1990-ээд оны эхээр ардчиллын үнэт зүйлсийг зөвхөн либерал үзэл, философийн үүднээс туйлын өрөөсгөлөөр тайлбарлаж байсан зарим улс төрч Зэвсэгт хүчнийг татан буулгаж, хил хамгаалах алба, цагдаа төдийхөнтэй үлдэхийг уриалж байв. Аз түшихэд эрх чөлөөт нийгмийн үзэл санааг төрт ёс, уламжлал, үндэсний үнэт зүйлсээс зориудаар салган сөргөлдүүлэх сонирхолтой тийм хүмүүсийн дуу хоолой тэгтлээ чанга сонсогдоогүй тэгсгээд дарагдсан юм. Өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчин чухам Монголын шинэ тутам ардчиллын даяаршсан бэлгэдэл болж чадсан ба хориод жилийн өмнө тийнхүү үгүйсгэгчдэд харин юу бодогдож байдаг бол?

Монголын ардчилал олон бэрхшээлийг туулсан. Улс төр, иргэний эрх чөлөөг нийгэм, эдийн засгийн эрх чөлөөгөөр бататгаж чадаагүйн улмаас иргэд төрд итгэх итгэл буурсаар байна. УИХ, Орон нутгийн сонгуулийн ирц давшингуй буурч байгаа нь үүний бэлэн нотолгоо. Ардчиллыг хамгийн муухайгаар харагдуулдаг авлигад Монголын төр, нийгэм бууж өгөх дээрээ хүрээд байна. Хэдий тийм боловч Монголын ардчилал үндэсний зөвшилцлийн хэлбэрийг олж, туйлшрал, мугуйдлалаас харьцангуй ангид байж чадсан ганц том амжилттай. Тэгвэл тэртээ хориод жилийн өмнө өндийх төдий байсан большевик маягийн либерализм өнөөдөр сэхээ авч, өрнөдийн ардчилал дахь хамгийн маргинал хэсгийн лоозон болсон “либертари” гэх мэт нэр томъёог өөртөө наах болов. Энэ удаад харин аливаа улсын оршин тогтнохын амин сүнсийг тээгч тусгай албаар шууд оролдох санаархлаа илтээр, гэхдээ мэхт аргаар гарган тавьж байна.

Аливаа тогтолцооны нэгэн адилаар тусгай алба бол өөрчлөгдөшгүй, шинэчилж болдоггүй зүйл биш. Харин ч түүхэн цаг үеийнхээ бүхий л өрнөлт, аюул эрсдэлийг хамгийн түрүүнд соргогоор мэдэрч байдгийн хувьд өөрөө тасралтгүй шинэчлэгдэж байх учиртай. Гэвч тусгай алба бол халдаж болохгүй, бусармагаар гар дүрж болдоггүй цор ганц зүйл мөн. Тусгай албанд тухайн үндэстэн-улсын чанад ой санамж, цочир мэдрэмж агуулагдаж байдаг. Тиймээс ч өөрийгөө хамгаалах анхдагч цочроог энд хүлээн авч, цааш улбаалан тэсч үлдэх, ялан дийлэхэд шаардагдах хүч, хэрэгслийг энд чандлан хадгалж байдаг учиртай.

Тэгвэл өнөөдөр “Эрх зүйн тогтолцооны шинэчлэлийг гүнзгийрүүлэх” нэрийн дор Монгол Улсын тагнуулын байгууллагыг хэсэгчлэн тасдаж, мөчлөн хуваах санаархлаа хуулийн төсөл боловсруулах гэсэн “соёлжсон” хэлбэрээр түлхэн урагшлуулж байна. Тагнуулын байгууллагыг “төрөл арилжуулах” зорилго бүхий эл төсөлд сөрөх тагнуулыг цагдаагийн гол гол чиг үүрэгтэй (эрүүгийн болон мөрдөн байцаах) нийлүүлэх, гадаад тагнуулыг жижиглэн үлдээхийг зорьж байгаа аж. Хамгийн ноцтой нь хууль санаачлагчид, түүнийг хөхиүлэн дэмжигч хэсгийнхнийг тусгай албаны талаар ямар ч практик мэдлэг, туршлагагүй хүмүүс бүрдүүлж байна. Ихэвчлэн эрх зүйн талын мэргэжилтэй, тэгэхдээ өөрийн бус гадаад улс, орны тусгай албадын талаар онолын төдий нимгэн мэдээлэлтэй тэдгээр хүмүүс тун хязгаарлагдмал хүрээнд өрнөж буй зарим яриа, хэлэлцүүлгийн үеэр үүнийгээ гадаад улсын туршлага, “ардчиллын загвар” мэтээр тайлбарлах болов.

