгөөх нь Илюмжинов” гэж байсан. Владимир Ильичийн эмэг эх нь халимаг байсан. Түүнийг Москвад “Роллс ройс”-оо унаад явж байхад нь нэг удаа дээрэмчид халдаад, Ленинийг буулгаж хаячихаад машиныг нь унаад явчихсан гэсэн. Тэхдээ би машин нэг их шүтээд байдаггүй л дээ. Нэг удаа би Гадаад харилцааны яаманд ажилладаг нэг найзынхаа “Запорожец”-ээр Кремль рүү ирж л байсан.

– Хамгийн сүүлд өөрийгөө яаж эрхлүүлсэн бэ?

– Зун нэг удаа бүтэн хоног унтсан. Тархи толгой ажиллахаа болиод би өөрийн эрхгүй унасан. Туслах маань сэрээгээгүй. Би утас дуугарч байхыг мэдээгүй. Хэд хэдэн чухал уулзалт тасарсан. Амьдралынхаа нэг өдрийг хий хоосон алдсан гэсэн үг.

– Өмнө нь тийм тохиолдол байсан уу?

– Байгаагүй. Бие организм дохио өгч, гал хамгаалагч ажилласан байх.

 

* * *

– Таныг Вангатай дотно танил байсан тухай их бичдэг байсан. Та ирээдүйд өөрийг тань юу хүлээж байгааг мэддэг үү?

– Мэдэлгүй яахав. Вангагийн нэрийг ч мөн их ашиглацгаах юм даа. Би сайрхаж байгаа юм биш. Гэхдээ би түүний олон цагаар хамт байх дуртай хүмүүсийнх нь нэг байсан. Өнөөдрийн та бид нар шиг хамт суугаад л, цай уугаад л. Хэрэг гарвал утсаар ярина. Заримдаа тэр над руу залгана. Ванга ирээдүйд болох юмыг шууд тоочдоггүй, ерөнхийд нь л хэлдэг байсан юм. Би асууна л даа. “Манай Халимаг ямархуу байна?” гэж. “Сайхан баян бүрд, цэцэрлэгт хүрээлэн” харагдаж байна гэхээр нь би дотроо гайхна. Манайх чинь хагас цөл юм чинь. Тэгээд араас нь “Ус сайн хай. Ус алтнаас үнэтэй” гэнэ.

– Тэр нь юу гэсэн үг үү?

– Болгартаа суугаа мөртлөө манай бүх л хот суурингууд усаа Дагестанаас зөөдөг байсныг яаж мэддэг байсан юм бүү мэд. Газар зүйн мэдлэггүй, тэр ч бүү хэл бичиг үсэг мэдэхгүй, 14 насандаа хараагүй болсон, Македонд төрөөд Болгараас гарч үзээгүй хүн шүү дээ.

– Түүний урьдчилан хэлсэн болгон биелдэг байсан уу?

– Арваас ес нь. 1995 оны дөрөвдүгээр сард Бойко Цветкова над руу залгасан юм. Хамаатангийнх хүн, эмч. “Чи зүгээр биз дээ? Эмээ “Кирчев хоёр болж харагдаад байна” гээд байх юм” гэхээр нь би өөрөө Ванга руу залгасан чинь инээгээд л байх юм. Онгоцоор түүн дээр шууд яваад очлоо. Хамаатан саднуудынх хамт цөмөөрөө оройн хоол идэцгээж байтал гэнэт Ванга над руу заагаад: “Ийм туранхай, жижигхэн мөртлөө хоёр том суудал эзэлнэ шүү” гэж билээ. Үнэхээр ч тэрнээс хэдхэн сарын дараа намайг ОУШХ-ны ерөнхийлөгчөөр сонгосон юм.

– Таны цаашдын хувь заяаны тухай тэр юу хэлсэн бэ?

– Хэлж болохгүй. Хэрэв хэн нэгэн цыган таныг хөзрөөр мэргэлсэн бол юу гэснийг нь хүнд хэлж болохгүй. Тэгвэл хэлсэн нь биелдэггүй. Оюун санаа материаллаг чанартай учир сонссон хүн аваад явчихаж болно. Би дээр үед мэргэлдэг байсан. Эрхи, хөзөр, юугаар л бол юугаар. Хүмүүсийг эмчилдэг байлаа. Намайг 26-тай байхад тийм чадвартай хүмүүсийн цугларалт Памирт болохоор нь очсон юм. Гэтэл тэнд очсон хүмүүс намайг мэргэлэх, эмчлэхээ боль, чиний энерги өөр зүйлд зориулагдах ёстой гэснээс хойш орхисон юм даа.

 

– Тэрнээс хойш ганц ч удаа мэргэлээгүй юү?

– Үгүй. Заримдаа надад их юм мэдрэгддэг. Анх удаа Вангатай уулзахад тэр: “Надаас юу асуух гээд байгаа юм. Чи өөрөө бүгдийг хардаг л юм байна шүү дээ” гэж байж билээ.

– Вангагийн утсыг санаж байна уу?

– Цветковагийн утас. Тэр үед гар утас байсангүй. Ердийн телефоны трубкийг нь тэр Вангад авч өгч яриулдаг байсан юм. Вангагийн гэр музейд очвол үзээрэй, нэгдүгээр давхарт нь миний зураг байгаа. Бас бичгийн машинаар бичсэн миний нэг зарлиг бий. Өөрийнх нь ярьдаг байсан суурин утас бий. Түүний гэрээс авсан хоёр аяга, нэг домбо энэ байна, бариад үз дээ.

– Гайхалтай…

– 1996 онд Вангаг нас барахаас нь сарын өмнө би тэднийд очсон юм. Халуун гэж жигтэйхэн, ам их цангаж байсан ч тэр тухай юу ч хэлээгүй байтал Ванга тэндээс: “Юунд биеэ зовоогоод байгаан, юм уугаач” гэнгээ домбоноос хийж өгөхдөө: “Яаруу явааг чинь мэдэж байна аа” гэв. Би Цюрих рүү үнэхээр яарч явсан л даа. “За нис нис. Би ч яахав эндээ үхнэ. Харин намайг санаж яваарай. Наад уусан аягаа ав” гэхээр нь аваад цүнхэндээ хийчихлээ. “Надтай хамт юм уухгүй нь уу?” гэхээр нь бас нэг аяга аваад хийчихэв.“Усаа юунд хийх гэж байгаа юм?” гэхээр нь домбыг нь бас авчихсан.

 

– Үхэх гэж буйгаа мэдэж байж дээ?

– Ер нь хорт хавдраар үхэх нь ойлгомжтой болчихсон байсан л даа. Өөрөө ч тэрийгээ сайн мэдэж байсан. Домбыг нь авч байхдаа бид хоёр дахиад уулзахгүй юм байна гэдгээ би ч мэдэрсэн.

– Та бас юмаа тарааж өгөхдөө сайн биз?

– Өнөөдөр нэг найзад маань миний цаг таалагдаад байна гэхээр нь өгчихсөн. Одоо та бидний ярилцаад сууж буй энэ байшинг 1992 онд би нэг сая доллараар худалдан авч байлаа. Кутузовскт хагас га газар. Хүүхдийн цэцэрлэг байсан нэг хуучин байшинг авч засаж тордоод усан бассейн болгосон. Өөрөө түүндээ нэг ч удаа сэлж үзээгүй л дээ. Цөмийг нь улсдаа өгчихсөн. Хувиасаа 30 сая доллар гаргаж Европод хамгийн том Буддын сүм бариулсан.

 

– Та нийт хэдэн сүм бариулсан бэ?

– Буддын сүм 46, үнэн алдартны сүм 22, лалын нэг, католик нэг, театр нэгийг бариулсан. Москвад гэгээн Николайн нэг сүмийг сэргээн засварласан. Бусдад юм өгөхдөө гар татдаггүй. “Юунд ч татагдаж болохгүй” гэж Будда сургасан байдаг. Тэр бүү хэл амьдралд ч адил.

 

– Эд хогшилд?

– Тэр тусмаа. Байшин хэзээ нэгэн цагт нурна, машин эвдэрнэ.Биеийг сүнс нь орхино. Фитнест хичнээн явлаа ч 50 жилийн дараа энэ биеийг орхих л болно. Надад одоо 5 мегапикселийн камертай гайгүй сайн утас байна. Дараагийн жилд үүнээс сайн утас гараад л ирнэ. Би эд хогшилд нэг их ач холбогдол өгдөггүй. Тийм болохоор надад эд хөрөнгө амархан олддог байж ч магадгүй.

– Вангагийн тухай яриандаа эргэж оръё. Вискинд дуртай байсан гэж үнэн үү?

– Жижиг сажиг бэлгэнд дуртай. Би нэг удаа Duty Free-гээс гоё цэнхэр алчуур, чихэр, бас Blue label виски авч орсон юм. Ванга намайг орой ирэхэд дуртай байсан л даа. Бүгд оройн хоол идэхээр сууцгааж, мах зүсэж, архи аягалж байтал Ванга: “Кирча авчирсан юмаа задлаг л дээ” гэхээр нь цүнхнээсээ ч гаргахаа мартсан вискигээ би гаргаж ирэхэд тэрбээр тал стаканыг татчихаад тайвширч байсан юм. Аргагүй шүү дээ, тэр өдөр бүр зуу гаруй хүн үздэг, тэд нар нь дандаа проблемтэй. Хичнээн сөрөг энергийг биедээ авч үлддэг байсан нь ойлгомжтой.

– Өөр сэтгэлд үлдсэн юм юу байна?

– Ванга жижигхэн, туранхай мөртлөө дуу хоолой их сайтай. Одоо ч заримдаа чихэнд минь сонсдох шиг болдог. Миний нэг найзыг босго алхангуут нь л: “Наанаа юу хийгээд байгаа юм? Шалавхан явж тэр эхнэрээ мэс засалд оруулаач!” гэж загнаж байсан. Бас нэг удаа Москвагийн нэг томоохон сонины эрхлэгчийг дагуулаад очсон чинь нөгөөх рүү чинь бууж гарсан.

– Яагаад?

– Хоёр нууц амраг хүүхнийх нь нэрийг шууд хэлээд л…Өнөөх маань бүр цэл гайхчихсан. Вангагаас: “Та яаж мэдээв?” гэвэл урдаас: “Би мэдэхгүй ээ” гэнэ. Тэр өөрөө мэддэг биш харин мэдээллийг л дамжуулдаг байсан. Бидэнд хүн бүрт уг нь Вангагийн ид шид жаахан бий л дээ. Бид оюун тархиныхаа боломжийн 2-3%-ийг ашигладаг. Хэрэв 15%-ийг нь ашигладаг байсан бол далдыг харж чадна. Утас хэрэглэхгүйгээр алсын зайнаас харилцаж чадна. Би Циолковскийн “Атомын аялал” гэдэг ном уншсан. Бид бол ирж, буцаж байдаг атомуудын нэгдэл юм. Өнөөдөр хүний хэлбэртэй байхад маргааш гараг оддын хэлбэртэй. Оюун санаа гэж байна. Өнгөрсөн амьдралаас үлдсэн дурсамж буюу ой ухаан байна.