Монгол Улс дэлхий нийтийн хөгжлөөс хоцорч, ганцаардан зожигорч бус хөл нийлүүлэн алхах учиртай. Тэгээд ч монголчууд аливаа шинэлэг зүйлсэд нээлттэй ханддаг, тусган авч өөриймшүүлэхдээ бусад үндэстнээс илүү зоримог байдаг. Хэдий тийм боловч гадны туршлага болгон манай хөрсөнд яв цав сууна, суугаад зогсохгүй нахиалж ургана гэж ойлгож огт болохгүй юм. Нийгмийн аливаа үзэгдэл бол тухайн үндэстний улс төрийн түүхэн замнал, ололт, сургамж, хүн ам зүйн болон нийгмийн соёл, сэтгэлгээний онцлогийн тусгал ба бүтээгдэхүүн байдаг. Тиймээс гадны туршлагыг өөриймшүүлэх гэж байгаа бол тухайн загвар, хэлбэр үүсэн бүрэлдэх болсон түүхэн цаг үеийн нөхцөл, шаардлага, хожмын хувьсал, өөрчлөлт, өнөөгийн ололттой талыг нь төдийгүй доголдол, дутагдлыг нь сайтар ухаж судалсан байх шаардлагатай. Үүн дээр мэдээж улс бүрийн нутаг дэвсгэр, хүн ам, сэтгэлгээний онцлог зэрэг үл хувирах (констант) хүчин зүйлийг заавал харгалзах ёстой юм.

Мөнөөх “их мэдэгчид” маань “АНУ, Германд ийм байдаг. Тийм учир ардчилсан нийгэмд нийцнэ” гэсэн үндсэн гаргалгааг дэвшүүлж байгаа аж. АНУ-ын Тагнуулын төв газар (ТТГ), Холбооны мөрдөх товчоо (ХМТ) бие даасан статустай, өөр өөр чиг үүрэгтэй, өөр өөр харъяалалтай нь үнэн. Дэлхийн олон оронд ч ийм жишиг бий. Гагцхүү ийм тогтолцоо нь ямар нэгэн зайлшгүй хэрэгцээ, шаардлагаас бий болгосон уу, аль эсхүл түүхэн үйл явдлын өрнөлтийн эрхээр өөрөө бүрэлдэн тогтсон уу гэдгийг зааглаж ялгах хэрэгтэй. Мөн өнөөдөр энэ жишгийн давуу талыг олж харахын хажуугаар сул талыг нь ч мөн адил харгалзан үзэх ёстой юм.

АНУ үүссэн цагаасаа хойш тивийнхээ үйл явдлаас бусдыг тэгтлээ сонирхдоггүй, “бусдын хэрэгт хошуугаа үл дүрэх” төрийн бодлоготой улс байсаар ХХ зуунтай золгосон ба энэ нь тус улсын өнөөгийн дүр төрхөөс эрс тэс ялгаатай. Үнэндээ XIX, ХХ зууны заагт л эхлээд Номхон далайн бүс нутагт, удаад нь Европт өөрийн стратегийн сонирхлыг бий болгож түүнийгээ хамгаалах болсон. Тиймдээ ч Дэлхийн нэг, хоёрдугаар дайны үед идэвхжсэн Стратегийн үйлчилгээний албыг эс тооцвол 1947 оныг хүртэл гадаад тагнуулын хүчирхэг байгууллагыг зохион байгуулсангүй. Харин улс орныхоо дотоодод гадаадын тагнан турших, хорлон сүйтгэх үйл ажиллагаатай зохион байгуулалттай тэмцэх шаардлага 1917 онд Орост гарсан хувьсгалтай холбоотойгоор тулгамдсан асуудал болж тавигджээ. Коммунист хувьсгалыг АНУ-д импортлох зорилго бүхий этгээдүүд зохион байгуулалтад орсон тул Ж.Эдгар Хүвэрийн удирдлага дор ХМТ-г байгуулж, Хууль зүйн департаментдаа харъяалуулсан байна. Чингэхдээ нэг талаас төрийн тогтвортой байдал, Үндсэн хуульт байгууллаа ил, далд бүхий л аргаар хамгаалах, нөгөө талаас ардчилсан улсын хувьд коммунист нам, түүнийг дэмжигч, талархагчдыг үзэл бодлоор нь хувьд ялгаварлан хавчихгүй байх гэсэн ацан шалаанд орохоор байсан тул ХМТ-ны эрхлэх ажлын хүрээнд зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийг оруулснаар сөрөх тагнуулын ба хууль сахиулах гэсэн хоёрдмол агуулга бүхий бүтцийг байгуулжээ.