– Та нэг ярилцлагандаа өөрийгөө 69 дэх амьдралдаа байгаа гэсэн байсан?

– Тийм ээ, Буддын гүн ухаанаар бол тийм. Хэрэв 108 удаа зөв амьдарч чадвал нирваан болно. Миний биед оршин буй хүн бясалгалд ороод өнгөрсөн амьдралууддаа хэн байсныг миньг ярьж өгөхөд нь би бичиж авсан юм. Зэвсэгт дайчин байж, удирдагч байж, лам ч байж. Саяхан Өмнөд Америкаар аялж явахдаа Перу орж инкүүдийн ахлагчтай уулзлаа л даа. Тэгэхэд яг л гэртээ ирсэн юм шиг мэдрэмж төрөөд байсан. Францын эртний нэг цайзад ороод хаашаа яаж явж орох, хаана юу байдгийг нь мэдээд байсан. Тэнд танай унтлагын өрөө байгаа юм байна гэж гараараа зааж чадаж байсан. 1980 оны тавдугаар 9-нд би цэрэгт татагдаж ирсэн. Гэнэт цас ороод. Би “одоо биднийг хоолонд оруулах нь. Би хоёр давхарт цонхны дэргэд суух нь дээ” гэж бодож байтал удалгүй намайг яг тэр цонхны дэргэд суулгасан.

 

* * *

 

– Та хэзээ юм уншиж амждаг вэ?

– Онгоцонд. Одоо би хонины аж ахуй эрхлэх тухай нэг ном уншиж байгаа.

– Таныг Буриадад нэг хүний шарилыг ухаж гаргасан. Тэр хүн нь амьд байсан гэж уншиж байсан юм байна?

– Итгэл хамбыг өөрийнх нь гэрээслэлийн дагуу 2002 оны есдүгээр сард шарилаас нь гаргасан юм. “Намайг оршуулаад, далан жилийн дараа гаргаарай, дараа нь дахин оршуулаарай” гэж өөрөө гэрээсэлсэн байдаг.

– Ердийн хүн биш байх нь?

– Буриад лам хүн. Хүний оюун санаа ч, бие ч мөнх гэж сургадаг байсан ч шавь нар нь оюун санаа буюу сүнс мөнх гэдэгт итгэдэг, харин бие мөнх гэдэгт итгэдэггүй байж. Тэгэхээр нь тэднийг цуглуулаад: “Би одоо бясалгалаа эхлээд нэг өдрийн дараа гэхэд өөр ертөнцөд очно. Миний биед гурав хоногийн турш бүү хүрээрэй. Харин дараа нь оршуулаарай” гэжээ. Эргэн тойрон л хүмүүс байж. Ламтан ч үнэхээр маргааш нь нас барахад хэлснийх нь дагуу биед нь гурав хоног хүрэлгүйгээр ном уншиж байгаад оршуулсан гэдэг. Тэгээд далан жилийн дараа гаргаж ирсэн нь тэр л дээ. Та нар очиж үзэж болно шүү дээ.

– Үгүй үгүй, бид үзэхгүй

– Чубайс очсон, Каспаров бас. Улаан-Үд хол биш шүү дээ. Одоо ламтан шилэн гүнгэрваанд завилан суусан байгаа.

– Анх түүнийг ухаж гаргахад юу харагдсан бэ?

– Арьс нь яг л амьд хүнийх шиг. Хувцас нь илжирч муудаагүй хэвээр. Гэдэс хэвлий нь зөөлхөн. Биеийн халуун нь 34.9 хэм. Америкийн эрдэмтэд хумс, үсийг нь шинжлээд гурван дүгнэлт гаргасан. Өсөлтийн ген нь зогсолтонд орсон учир хумс, үсний ургалт нь зогссон. Хөгшрөлтийн ген нь зогсолтонд орсон тул яс нь бүтэн хэвээр.

– Гурав дахь дүгнэлт нь?

– “Энэ хоёр асуултанд хариулах боломжгүй”. Бурхны энэ хувраг өөрийгөө зовлонд унагасан. Учир нь, тэр дахин төрөл олоод явах боломж байсаар атал тэгэлгүй энэ орчлонд өөрийгөө үлдээсэн.

 

– Түүнийг занданшуулсан юм биш үү?

– 20-иод оны Буриадад түүнийг хэн занданшуулахав дээ. Гайхалтай нь түүнийг хийж оршуулсан авс нь ч шинэ хэвээрээ байсан шүү. Дөнгөж саяхан харуулдсан юм шиг, үртэс зоргодостойгоо.

– Та бясалгал хийдэг үү?

– Толгой дээрээ зогсдог. Завилж суугаад бясалгахад цаг их ордог. Үйл хөдлөлөө өөрчлөнө гэдэг нь бясалгахтай ижил.

 

– Таны метронд явдаг тань энэ төрөлд хамаарах уу?