“Хүйтэн дайн”-ы жилүүдэд ТТГ, ХМТ түүнчлэн техникийн тагнуулын үйл ажиллагаа явуулдаг Үндэсний аюулгүй байдлын агентлагийн бие даасан байдал ямар нэг хэмжээгээр зөвтгөгдөж байв. Дэлхийн бүс нутаг бүрт ашиг сонирхолтой, түүнийгээ “эрээ цээргүй” хамгаалдаг их гүрний хувьд байж болох төдийгүй зайлшгүй зүйл гэж ойлгогдож байлаа. Мөн улс төрийн тодорхой хүчин зүйл ч нөлөөлжээ. 1972-1974 онд Ерөнхийлөгч Р.Никсон өрсөлдөгчөө хууль бусаар тагнах зорилгоор тагнуул, сөрөх тагнуулын байгууллагыг улс төрийн зорилгоор ашиглахыг оролдсон “Уотэргейтийн хэрэг” гэгчийн дараа ТТГ, ХМТ-нд бүтцийн болон боловсон хүчний томоохон өөрчлөлтийг хийж, бие даасан байдлыг нь бэхжүүлэх талаар арга хэмжээ авсан байдаг.

Харин 2001 оны есдүгээр сарын 11-ний террорист халдлагыг урьдчилан илрүүлж, таслан зогсоож чадаагүй нь АНУ-ын тусгай албадын хувьд нэр төрийн томоохон цохилт болсон билээ. Энэ хэргийг мөрдөн шалгах комисс тагнуулын хамтын нийгэмлэгт багтах гадаад, сөрөх, техникийн болон цэргийн тагнуулын байгууллагуудын ажлын уялдаа холбоо сул, мэдээлэл цуглуулах, олзворлох, тэдгээрт дүн шинжилгээ хийх нэгжүүд хоорондын мэдээллийн урсгал удаашралтай, байгууллага, нэгжүүд хэт биеэ даасан, харилцан ажиллаж чаддаггүйгээс үүдсэн гэсэн үндсэн дүгнэлтэд хүрчээ. Үр дүнд нь 2004 онд Үндэсний тагнуулын захирал гэсэн шинэ албан тушаалыг ажлын албаны хамт байгуулж, гадаад, сөрөх, техникийн тагнуулын зохиомол зааг ялгааг арилгах, нэгтгэн удирдах чиг үүргийг түүнд өгөв. Мөн Дотоод аюулгүй байдлын департаментыг шинээр байгуулж, хууль сахиулах чиг үүрэг бүхий ихэнх байгууллагуудыг харьяалуулан сөрөх тагнуулын ажлаас заагласан байна.

Дэлхийн хүчирхэг тусгай алба гэгддэг Израилийн Моссад ч бие даасан таван тагнуулын байгууллагыг 1952 онд нэгтгэх замаар үүсэн бүрэлдсэн билээ. Өмнөх тогтолцоо нь хөрш араб орнуудын зүгээс шинэ тутам улсынх нь тусгаар тогтнолд заналхийлсэн дайнаас сэрэмжилж чадаагүй учир ийн нэгтгэн бэхжүүлэх арга хэмжээг Засгийн газар нь авчээ. Өнөөдөр Моссадыг нэн чадварлаг боловсон хүчин, төр, засгийн бүх талын эргэлзээгүй дэмжлэг, нэгдсэн удирдлага, оновчтой зохион байгуулалт нь дэлхийн тусгай албадын дотор онцгойлон ялгаруулж байна.

Энэ мэт дурдвал зохих жишээ олон байгаа ч үүгээр хязгаарлая. Энэ бүгдийг нуршсан нь бусдын туршлагыг хуулбарлахдаа хэлбэр төдийг анхаарч болдоггүйг жишээлэн харуулах зорилго агуулав. Манай орны хувьд ч нийгэм, улс төрийн давтагдашгүй өвөрмөц замналтай, туршлага, сургамжийн аль аль нь арвин тул аливаа шинэчлэлийг гүйцэлдүүлэхдээ өөрийн туулсан зам руу эн тэргүүнд өнгийж харах ёстой билээ.