– Явалгүй уджээ. Госнаркоконтроль ба ОУШХ-ны хооронд “Шахматы против наркотиков” нэртэй гэрээ байгуулж байх үе санагдчихлаа. Москва тэр чигээрээ түгжрэлд орчихсон, хүмүүс намайг машинаар ирнэ гээд хүлээж байхад нь би гэнэт метроноос гарч ирээд “Привет” гэхэд бүгд гайхсан. Би заримдаа таксигаар явдаг. Нэг нөхөрт 100 доллар өгсөн чинь: “Аа би танилаа, та Илюмжинов юм байна. Наад мөнгөн дээрээ гарын үсгээ зурчихаад өгөөч” гэдэг байгаа. Би ч Франклины хөрөг дээгүүр гарын үсгээ зураад өгсөн.

– Таны амь насанд хэдэн удаа халдлага хийсэн бэ?

– Ганц ч удаа халдах гээгүй. Би хэзээ ч хамгаалалттай явж байгаагүй. Одоо ч байхгүй. Би хэний ч зам дээр хөндөлсөж байсангүй. Бизнесийн зам дээр хэн нэгэнтэй тулгарахаар шинжтэй бол би түргэхэн л хажуу тийш болж зам тавьж өгөхийг хичээдэг.

– Сандарч тэвдэх гэж юу байдгийг Та мэдэхгүй байх?

– Мэднэ. Дөрвөн жилийн өмнө Аргентин дээгүүр нисч яваад салхины хүчтэй эргүүлгэнд орчихсон. Аварга том “Боинг” яг л цаасан онгоц шиг шидэгдэж эхэлсэн. Иймэрхүү үед виски татчихаар арай гайгүй болдог доо. Гэтэл юун тийн. Би ч арайхийж даруулга бүсээ хийж амжсан. Үйлчлэгч бүсгүй суудал хоорондын зайгаар шидэгдчихсэн.

– Таны амь насанд халдах оролдлого байгаагүй гэх юм. Та чинь 1000 долларын төлөө л алдаг байсан 90-ээд онд бизнес хийж байсан шүү дээ?

– Өдөр бүр хүнд хэцүү байсан. “Буучид” ч ямар олон байлаа… Нэг удаа бид ресторанд жаахан наргицгааж суутал “Кирсан, хүмүүс ирсэн шүү” гэж намайг гадагш дуудаж гаргаад, ард хоёр нь зогсонгоо хажуу хавирганд шууд л бууны ам тулгачихсан. Домодедовын ойд аваачсан.

– Аймаар байсан уу?

– Мэдээж шүү дээ. Хоёрдугаар сар. Би дан костюм, лакан ботинктой. Хэн нэг нь хэн нэгнийгээ хулхидахдаа, мөнгөө манай компаниар дамжуулаад авчихсан юм байж. Би тэрэнд нь огтхон ч хамаагүй л дээ. Тэр нөхөд шууд буудчихалгүй бас учир начрыг нь олох гэж хичээсэн нь аз болсон юм. Миний хамаатан садан, ойр дотны хүмүүс хаана байдгийг тэд бүгдийг мэдэж байсан шүү.

– Алчихаж мэдэхээр байж дээ?

– Юман чинээ бодохгүй. Тэдний шунал намайг аварсан. Хэрэв би буруутай байх юм бол тэдний алдсан мөнгийг хоёр нугалж өгнө гэж би амласан юм. “Бас дээр нь миний машиныг ч аваарай” гэлээ. 200 мянгаад доллар гэсэн үг. Мөнгөний тоо сонсоод гурав дахь нөхөр нь хүрээд ирлээ. Цаадуулаасаа илүү ухаалаг нөхөр гэдэг нь мэдэгдэж байсан. Түүнтэй ойлголцсон л доо.

– Хэрэг явдал гайгүй төгсчээ?

– Тэр хүмүүс дараа нь миний нэг бизнесийн түншүүд болсон гээч. Тэгээд надаас уучлалт гуйсан.

– “Ядуурах, бэлгийн сулралтай болох хоёроос л айдаг” гэж Алексей Смертин4хэлсэн байсан. Та юунаас айдаг вэ?

– Ядуурах гэж юуг хэлдэг юм бэ? Хэн нэгэнд усан онгоцтой байх нь хангалтгүй санагдаж байхад бясалгал хийж буй ламд өдөрт арван ширхэг будаа идэх нь тансаглал мэт санагдана. Нэг ширхэг будаа идээд араас нь аяга ус уудаг. Би мэдэхгүй байхаас айдаг. Миний тархи толгойдоо төлөвлөсөн зүйлүүд биелэхгүй үлдэх вий гэхээс айдаг. Би шинэ зорилгууддаа хүрэхийн төлөө пуужин шиг харвахад ч бэлэн байдаг. Харин хүн болгон шахам айж болгоомжилдог юмнаас би айдаггүй. Жишээ нь, хамгийн ойр дотныхоо хүмүүсийг алдахаас би айдаггүй.

– Яагаад?

– Дараагийн амьдралдаа уулзана шүү дээ. Хүн үхэхэд би ердийн л зүйл шиг хүлээн авдаг. Оршуулганд оролцдоггүй. Ингэлээ гээд намайг муулж л байдаг юм.

– Өнөөдөр Та цагаа бэлэгчихсэн гэсэн. Оронд нь ямар цаг зүүв?

– Энэ байна. Pahlavi шах2-ын өгсөн цаг. 365 бриллиант орсон, голдоо Magic Moon нэртэй сапфиртай, дэлхийд цорын ганц цаг. Энийг Женевт урлаж байхад хот даяар гэрэл тасарсан гэж ярьдаг. Үнэмшихэд хэцүү шүү. Нахайян шейх3-ийн өгсөн өөр цагнууд ч надад бий.

– Ийм цагнуудаа бол хэнд ч бэлэглэхгүй биз дээ?

– Дотныхоо нэг хүнд бэлэглэсэн чинь тэр авахаас эрс татгалзсан. Дээхэн үед эрдэнэсийн нэгэн гайхалтай эдлэлээ тэнгист хаячихсан. Одоо болтол усанд шумбагчид тэрийг минь хайж байдаг гэж сонссон.

– Тийм айхтар үнэтэй цайтай эдлэл үү?

– Гайхалтай. Зуугаад жилийн настай эд. Нэг алдартай хүн хэрэглэдэг байсан зүйл. Гэнэт л тэнгист нэг юм бэлэглэмээр санагдахаар нь өргөчихсөн юм. “Америкт нэг удаа” гэдэг кино үзсэн үү?

– Үзэлгүй яахав?

– Бодит амьдрал дээр сэдэвлэж хийсэн кино шүү дээ. Кинонд Макс гэсэн нэрээр гардаг дээрэмчний цаг л даа. 1990 онд ач хүүгээс нь авсан юм.

 

* * *

– Таны хүрээлэлд зурхайч олон байв уу?

– Энэ зураг дээр Далай ламын Европ дахь оюун санааны төлөөлөгч /духовный представитель/ байна. Орос хэлийг нэг сарын хугацаанд эзэмшээд одоо Новосибирскт лекц уншиж байгаа. Харин энэ бол Төвдийн төрийн оракул.

– Оракул гэж юу юм бэ?

– Бороо орох нь уу, дайн байлдаан болох нь уу гэдгийг Засгийн газрынхаа захиалгаар мэдэж хэлж өгдөг хүн. Онгод нь орох үедээ бие нь хоёр дахин томроно. Дээр нь тавиад кг ачаа тавиад байхад л газраас дээш хөөрөөд байна. Энэ үедээ мэргэ төлгөө хэлнэ. Дуусмагцаа газарт унаж тэндээ хэд хоногоор хэвтэнэ.

– “Уралан” багт Та нэг зурхайч байлгадаг байсан. Хаалгач Филимоновыг зайлуулахыгтэр Танд ятгасан уу?

– Тийм шүү. Надад нэг тийм нөхөр байсан. Одоо ч гэсэн тэр дандаа л зурагтаар гарч байдаг юм.

– Танд хараал хийх гэж байвал Та мэдэрч чадах уу?

– Тэгэлгүй яахав.

– Тэд юу хийдэг юм бол?

– Хар хүч газар сайгүй болжээ. Интернетээс хүний зургийг татаж аваад зүүгээр сэглэнэ. Зарим нь дүрсийг нь гурилаар хийгээд бас л зүүгээр шивнэ. Оршуулгын газарт очиж шинэхэн булшны шорооноос аваад зурган дээр нь цацна. Үүний дараа тэр хүний бие өвдөж, эвгүйрхэж эхэлнэ дээ.

– Тэгэхээр нь яах уу?

– Залбирал хийх хэрэгтэй. Өөрийгөө бүх зүйл ойж харагддаг толин саван дотор байна гэж төсөөлөн бод. Толгой дээрээ зогсох хэрэгтэй. Чам руу муу юм илгээж буй хүний тухай “чамд сайн сайхныг хүсье, чамд аз жаргал хүсье” гэж бодох хэрэгтэй. Би хүүхэд байхаасаа л ямар ч хүнтэй хэрэлдэж муудалцаж үзээгүй. Бизнест ч тэр, улс төрд ч ялгаагүй.

– Таны нөгөө харь гаригийнхны тухай сонсоод зарим хүмүүс шоолж инээлддэг. Алдар нэртэй хүмүүсээс Танд бас иймэрхүү зүйл ярьж байсан тохиолдол бий юү?

– Бий. Жишээ нь, Василий Васильевич Смыслов5 байна. Нэр хүндтэй хүн. Кремльд дэлхийн аваргын тэмцээн нокаут системээр болж байлаа. Хүлээн авалтан дээр Смыслов эхнэр Надежда Андреевнагийн хамт над руу ирээд тохойноос минь татаж холдуулснаа: “Кирсан Николаевич, миний нүд рүү хар. “Свобода” радиогоор ярихыг тань сонслоо. Та харь гаригийнхантай уулзсан гэж хэлсэн. Та үнэн хэлсэн үү? Үнэн үү, худал уу?” хэмээн тулгав. Би ч: “Үнэн шүү дээ. Надад худал ярих шаардлага байхгүй” гэвэл Смыслов лангуу түшин тонгойгоод: “Наденька минь, би Кирсаныг худал яриагүй гэдгийг мэдэж байсан юм. За одоо зөвшөөрчих л дөө” гэв.

– Юуг тэр вэ?

– Харин би ч гайхаж орхисон. Гэтэл Смыслов: “Би 30 жил дуугүй явлаа. Профессор, дэлхийн аварга хүн солиорчихожгэж хэлүүлэхээс айсан юм” гэсэн. Тэгтэл 1974 онд Василий Васильевичхарь гаригийнхантай таарсан юм билээ. Эхнэр нь гэрч. Дэлхийн аваргын төлөө тоглогчийг шалгаруулах тулаанд Хюбнертэй тоглож байгаад өвдчихөж. Өргөө хойшлуулчихаад зочид буудалд орж ирээд гэрлээ ч асааж амжаагүй шахам байтал нэг үл үзэгдэх хүн хойшлуулсан өргийг нь байрлалаар нь өрөөд, цааш нь яаж тоглохыг хэлж эхэлсэн гэнэ. Маргааш нь Смыслов яг тэр хэлж өгснөөр нь нүүгээд хожсон. Нэг хоногийн дараа бүх зүйл дахиад л давтагдсан гэсэн.