1922 онд Дотоодыг хамгаалах газар (ДХГ) нэртэйгээр үүсэн байгуулагдсанаасаа хойш Монголын орчин цагийн тагнуулын байгууллага туйлын ээдрээ, нугачаатай зам туулсан. Ард түмнийхээ өмнө байгуулсан гавъяа, үйлдсэн нүглийн аль нь жин дарахыг дэнслэхэд хэцүү энэ байгууллагыг шинэчлэх түүхэн зайлшгүй алхмуудыг 1990-ээд оны эхэнд хийснээр тухайн үеийн Нийгмийг аюулаас хамгаалах яам (НАХЯ)-ыг татан буулгаж тагнуул, цагдаа, хил хамгаалах алба, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг бие даалган зохион байгуулсан юм. Ингэснээр Монголын тусгай алба нь тусгай албаныхаа чиг үүргийг л гүйцэтгэх, харин хууль сахиулах, түүгээр зогсохгүй хэв журам сахиулах болон цэргийн шинжтэй зарим чиг үүргээс салгаж, үзэл сурталгүйжүүлж, улс төрөөс салгаж чадсан түүхэн ач холбогдолтой зайлшгүй шинэчлэл байв. “Тагнуул бол цагдаа ч биш, мэргэжлийн хяналт ч биш, өөр том зорилго бүхий байгууллага” гэх ойлголт нийгэмд хэвшиж эхлэв. Үүнээс ч илүүтэйгээр авторитар дэглэмийн үзэл суртлын, хавчилгын хэрэгсэл, бүр өмнөх түүхэндээ залхаан цээрлүүлэлтийн хэрэгсэл болж байсан сөрөг үнэлэмжээ таягдан хаяж чадсан юм. Ийм шинэчлэл хуучин социалист системийн орнуудынхтай адил төстэй байдлаар хэрэгжсэн ч зарчмын хоёр асуудлаар бусдын туршлагыг шууд хуулбарлалгүй, өөрийн орны онцлог, тухайлбал, цөөн хүн амтай улсын өвөрмөц байдлыг харгалзан үзсэн байна. Нэгд, гадаад тагнуул, сөрөх тагнуулын үйл ажиллагааг задалж, бие даасан байгууллагад харьяалуулалгүй тагнуулын нэгдмэл байгууллагын бүрэлдэхүүнд хэвээр үлдээсэн юм. Хоёрт, ихэнх посткоммунист оронд гүйцэтгэсэн өмнөх дэглэмийн үеийн нууц эх сурвалжийн сүлжээг илчлэх “люстраци” (болхидуухан утгачилбал “гэрэл цохиулах” гэсэн үг) хэмээх үйл ажиллагааг хийхээс татгалзсан явдал юм. Өнөөгийн өндөрлөгөөс харахад эдгээр нь үнэхээр манай орны хүн ам зүйн болон нийгмийн сэтгэлзүйн онцлогоос үүдсэн зөв зүйтэй алхмууд байсан ажээ.

Орчин цагт аюулгүй байдлын салбарын шинэчлэл нь хүний эрхийг хамгаалах, ардчиллыг бэхжүүлэх, тухайн улс орон өөрөө шинэчлэлийг хэрэгжүүлэгч эзэн нь байх, өөрөөр хэлбэл, гаднаас хүчээр тулган хэрэгжүүлээгүй байх гэсэн гурван тулгуур зарчимд суурилах болжээ. Иймд тагнуулын байгууллага ч хууль ёсонд захирагдах, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх нийтлэг зарчмыг мөрдөхийн зэрэгцээ үйл ажиллагааны үр дүн, амжилтыг саармагжуулахгүй байх, тусгай албадын онцлог, шаардлагад нийцсэн зохист тэнцвэрийг хадгалах нөхцлийг ямагт эрэлхийлж байх ёстой юм. Харин өнөөдрийн хэлэлцэгдэж байгаа “шинэчлэл” гэгчид түүхэн ач холбогдол, зайлшгүй чанар огтоос үгүй төдийгүй ноцтой гэхэд дэндүү үй олон үр дагаврыг араасаа дагуулахаар байна. Ялангуяа өнөөгийн нөхцөлд тагнуулын байгууллагыг хэсэгчлэн тасдах нь тусгай албыг хэрэг дээрээ үгүй хийх эрсдэл дагуулна.

Нэгд, сөрөх тагнуулын ажил үндсэндээ зогсоно. Манай улсын эсрэг гадаадын тусгай албадын үйл ажиллагаатай тэмцэх, төрийн эсрэг гэмт хэргийг таслан зогсоох үндсэн чиг үүрэг бүхий сөрөх тагнуулын үйл ажиллагаа цагдаа, мэргэжлийн хяналтынхтай хутгалдана. Манай улсын эдийн засгийн өсөлттэй зэрэгцээд бусад улс, ялангуяа хөрш орнуудын эдийн засагтай харилцан хамаарал нэмэгдэх, түүгээр дамжуулан гадаад улсууд том ашиг сонирхлын үүднээс Монгол Улсын дотоод хэрэгт оролцох, нөлөөлөхийг оролдох, манай төрийн бодлого, шийдвэр гаргалтад шахалт, дарамт үзүүлэх, эдгээрийг гүйцэлдүүлэхийн тулд гадаадын тусгай албадын үйл ажиллагаа идэвхжих нөхцөл бүрдээд байгаа энэ үед үндэсний эрх ашгаа сөргүүлэн тавих хүчин мөхөсдөнө. Улс төр-эдийн засгийн бүлэглэлүүдийн сонирхол үндэсний эрх ашгаас дээгүүр тавигдаж, түүнд сөргөөр нөлөөлөх хандлага байгаа ийм цаг үед тэдгээрт хяналт тогтоох, сарниулах сөрөх тагнуулын хүч, хэрэгслийг тарамдуулан үгүй хийнэ. Хэрэг дээрээ сөрөх тагнуулыг хавчуулах замаар шинээр байгуулах гээд байгаа “Мөрдөх алба” гэгч нь эрүүгийн элементүүдтэй хөөцөлдсөөр цаг, нөөц бололцоогоо барж, үндэсний аюулгүй байдалд эрүүгийнхнээс дутахгүй заналхийлж байгаа “цагаан захтнууд”-тай тэмцэх эрх зүйн, хүч хэрэгслийн, цаг хугацааны ч боломж эрс хумигдаж үгүй болно. Чухам ийм үр дүнд хүргэх улс төрийн сонирхол байна уу гэсэн зүй ёсны хардлагыг төрүүлж байна.

Хоёрт, гадаад тагнуул хүчин мөхөстөж арчигдана. Дэлхийн шинэ дэг журам төгс төлөвшин тогтоогүй, олон төрлийн хүчин зүйлээс хамаарал бүхий тодорхой бус шинж чанартай, дэлхий даяар өрнөж буй улс төрийн үйл явц манай хувьд боломж, бололцооноос илүү эрсдэл, сорилт авчирч байгаа энэ цаг үед манайх шиг жижиг орны хувьд сөрөх тагнуулын дэмжлэгээс таслагдсан гадаад тагнуул гадаад мэдээний агентлаг, орчуулгын товчооны л ажлыг гүйцэтгэх хэмжээнд үлдэнэ. Манай улсын оршин байгаа бүс нутгийн эмзэг байдал нэмэгдэж, улс хоорондын уламжлалт зөрчлүүд арилах бус өсөх хандлагатай байна. Дэлхийн олон бүс нутагт бага эрчимт мөргөлдөөн, улс төрийн дэглэмүүдийн өөрчлөлт ар араасаа цуван хүчирхийллийн элементүүд нэмэгдэх хандлага нэгэнт тогтов. Эдийн засгийн хямралын улмаас хүчний төвүүдийн харьцаа таамаглагдашгүйгээр хувьсан өөрчлөгдөж байна. Иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдэж, даяаршихын хэрээр үндэстэн дамнасан гэмт хэргийн хохирогч төдийгүй оролцогч болох нь эрс ихэслээ. Ийм нөхцөлд жижиг улсын тусгай албад том гүрнийх шиг өөрийн бодлого, ашиг сонирхлоо түлхэх зорилготой сонгодог гадаад тагнуул гэхээсээ илүү үндэсний эрх ашиг, иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалахад чиглэсэн гадаад сөрөх тагнуулын ажлыг идэвхжүүлэх шаардлага тулгарч байна.

Гуравт, дүн шинжилгээний ажил өөрөө утгаа алдана. Үндэсний аюулгүй байдлыг тагнуулын аргаар хангах, түүнтэй холбоотой мэдээллээр төр, засгийн удирдлагыг хангах, түүнд шаардагдах арга хэмжээг төвлөрүүлэн зохион байгуулах хэвийн ажиллагаа үгүй болно. Үндэсний аюулгүй байдлын гадаад, дотоод орчны өрнөлт, өөрчлөлтийн талаар гадаад ба сөрөх тагнуулын чиглэлээр мэдээ олох, тэдгээрийг харьцуулан судлах, нэгтгэн дүгнэх, задлан шинжлэх дүн шинжилгээний ажлын уялдаа холбоо бүрмөсөн алдагдана. “Тагнуулын мэдээний дийлэнх хувийг ил эх сурвалжаас бүрдүүлдэг” гэх нийтлэг яриа байдаг нь ердөө дэлхийн улсуудын тусгай албадын хэрэглэдэг үгэн мэх төдий. Нууц эх сурвалжаас, далд аргаар мэдээлэл олзворлох агентур тагнуулын үнэ цэнийг үгүйсгэх төөрөгдөлд зарим мэргэжлийн бус хүмүүс, шийдвэр гаргагчдыг хөтлөн оруулдгаараа ийм дэл сул яриа ихээхэн хор уршигтай юм. Мөн технологийн хөгжилд хэт найдсанаас хүний оюунд байгаа мэдээллийг олзлох уламжлалт зорилтыг хэт үгүйсгэх, алсаас тандах, сансраас зураг авах зэргээр болзошгүй аюулыг зайлуулж чадна гэсэн бардамнал нь дэлхийн улсуудын тусгай албад шинэ зууны эхэнд терроризмын аюулыг урьдчилан харж чадалгүй “унтаад өнгөрүүлэх”-эд хүргэжээ. Иймээс энэ мэт төөрөгдөлд автахгүй байх нь нэн чухал.