– Тэр тухайгаа хэнд ч хэлээгүй хэрэг үү?

– Нэг үе түүний бие ихэд чилээрхэж, удахгүй үхэж магадгүй юм байна гэж бодоод өнөөх явдлын тухай “Наука и религия” сэтгүүлд хэвлүүлэхээр бичиж л дээ. Гэвч удахгүй эдгэрчихээд түүнийгээ санаа нь зовоод явуулаагүй гэсэн. Одоо тэр бичсэн юм нь байдаг эсэхийг мэдэхгүй.

– Харь гаригийнхантай нэг удаа уулзсан тухайгаа л Та их ярьдаг байсан. Тэрнээс хойш дахин тийм юм болоогүй юмуу?

– Та харин сануулчихлаа. Болсон. Нэг удаа Индонез, Филиппин хоёрын дунд нисэж явахдаа тэд дэргэд байгааг мэдэрсэн. Хэдхэн секундын хугацаанд, хоромхон зуур. Нэг л өөр хэмжүүрт орчих шиг болсон. Дэргэд сууж явсан хүмүүст тухайн үед би юу ч хэлээгүй, харин газардсан хойноо хэлсэн. “Яг л усан онгоцон дээр очих шиг” гэж. Тэд хариуд нь: “Дахиад уу?! Бидэнд тэгээд мэнд дамжуулаагүй юу?”.

– Та Саддам Хусейнтэй яаж танилцсан юм бэ?

– 1993ондИракт болсон “Вавилонские ночи” фестивальд би симфони оркестроо явуулж оролцуулаад дараа нь Карповын эсрэг Камскийн тоглолтыг Багдадад зохион байгуулсан юм. Тоглолт болоход би өөрөө тэнд очиж, Саддам Хусейны хүү, Ираны олимпийн хорооны ерөнхийлөгч Удейтэй танилцсан. Төдөлгүй Саддамтай өөртэй нь танилцаж түүний юу бодож, ярьж буйг Оросын удирдлагуудад дамжуулсан. Харин Иракаас би ёстой золоор л амьд гарсан даа.

– Юу гэсэн үг билээ?

– Би Саддамыг зөндөө ятгасан. “Бүх л шалгагчдыг нэвтрэхийг зөвшөөрч байна. Хүссэн болгоноо үзэцгээ, харцгаа! гэсэн мэдэгдлийг шалавхан хийчихээч дээ” гэж.Ирак ямар ч цөмийн зэвсэггүй байсан гэдэг нь одоо бүхэнд ил болсон шүү дээ. Зөвхөн нефть л хэрэгтэй байсан. Америк арав дахин баяжсан. Үүрийн 04.00 цагт Удейтэй хамт Саддамын гэрт очив. Хамгаалалтын албаны дарга, генерал Абель ч ирлээ. Гэтэл гэнэт Москвагаас над руу сансрын холбоогоор: “Наанаасаа түргэн буц. Одоохон бөмбөгдөлт эхлэх гэж байна” гэсэн.

– ТаныгСаддам гаргаж өгсөн үү?

– Нисэх буудал хүргэж өгсөн. Би тэгэхэд нь: “Онгоц бэлэн байна. Хамт нисэх үү?” гэж дахин асуусан. Хэдийгээр бүх зүйл хэрхэн дуусахыг тэр төсөөлж байсан ч гэсэн татгалзсан юм.Жавахарлал Неру Сталинтай уулзсаныхаа дараа түүний тухай “железное воплощение неотвратимого рока” гэж бичсэн байдаг нь өөрийн эрхгүй санаанд минь орж байлаа. Хүн ямар нэгэн логикт захирагдахгүй үйлдэл хийхэд түүнийг ямар нэг юм хөтлөөд, албан хүчээр тэгэж хийлгээд байдаг юм шиг санагддаг. Хуссейны хувьд тийм л юм болсон. Багдадын нисэх буудлын фонон дээр би “Одоохон дайн эхлэх нь ээ” гэж хэлж буй видео бичлэг үлдсэн бий. Москвад буухад VIP заалны зурагтаар Багдадаас яг миний ниссэн онгоц буудлыг Америкчууд хамгийн түрүүнд хэрхэн бөмбөгдөж байгааг үзүүлж байлаа.

– Муаммар Каддафитай6Та шатар тоглодог байсан. Түүнийг хаа ч явсан 40 онгон охин бие хамгаалагч дагалддаг байсан гэсэн үнэн үү?

– Тэнд зөвхөн охид ч бус бас залуус байдаг байсан. Онгон охидын тухайд гэвэл үлгэр домог биз дээ. Гэхдээ үзэсгэлэнтэй, эрч хүчтэй сайхан хүүхнүүд. 2004 онд Триполид болсон дэлхийн шатрын аваргын тэмцээний нээлт дээр оролцогч орнуудын далбааг дандаа Каддафийн ротын хүүхнүүд барьж гарч байсан шүү.