Орчин үед мэдээллийн технологийн хөгжил, мэдээллийн урсгалын хурдац тасралтгүй нэмэгдсээр байгаа нөхцөлд мэдээллийг, ялангуяа явагдаж буй үйл ажиллагаа, тоо, баримтыг нууцлах нь улам бүр хэцүү болж байгаа ч улс орнууд гарт баригдах, нүдэнд үзэгдэх тоо, баримт, сэлт, биет объектыг гэхээсээ илүү хүний уураг тархи, хамтлагийн ой санамжинд л хадгалагдан үлддэг бодлого, сэдэл, зорилгоо нууцлах нь илүү үр дүнтэй гэх хандлагад шилжиж байна. Тиймээс дүн шинжилгээ, технологийн дэвшил хэдий чухал ч агентур тагнуулын ажлыг орлуулах, гүйцэтгэх ажилгүйгээр дүн шинжилгээ хийх тухай яриа байж таарахгүй юм.

Дөрөвт, тагнуулын бусад үйл ажиллагаа тасалдана. Гадаад тагнуул, сөрөх тагнуулын аль алинд нэгдсэн дэмжлэг үзүүлдэг, тэдгээрээс ч илүү нууцлалд байх учиртай техникийн, ажиглалтын зэрэг чиг үүргийг энэ маягаар бас л үгүй хийхээр болж байна. Тусад нь салгасан албадын шифр харилцаа, нууцлалыг ч салгах хэрэг гарна. Бүхий л программ хангамжийг солих, дахин зохиох ажил ундарна. Ингэснээр улсын хэмжээнд төрийн нууцын хадгалалт, хамгаалалтад ноцтой хохирол учирна. Учир нь, нууцад нэвтрэх боломж магадлалын хувьд хоёр дахин нэмэгдэнэ гэсэн үг. Байгууллагын төдийгүй төрийн түүхийн ой санамж болсон, өнгөрсөн жилүүдэд зохиогдсон бүхий л арга хэмжээ төдийгүй эх сурвалжийн талаарх мэдээ, баримт агуулсан тусгай архивын үйл ажиллагааг доголдуулж, хадгалалт, хамгаалалтын горим алдагдана.

Тавд, тагнуулын удирдлага, нөөцийн хямрал үүснэ. Хүний нөөцийн бодлого алдагдсанаар үндэсний аюулгүй байдлын бодлогын залгамж чанарт арилшгүй хохирол учруулна. Хувийн болон байгууллага, нэгжийн жижиг мөчөөрхөл (амбици)-ийг нийтлэг эрх ашиг, том зорилтоос дээгүүр тавих хандлага манай нийгэмд нэгэнт амь бөхтэй тогтсон өнөө цагт салгаж тусгаарласан тусгай албадын харилцан ажиллагаа, үр дүнтэй хамтарсан арга хэмжээ, төлөвлөлт, дүн шинжилгээний тухай ярихын ч аргагүй болно.

Тус тусдаа хэд хэдэн тагнуулын байгууллага бий болгосноор тусгай албадад ногдох төсвийн зарцуулалт өөрийн эрхгүй нэмэгдэж, төсөвт учруулах дарамт нэмэгдээд зогсохгүй татвар төлөгчдийн хөрөнгийг үр ашиг багатай зарцуулахад хүргэнэ. Хамгийн ноцтой нь, тусгай албадын улс төрөөс хамааралт байдал эрс нэмэгдэнэ. 1990-ээд оноос хойш тагнуулын байгууллагын удирдлагыг улс төрөөс аль болох бага хамааралтай болгох эрх зүйн зохицуулалтын эрэл хайгуул тасралтгүй хийгдсээр 2009 онд шинэчлэн баталсан хуулиар ТЕГ-ын удирдлагыг УИХ-ын сонгуулийн бүрэн эрхийн хугацаанаас зөрүүлж зургаан жилээр томилох, удирдах албан тушаалтанд тавигдах шаардлагад улс төрч бус, төрийн жинхэнэ албан хаагч байх зэрэг заалтуудыг оруулж өгсөн нь нэн чухал дархлаа болсон юм. Тэгвэл одоо яригдаж буй хувилбараар лав л “Мөрдөх алба” нь Хууль зүйн сайдын удирдлагад ажиллахаар болж байгаа аж. Тэртэй тэргүй нийгмийн амьдрал дахь улс төр ба улс төрчдийн оролцоо зохих хэмжээ, харьцаанаас хэтэрсэн манай улсад тусгай албаа сонгуулийн коньюктураас хамааруулах нь ямар үр дагавартай болох нь даанч ойлгомжтой.