 

* * *

 

– Фишерийн тухай Корчной7: “Дандаа цоожтой хаалганы цаана барьж баймаар ичгүүр сонжуургүй амьтан” гэсэн байдаг. Харин тэр Танд өөр харагдсан болов уу?

– Би Фишертэй танилцсандаа үнэхээр баяртай явдаг. Тэр бол суут хүн. Яг л Ньютон, Эйнштейн, Леонардо да Винчи, Циолковский, Ванга эмээ шиг. Бид анх Будапештэд Андрэ Лилиенталийн8 гэрт тааралдсан юм. Түрс, баншаар даруулсан водка ууж, шатар тоглож, өглөө болтол элдвийн юм ярьцгаасан юм даг.

– Фишер хэр зэрэг тэссэн?

– Шил юм цааш нь харуулсан шүү. Гэхдээ бид хоёрт Лилиенталь тусалсан л даа. Би нэг литр хар түрс авч очсон юм. Фишер нөгөөдөхийг чинь талхан дээр зузаан гэгч нь түрхээд л идээд байсан. Баншинд бол ам ч хүрэхгүй. Наад бол харин банш нь сайхан. Тэр орой Бобби зөндөө уйлсан. Фишерт 100 мянган доллар өгсөн чинь тэр нэг юм хэлэх гэснээ болиод таг дуугүй болчихсон. Архинаас хоёр дараалж татчихаад л дараа нь үг хэлсэн. “Анх удаа л намайг хуурсангүй” гэхдээ нүдэнд нь нулимс цийлэгнэж, хоолой нь чичирч байлаа. Америкт “Бобби Фишерийн сургууль” гэсэн нэвтрүүлэг шинээр нээчихээд түүнд ганц цент ч өгөөгүй. Бичсэн номуудынх нь хөлс мөнгө нь ч яагаад ч юм олдоогүй. 70-аад оны үед Зөвлөлтийн “Физкультура и спорт” гэдэг хэвлэлийн газар Фишерийн “Миний мартагдашгүй 60 өрөг” гэдэг номыг нь 100 мянган хувь хэвлэсэн атлаа түүнд мөн л ямар ч мөнгө өгөөгүй. ЗХУ задран унасны дараа Фишер манай төр засагт хандаж хулгайгаар хэвлэгдсэн номынхоо шагналыг нэхсэн боловч түүнийг эелдэгхнээр зайлуулсан. Би энэ улсын иргэний хувьд шударга ёсыг эргүүлж авчрахыг бодсон юм. Тэгээд л надтай уулзахдаа Фишерийн сэтгэл ийн хөдөлсөн хэрэг л дээ. Тэр ч бүү хэл надтай дөрвөн өрөг тоглохыг зөвшөөрсөн гээч.

– Нийтийн сонгодог шатар уу?

– Шатраа өрж эхэлмэгцээ Фишер ярвайгаад: “Chess is dead”. Шатар үхсэн. Минийхээр тоглоё гэв. Тэгээд бид “Фишерийн” шатар тоглосон юм. Компьютерээс аврагдах боломж гэж өөрийнхөө шатрыг үздэг байсан юм. Нийтийн сонгодог шатарт эхний 10 нүүдэл бүрэн тооцоологдчихсон, бодох шаардлага байхгүй. Блиц тоглоход нэг нүүдэлд хагас секунд л хэрэгтэй. Фишерийн шатарт бол дүрсүүдийг тоглох бүрт тохиолдлын байдлаар ямар ч хамаагүй байрлалаар өрдөг учраас эхнээсээ л бодох шаардлага гардаг.

– Фишер өөрийнхөө бүх өргийг цээжээр мэддэг гэж нэг хүн бичсэн байсан.

– Үнэн байх. Гайхалтай ойтой хүн шүү. Манай сонин сэтгүүлүүдийг байнга уншдаг. Санаанд оромгүй хачин мэдээллийг тогтоочихсон байдаг. Жишээ нь, ЗХУ жилд хичнээн тонн ган хайлуулдаг, хичнээн автомашин үйлдвэрлэдэг гэх мэт. Төрийн Думын депутатуудын тоог ч зөрүүгүй мэднэ. Би бүр гайхдаг байсан.

– Таны өгсөн 100 мянган долларыг тэр юунд зарсан бол?

– Мэдэхгүй. Асуугаагүй. Харин Бобби байнга Филиппин рүү нисдэг байсныг мэдэх юм. Тэнд найз хүүхэн нь байдаг байсан.

– Фишер 64-тэй байхдаа юунаас болж нас барсан юм бол?

– 64 буудал.

– ???

– Шатрын хөлгийн нэг буудалд нэг жил амьдарч явсаар захад нь хүрч, буудал дууссан учраас явахаар шийдсэн байх. Би тэгэж боддог.

– Фишерийг Та суут хүн гэсэн. Өөр тийм суут гэхээр хүнтэй та тааралдаж байв уу?

– Перельман9. Харамсалтай нь би танихгүй. Гэхдээ нэг хүнээр дамжуулж харьцдаг юм. Хагас жилийн өмнө би түүнд нэг сонирхолтой санал тавьсан юм. Хариуг нь хүлээж л сууна.

– Ямар санал вэ?

– Уучлаарай, одоохондоо хэлж боломгүй байна. Перельман бас шатар тоглодог. Тэр маш сонирхолтой хүн. Сая доллараас татгалзсан явдал нь суут нээлтээ мөнгөний төлөө хийгээгүй гэдгээ ойлгуулсан хэрэг байх. Хэдийгээр ард түмэн түүнийг ойлгоогүй байгаа ч гэсэн. Би тэр сэдвээр явсан нэг нэвтрүүлгийг үзсэн. Перельманы хөршүүд, тэр мөнгийг нь аваад ядаж орцондоо засвар хийхэд яадаг байна аа гэцгээж ч байх шиг. Бас зарим нь эмнэлэг, хүүхэд асрамжийн газарт тусламж гуйгаад л. Миний бодлоор бол Перельман зөн совингоо л дагасан байх. Би харь гаригийнхантай холбогдсоноо яагаад ярихаар шийдсэнийг ойлгосон уу?

– Яагаад?

– Бас л зөн совингоор. Түүнээс биш би, за маргааш намайг “Свобода” радиогоос дуудах байх, тэгэхээр нь очоод бүх үнэнээ ярина даа гэж бодоод сууж байгаагүй шүү дээ. Хэн ч миний хэл амнаас татаагүй. Энэ нь хэнд ямар ашигтай юм бэ гэдгийг бодоод үз л дээ. Тэр тусмаа нэг улсын, бас олон улсын нэг холбооны ерөнхийлөгчид. Яах ийхийн зуургүй л: “Өө за за, ногоон өвстэй10 зууралдчихсан хүнийг ямар улсын тэргүүн гэдэг юм бэ? Энэ жаахан “юмтай” байх аа? Түүнийг Кащенко11 руу л явуулбал таарна даа” гэсэн үг яриа тарчихсан. Арваад жилийн өмнө дөө, нэг телевизийн нэвтрүүлэгт уригдлаа. Босоо засаглал гэсэн сэдэвтэй хэлэлцүүлэг. Бүтэн сайн өдөр. Аймшигтай залхуутай нуршаа яриа. Студид нь янз янзын л хүмүүс, нэг испани сэтгүүлч ч байх шиг. Нөгөөх дээрээсээ доошоо чиглэсэн дарга, удирдлагуудын тухай л нуршицгаагаад байх юм. Гэнэт миний тэвчээр алдарч: “Юун вертикаль ярьцгаагаад байгаан бэ? Дээрээс удирддаг хүмүүс байж л байхад” гэвэл “Тэд чинь хэн юм бэ?” гэж байна.“Харь гаригийнхан”. “Та тэдэнтэй арай уулздаг юм биш биз дээ?”. “Уулзалгүй яахав”. Таг чимээгүй болцгоочихдог юм байна. Нэвтрүүлгийн үлдсэн хагас цагт би тэднээр тоглоом наадам хийгээгүй, чин үнэнээ хэлсэн гэдгээ ойлгуулах гэж их хичээсэн шүү.

– Дараа нь харамссан уу?

– Илүү ч юм ярьчихав уу даа гэж дараа нь хальт бодогдсон л доо. Гэхдээ нэгэнт л тэндээс сигнал өгсөн болохоор би чрих ёстой л байсан. Би өөрөө санаанаасаа юм зохиогоогүй юм чинь.

– Зохиолч Андрей Битов цэргээс халагдаад “Бурхны авралаар бас нэг туршлага эзэмшлээ” гэж дуу алдсан гэсэн. Түүнийг уншдаг уу?

– Уншина аа. Миний бодлоор эр хүнд арми ач тустай. Би армид их хатуужсан. “Хал” цэргүүд их зовоодог байсан ч гэсэн. “Хэн байгаагүй нь энд ирнэ. Хэн байсан нь гуталтай 730 хоногийг хэзээ ч мартахгүй” гэж би халагдах үеийн альбомныхоо эхний хуудсанд бичээд хажууд нь маршал Устиновын зураг, бас халагдах тушаалынхаа хуулбарыг наачихсан.

– Та чинь 1980 онд цэрэгт татагдсан. Афганистан явчих ч магадгүй байж дээ.

– Би тийшээ чинь явах гэж хичнээн зүтгэсэн гээч. Анх цэрэг татлагын комисст л Афганистан явуулж өгөөч гэж өргөдлөө бичсэн. Түүнээс хагас жилийн дараа холбооны ангид очсон хойноо дахиж бичсэн. Штабын даргадаа хэлсэн чинь “Дуугүй эндээ албаа хаа” гээд хавьтуулаагүй. Тэнд үлдсэнийх би харин шинэ цэргүүдтэй хэрхэн ажиллах тухай гарын авлага зохиосон шүү.

– Та өөрөө бичсэн юм уу?

– Тийм тийм. Ахлах сержант Илюмжиновын гарын авлага

2011 он. https://www.facebook.com/notes/%D0%B1%D0%BE%D1%80-%D1%88%D1%83%D0%B2%D1%83%D1%83/%D0%BA%D0%B8%D1%80%D1%81%D0%B0%D0%BD-%D0%B8%D0%BB%D1%8E%D0%BC%D0%B6%D0%B8%D0%BD%D0%BE%D0%B2-%D0%B3%D1%8D%D0%B6-%D1%85%D1%8D%D0%BD-%D0%B1%D1%8D-%D1%81%D0%BE%D0%BD%D0%B8%D1%80%D1%85%D0%BE%D0%BB%D1%82%D0%BE%D0%B9-%D1%8F%D1%80%D0%B8%D0%BB%D1%86%D0%BB%D0%B0%D0%B3%D0%B0-%D0%B1%D0%B0%D0%B9%D0%BD%D0%B0/258342250876374

Сурталчилгаа