Ийм олон, арилшгүй хор хохиролтой төслийг санаачлан дэмжиж байгааг тухайн хүмүүс мэдлэг нимгэн, туршлага хомс гэдгээр “уучлан” тайлбарлаж болох л юм. Хувийн бат хатуу итгэл үнэмшилдээ хөтлөгдсөн ч байж болно. Үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоо, хууль сахиулах байгууллагууд үндсэн үүргээ биелүүлж чадахгүй дутагдлыг арилгах гэсэн гэгээн эрмэлзэл, дэвшилтэт улсуудын туршлагыг нэвтрүүлэх гэсэн оргилуун тэмүүлэл ч байж болно. Үүнийг бичигч надад ч гэсэн иймэрхүү санаа төрж, түүнийгээ бусадтай хуваалцаж байсан цаг бий. Харин ямар ч санаа байсан хуулийн төсөл боловсруулах хэмжээнд хүртэл нь хэрэгжүүлэхдээ цөөхөн хүний хүрээнд явцууран “хуйвалдах мэт” ажиллаж байгаа нь дээр өгүүлсэн шиг гэнэн алдаа, дэврүүн сэтгэлийн аль аль нь биш гэх хардлагыг өөрийн эрхгүй төрүүлж байна. Хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт тагнуулын байгууллагаас бэлгэ тэмдэг болгож нэг хүнийг оруулсан ч түүний саналыг тусгах биш, харин олонхиороо түрий барин “унагаж” байгаа тухай Үндэсний тагнуулын академийн эрдэмтэн багш нар өгүүлж байна. Яагаад үндсэн байгууллагаас нь тэнцвэртэй тооны хүнийг төлөөлүүлэн оролцуулахгүй байна вэ? Тагнуулын байгууллагын үе үеийн дарга нарын санаа бодлыг яагаад сонсохгүй байна? Ийм эгзэгтэй асуудал дээр ҮАБЗ-ийн үе үеийн тэргүүн, гишүүдийн дуу хоолойг ч сонсох хүсэл зориг үгүй байна. Ялангуяа ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүмүүс бол манай улсын аюулгүй байдлын салбарын том сэтгэгчид. Өнөөдөр ихэнх нь дипломат албанд зүтгэж байгаа, өөрөөр хэлбэл төр, нийгмийн амьдралд хамгийн идэвхитэй оролцож байгаа хүмүүс атал тэдний мэдлэг, туршлагыг жаахан атугай ч ашиглахыг хүссэнгүй. Аюулгүй байдлын судалгааны чиглэлийн эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, энэ чиглэлээр дагнан ажилладаг судлаачид зохих түвшинд төлөвшин бэлтгэгдсэн атал хэлэлцүүлэг нь Үндэсний тагнуулын академи, Стратегийн судалгааны хүрээлэн, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн зэрэг байгууллагаас зориуд “дөлж” улс төр судлал, хууль, хүний эрхийн чиглэлийн цөөн хэдэн судлаачийн хүрээнд явагдаж байна.

Ингэхээр энэ оролдлого хэнд ашигтай байх вэ гэсэн асуулт өөрийн эрхгүй төрж байна. Лав л Монголын төр, ард түмэнд биш. Харин туйлын ашигтай байж болох хоёр л субъект байгаагийн нэг нь улс төрийн хүрээллийнхэн, нөгөө нь гадныхан болж таарч байна. Энэ өөрчлөлтийг хийснээр ихээхэн суларч доройтсон тусгай алба гэгч юм үлддэг юм аа гэхэд улс төрийн намууд, хувь улс төрчдөөс туйлын хараат болж хоцорно. Тагнуул төрийн хар хайрцагны бус, улс төрийн мөнгөний авдрын хэрэгсэл болж хувирна. Төрийн үйл ажиллагааны бусад салбарт хэдийнэ нэвтэрч, дийлдэхээ больсон үзэгдэл болох хэт улс төржилт, улс төрийн шалгуураар хийх халаа, сэлгээ тусгай албыг бүрмөсөн эзлэн авна. Тагнуулын байгууллагын чандлан хадгалж байх сүүлчийн бэхлэлт болох нууц эх сурвалжийн сүлжээ мөн хуваагдан задарч, улс төрчдийн гарт орно. Засгийн эрхэнд гарсан улс төрийн хүчин тухайн цаг үеийн ашиг хонжоо, хөөрөл, хийрхлээс шалтгаалаад энэхүү сүлжээг нэг бол устгаж үгүй хийх, нэг бол задалж илчлэх сэдэл үүснэ. Ийм “таатай” нөхцлөөс манай улс төр, улс төрчид татгалзахгүй л болов уу. Харин хохирогч нь Монголын төр, ард түмэн байх болно. Би энд “төр, ард түмэн” гэдэг үгийг зүгээр утга уянгын чанартайгаар хэрэглэсэнгүй, бодит, шууд утгаар нь зориуд бичиж байна. Ийм үйлдэл гарах аваас эцэс сүүлд нь нэг бол Монголын төр аюулын олон хүчин зүйлийн өмнө бүрмөсөн хүчин мөхөстөж, харах нүдээ сохолж, сонсох чихээ таглах болно, эс бөгөөс дэлхийн олон улсад гарсан шиг эцэс төгсгөлгүй өс хонзонгийн давалгаанд нийгмээ автуулж цочир түргэн биш, ужиг удаан хямрал самууныг дэгдээнэ.

Эцсийн бүлэгтээ үүнийг манай улсын аюулгүй байдлын орчныг улам эмзэг болгохыг сонирхогч, эрмэлзэгч хүчнүүд хүсэмжлэх нь нэн магадлалтай. Монгол Улс геополитикийн том тоглогч биш хэдий ч дэлхийн эдийн засгийн хуваарьт өөрийн гэсэн байр суурийг аажмаар эзэлж, гео-эдийн засгийн нэгэн тоглогчийн хэмжээнд гарч ирж байна. Гэхдээ үүнтэй зэрэгцээд нийгмийн дархлаа нь сул, аюулгүй байдлын орчин нь эмзэг байна. Яг ийм үед үндэсний аюулгүй байдлаа хангах тогтолцоог нь сайтар сэгсчүүлэн донсолговол дархлаа нь улам суларч, гадны нэвтрэлт, цохилтыг мэдрэмж, эсэргүүцэл багатай хүлээн авах нөхцөл бүрдэх юм. Үүнийг л гадны хүчин, томоохон аж ахуйн нэгж, үндэстэн дамнасан бүлэглэлүүд хүлээж суугаа нь ойлгомжтой.

Улс төрчийн хүрээллийн болон гадныхны ашиг сонирхол ийнхүү нэгнээ нөхцөлдүүлэн уялдаж болохыг маргаангүй үнэн хэмээн нотлохыг энд зорьсонгүй. Тэгж нотлох баримт нь ч надад алга. Гагцхүү ийм үр дагаварт хүргэх вий хэмээн болгоомжлох эрх, ийм зорилго агуулаагүй биз хэмээн хардах эрх надад Монгол Улсын иргэний хувьд ч, энэ салбарын судлаачийн хувьд ч, практик ажилтны хувьд ч байна. Хардах эрх төдийгүй хардах үүрэг нь тангараг өргөсөн албан хаагчийн хувьд бас байна.

1920-иод оны сүүлчээр Зөвлөлтийн Дорно дахины хөдөлмөрчин ардын эв хамтын их сургууль (КУТВ) гэгч дамжааг дүүргэн ирсэн залуу улс төрчид Коминтерны “эздийнхээ” даалгаврыг гүйцэлдүүлэхээр Монголын төрийн эрхийг хуйвалдааны замаар авсан түүхтэй. Тэд тухайн үеийн Монголын нийгэм-эдийн засгийн хөгжлийг Зөвлөлтийн загварт үтэр түргэн шилжүүлэн хурдасгасангүй хэмээн бачимдахдаа үл гүйцэлдэх үй олон туршилтыг хийрхэн гүйцэтгэсэн. Улмаар ДХГ-ыг тусгай албаных нь сонгодог чиг үүргээс улам хөндийрүүлэн улс төрийн залхаан цээрлүүлэлтийн хэрэгсэл гэдэг утгаар лавшруулан атгаж авчээ. Өөрийн хөрсөн дээр буугаагүй хөнгөн хуумгай засвар, түүнийгээ гүйцэлдүүлэхийн тулд тусгай албаа татан оролцуулсан энэ саваагүйтлийн горыг Монголын ард түмэн даанч их үнээр төлөн байж амссан юмсан…

Д.Мөнх-Очир

Advertisements